Гадаад хувьцаанд хэрхэн хөрөнгө оруулах вэ?

0

Энэ удаагийн дугаарт хэдүүлээ нэг шат ахиад, яг хувьцаанд хөрөнгө оруулахад юуг мэдэж байх ёстой, юун дээр анхаарах ёстой талаар мэдэж авцгаая. Кофе, цайгаа бэлдээд тухтай уншаарай. ☕

Товхимлын агуулга:

  • Гадаад зах зээл
  • Хөрөнгө оруулж эхлэхийн өмнө 
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр
  • Хөрөнгө оруулсны дараа

1. ГАДААД ЗАХ ЗЭЭЛ

Гадаад, тэр дундаа АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр дэлхийн шилдэг хэдэн мянган компанийн хувьцаа бүртгэлтэй байдаг. Та ухаалаг байж чадвал хөрөнгө оруулалтын алтан боломжууд тэнд л бий. Товчхондоо хэдэн давуу талуудыг нь дурдъя. 

Боломжоор дүүрэн далай 🌊

Одоогоор дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ $103.2 их наяд хүрч байгаа нь дэлхийн ДНБ-ээс ч илүү юм. Ялангуяа, Америкийн топ хөрөнгийн биржүүд болох NYSE дээр $32.3 их наядын үнэлгээтэй 2,414 компани, NASDAQ дээр $24.6 их наядын үнэлгээтэй 2,998 компани байдаг. Дэлхийн топ компаниуд тэнд л бүртгэлтэй. Тухайлбал, та NYSE-ээс Alibaba (BABA)-ийн хувьцааг, NASDAQ-аас Apple (AAPL)-ийн хувьцааг шууд авах боломжтой. 

Авч, зарахад маш хялбар 👌

Дотоодын зах зээлд хувьцааны авах, зарах захиалга биелэх гэж хэдэн секунд, минут байтугай хэдэн өдөр болох ч тохиолдол бий. Харин гадаад зах зээлд та ийм асуудалд бараг орохгүй. Учир нь тэнд маш их арилжаа явагдаж байдаг учир хувьцааг хэдхэн минут, секундэд арилжих боломжтой байдаг. Тухайлбал, NASDAQ дээр зөвхөн Tesla (TSLA)-ийн хувьцаа гэхэд өдөрт дунджаар 36 сая ширхэг арилждаг гэхээр та ₮100 саяын TSLA-ийн хувьцааг зарах захиалгаа өгмөгц шууд зарагдах боломжтой гэсэн үг. Гэхдээ мэдээж тухайн компанийнхаа хэмжээ, хөрвөх чадварыг судлах хэрэгтэй. Эндээс сонирхсон хувьцаагаа хэр их арилждагийг олж мэдээрэй.

Долларын ханшийн зөрүү 💰

Та гадагшаа хөрөнгө оруулбал төгрөгөө доллар болгох шаардлагатай. Улмаар хэсэг хугацааны дараа мөнгөө хэд дахин өсгөсөн ч бай, алдсан ч бай та мөнгөө Монголд буцаан татаж төгрөг болгож авах байлгүй. Харин тэр үед таны хувьцааны арилжааны ашиг дээр нэмэгдээд валютын ханшийн олз нэмэгдэх боломжтой. Мэдээж долларын ханш өссөн  тохиолдолд шүү дээ.  Сүүлийн 10 жил төгрөгийн доллартой харьцах ханш дунджаар жилд 7%-аар суларч байсан гэхээр магадлалын онол таны талд л байна гэсэн үг. 

2. ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ЭХЛЭХИЙН ӨМНӨ

Та шууд л брокерийн дансаа нээгээд л, мөнгөө шилжүүлээд л, сошиал медиагаар хэдэн юм уншиж байгаад нэг компанийн хувьцаа авахаасаа өмнө гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл, юунд хөрөнгө оруулах болон ямар арга барилаар хөрөнгө оруулах вэ зэргээ тодорхойлох хэрэгтэй юм.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Та амжилттай хөрөнгө оруулагч болохын тулд SMART зорилго тавихыг эрмэлзээрэй. Тухайлбал: 

  • Specific (тодорхой байх): “Хөрөнгө оруулсан ашгаараа дэлхийгээр аялна”
  • Measurable (хэмжиж болохуйц): “2021 онд ХХ удаа арилжаанд оролцож, ХХ хэмжээний ашиг олох”
  • Achievable (хүрч болохуйц): “жил болгон орлогын ХХ%-ийг хөрөнгө оруулснаар ХХ-н жилийн дотор ХХ%-ийн үр өгөөж хүртэх“ 
  • Realistic (бодитой байх): “орлого, зарлагаа ХХ сар, улирал, жилээр төлөвлөж, сэргээж харах, нягтлах” 
  • Time-based (хугацаатай байх): “тэтгэврийн насанд хүртлээ 35 жилийн турш хөрөнгө оруулах”

Жишээ нь, та “Одооноос орлогын 20%-ийг хөрөнгийн зах зээлд, 30%-ийг банкны хуримтлалд гурван жилийн турш байршуулж, улмаар дэлхийгээр аялах мөнгөө олно. Ингэхдээ би NYSE, NASDAQ-аас өөрийн сайн мэдэх технологи, автомашины салбаруудад илүү хөрөнгө оруулна” гэх мэтчилэн зорилго тавьж болно.

 ЭРСДЭЛЭЭ ТОДОРХОЙЛ

Хувьцаа гэдэг бол хуримтлал шиг баталгаатай зүйл биш. Нүдний тань өмнө ханш ихээр өсөж буурахыг та нэг биш удаа харсан байх. Энэ бол байдаг л үзэгдэл. Харин та энэ аймшигтай үнийн хэлбэлзлээс хол байхын тулд эхлээд өөрийн эрсдэлээ тодорхойлох хэрэгтэй. Мөн өөрийн эрсдэлд таарсан санхүүгийн хэрэгсэл, арга барилаа олсны дараа хөрөнгө оруулж эхлээрэй. Таны эрсдэлийн түвшин хоёр зүйлээс хамаарна:

Эрсдэлд хандах хандлагын хувьд:

  • Risk-averse (эрсдэлд дургүй): алдагдлаас зайлсхийх нь ашигтай байхаас илүү гэж үздэг хөрөнгө оруулагч. Тухайлбал, $1,000-ын алдагдлаас амжилттай сэргийлэх нь $1,000-ын ашгаас дээр гэж үзнэ. 
  • Risk-neutral (эрсдэлийг тоодоггүй): эрсдэлд ач холбогдол өгдөггүй хөрөнгө оруулагчийг хэлнэ. Танд 50%-ийн магадлалтай $1,000 олох, 100%-ийн магадлалтай $500 олох сонголтууд адилхан бол та энэ төрөлд багтана. Ялгаагүй $500-ын боломжит ашигтай ч сүүлийн сонголт нь эрсдэлгүй сонголт юм шүү.
  • Risk-seeking (эрсдэлд дуртай): илүү их ашгийн төлөө гал уруу үсрэхээс буцахгүй хөрөнгө оруулагчийг хэлнэ. Алдагдал хүлээхэд бэлэн, ихэвчлэн азаа турших дуртай, speculative хөрөнгө оруулагчид байдаг.

Эрсдэл даах чадварын хувьд:

Таны санхүүгийн бололцоо хэр их эрсдэл даах чадвартайг харуулна. Нас, эд хөрөнгө, орлогоос хамаараад эрсдэл даах чадвар өөрчлөгдөж байдаг. Хэн илүү эрсдэл даах чадвартай вэ:

  • 30 настай, ₮30 саяын банкны хуримтлалтай, ₮3 саяын тогтвортой орлоготой иргэн А
  • 45 настай, ₮10 саяын банкны хуримтлалтай, ₮1 саяын тогтворгүй орлоготой иргэн Б

Энэ жишээн дээр иргэн А харьцангуй санхүүгийн чадамжтай, эрсдэл даах чадвар илүү өндөр байна. 

Эрсдэлд дургүй ч тодорхой хэмжээний эрсдэл хүлээхэд бэлэн, түүнийгээ даах чадвартай бол эрсдэлийн хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байна гэж хэлж болно. Хэт их алдагдал хүлээхгүйн тулд өндөр эрсдэлээс татгалзаж, хэмжээгээ тааруулж хөрөнгө оруулаарай. Мөн та эндээс эрсдэлээ тодорхойлох боломжтой. Ингээд эрсдэлээ тодорхойлсны дараа өөрийнхөө эрсдэлд таарсан санхүүгийн хэрэгслүүд, арга барилаа сонгох юм. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХЭРЭГСЛЭЭ ТОДОРХОЙЛ

Өөрийн эрсдэлээс хамаараад хувьцаа, валют, бондоос гадна индекс, багцалсан нарийн бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулж болдог. Энэ дугаар хувьцааны тухай учраас хувьцаа болон холбогдох хэрэгслүүдтэй нь товчхон танилцъя:

  • Хувьцаа: Зах зээлийн үнэлгээнээс хамааран том ($10 тэрбум >), дунд ($2 – $10 тэрбумын хооронд) болон жижиг ($2 тэрбум <) гэж хуваана. Том компаниуд ихэвчлэн тогтвортой, урт хугацаанд ашигтай, харьцангуй эрсдэл багатай байдаг бол жижиг, дунд компаниуд илүү өсөх бололцоотой, харьцангуй эрсдэлтэй. Мөн зөвлөж хэлэхэд эдийн засгаас үл хамааран ногдол ашгийг цалгардуулалгүй, тогтмол тараадаг хувьцааг олох нь урт хугацаанд ашигтай шүү. Тухайлбал, Johnson & Johnson (JNJ) 58 дахь жилдээ ногдол ашгаа тогтмол тараажээ. Cонирхсон хувьцааныхаа ногдол ашгийн түүхэн өгөгдлийг эндээс хараарай.
  • Mutual Fund: Хөрөнгө оруулагчдаас татсан хөрөнгөөр хувьцаа, бонд худалдан авч эргүүлээд үр өгөөж хүртэх боломжийг олгодог багцалсан сан юм. Компани хувьцаа гаргадагтай адил нэгж эрхийг хөрөнгө оруулагчдад санал болгож ногдол ашиг, орлогоо тараадаг бөгөөд мэргэжлийн шинжээчид судалгаан дээр шийдвэр гаргадаг давуу талтай. Тухайлбал, PGSGX нь АНУ-ын өсөх ирээдүйтэй жижиг компанид хөрөнгө оруулдаг ба одоогоор 127 компанийн хувьцаа эзэмшиж байна. Томоохон хөрөнгө оруулалтын багцалсан сан гаргадаг компаниуд: VanguardBlackrockJ.P.MorganCharles Schwab.
  • ETF (Exchange-Traded Fund): Санхүүгийн хэрэгслүүдийг багцлаад сан үүсгээд түүнийгээ хоёрдогч зах зээлд борлуулахыг хэлнэ. Та аль ч гадаадын биржээс ETF авах боломжтой. Түүнчлэн, сайн хөрвөх чадвартай, ямар нэг зах зээлийн индексийг дагах, дуурайх маягаар багцаа боловсруулдаг учраас үр өгөөж нь тухайн зах зээлээс хамаардаг. 2020 оны байдлаар 7,602  ETF арилжаалагдлаж байгаа бөгөөд эндээс хүссэн ETF-ээ хайж болно. Тухайлбал, IVV-ийн нэгж эрхийг авснаараа та S&P 500 индекс буюу АНУ-ын ТОП-500 компанид нэг дор хөрөнгө оруулаад зогсохгүй хувьчилсан ногдол ашиг хүртэх боломжтой юм.
  • Fund of Fund: Хэд хэдэн багцалсан сангуудыг дахин багцлах юм. Тухайлбал, Vanguard-ийн Balanced ETF Portfolio (VBAL) бүтээгдэхүүн нь 7 төрлийн ETF-ээс бүрдэх ба нийт 12,607 төрлийн хувьцаа, 17,380 төрлийн бондоос бүрдэнэ. Сонин байгаа биз? Уг бүтээгдэхүүн 2/18-ны өдөр $29.245 (CAD)-аар арилжаалагдаж байгаа бөгөөд нэгж хувьцаа нь асар их хувьцаа, бондод шууд бусаар хөрөнгө оруулж болдог давуу талтай. Олон өөр mutual fund, ETF болон хувьцаа гэхгүйгээр ганц бүтээгдэхүүн энэ бүгдийг агуулдаг учраас хөрөнгө оруулагчид дуртай байдаг.

ТОХИРСОН АРГА БАРИЛАА ОЛ

Хамгийн сүүлийн гэрийн даалгавар бол ямар төрлийн арга барилаар хөрөнгө оруулахаа тодорхойлох. Энэ нь өмнөх бичсэн зүйлстэй шууд холбоотой буюу таны зорилго, эрсдэлээс хамаарна. Ерөнхий гурван төрлийн арга барилаас сонгож болно:

  • Актив (Active): Зах зээлд идэвхтэй оролцож байнга авах, зарахыг хэлнэ. Хямд үнээр аваад үнэд хүрэнгүүт зарснаар их хэмжээний ашиг богино хугацаанд олох боломжтой гэж үздэг. Чухам хэзээ аваад хэзээ зарах вэ? Нарийн судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн компани эсвэл асар их зах зээлийн мэдлэгтэй нэгэн энэ асуултад хариулж чадах биз. Та актив хөрөнгө оруулах бол мэргэжлийн зөвлөгөө аваарай. Учир нь мэргэжлийн актив менежерүүд энэ аргачлалыг түлхүү ашигладаг
  • Пассив (Passive): Хувьцаа аваад урт хугацаанд buy-and-hold маягаар хөрөнгө оруулахыг хэлнэ. Байнга арилжих хэрэг гарахгүй учраас зардал багатай, харьцангуй цэвэр өгөөж өндөр
  • Холимог (Blended): Актив, пассив хөрөнгө оруулалтыг хослуулахыг хэлнэ. Тэгвэл яаж зөв хослуулах вэ? Ерөнхийдөө зах зээлийн мэдлэг, эдийн засгаас хамаарна. Та сонирхсон зах зээлээ сайн мэддэг, ашигт боломжуудыг олж харж чадаж байвал тухайн зах зээлд актив хөрөнгө оруулаад бусад зах зээлд пассиваар хөрөнгө оруулж болно. Хөрөнгө оруулалтын орчноо мэдрээд уян хатан байж, хэрэгтэй үед арга барилаа сольж байх нь зөв шүү.

Дээрх графикийг харвал актив буюу идэвхтэй арилжаа хийдэг байлаа гээд өндөр өгөөжтэй ажиллаж чаддаггүй байх нь. Идэвхтэй арилжаа хийхээр илүү шимтгэл, нэмэлт судалгаа шаарддаг учир зардал ихтэй, цэвэр өгөөж бага байх талтай. Тэгэхээр өдөр бүр арилжаа хийгээд авч зараад байх нь бас тийм ч оновчтой биш байх нь.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР

За ингээд бүх гэрийн даалгавраа хийсний дараа гол ажилдаа орно доо. Тэгээд ямар хувьцаа, хэрэгсэлд хөрөнгө оруулах уу? Мэдээж танд ямар ч санаа, оноо буухгүй байж болно. Зүгээр дээ, анхандаа бүгд л тийм байдаг. Тэгэхээр хаанаас гоё хөрөнгө оруулалтын боломжуудын талаар олж мэдэх вэ?

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “ГОЁ” САНАА ОЛОХ НЬ  

Санаа олох маш энгийн байж болно. Та фэйсбүүк, твиттер, инстаграм эсвэл зарим вебсайтуудаас ч санаагаа олох боломжтой: 

  • Сошиал сүлжээ:  savetoinvestshadow_investingsuccessful_stocksvisualcapearningwhispers.  
  • Seeking Alpha: Туршлагатай хөрөнгө оруулагчид сонирхолтой санаа, хувьцааны талаар судалгаагаа олонд түгээдэг Seeking Alpha-гаас та “ГОЁ” санаагаа олох боломжтой.
  • TD Ameritrade: Ямархуу төрлийн хувьцаа сонирхож байгаагаа мэдэж байвал TD Ameritrade-ийн Idea Screening платформыг ашиглаад үзээрэй. Хэрэв та ашигладаг бол шүү дээ. 
  • Motley Fool: Хөрөнгө оруулалтын талаар бүхий л хэрэгтэй мэдээ, мэдээллийг Motley Fool-аас унших боломжтой.

Дээрх хэд бол зүгээр хэдэн жишээ шүү. Интернэт сайн ухаад байвал зөндөө гоё зүйлс байж л байгаа. 

САНААГАА ОЛЧИХЛОО, АВАХ УУ БАЙХ УУ? 

Амжилттай хөрөнгө оруулахын тулд сайн санаа олоод зогсохгүй түүн дээрээ судалгаа, шинжилгээ хийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Мэдээж хэн ч, юу ч гэж онлайнд бичиж болно шүү дээ. Тэгэхээр та нэмээд хувьдаа бяцхан судалгаа хийх хэрэгтэй. Ингээд нэгэн жишээ, санаан дээр тулгуурлаад яаж судалгаа хийж болохыг харуулъя.

Том зургаар харвал (top-down)

  • Макро: 21-р зууны эдийн засгийг технологи, Industry 4.0, AI зэрэг салбарууд тэргүүлж байна. Ялангуяа, сүүлийн үед гэрээс ажиллах, 5G, Үүлэн технологи (Cloud) үйлчилгээ, цахилгаан машин эрчээ аваад байна.
  • Салбар: Харин энэ бүх инновац нь өгөгдлөө сайн удирдахаас шууд хамааралтай. Ер нь “Том” Дата аналитикийн (Big data) компанид хөрөнгө оруулбал ямар вэ? Цар тахлын улмаас энэ зах зээл илүү хурдацтай хөгжих хандлагатай юм шиг санагдлаа.
  • Компани: Тэгвэл ямар компаниуд зүгээр вэ? Хайж үзвэл MDBSPLKPLTRESTCSAP гэх мэт компаниудыг санал болгожээ. Ингээд энэ дундаас хамгийн сайн мэдэх SAP дээр жишээ аваад нарийн судалгаа хийе.

Дэлгэрэнгүй авч үзвэл (bottom-up)

  • Санхүүгийн үзүүлэлт: 2016-2020 оны хооронд цэвэр ашиг нийтдээ 44.7%-аар өссөн ба жилд дунджаар 9.7%-аар нэмэгджээ.
  • Бизнес модель: 440 мянган үйлчлүүлэгч, ~200 сая хэрэглэгчдэд үүлэн технологи, программ хангамжийн үйлчилгээ болон техник тусламж үзүүлж орлогоо олдог. Сар, улирал, жилээр гэрээгээ хийдэг учир тогтмол орлогын эх үүсвэртэй.
  • Өсөх боломж: Co-CEO тогтолцоог больж нэг хүний удирдлага дор ажилласнаар бүтээмжийг өсrөж, шинэ санааг хурдан хэрэгжүүлэх боломж нэмэгдэх магадлалтай. Мөн охин компани Qualtrics IPO хийснээр үндсэн бизнесээ хөгжүүлэх нөөцтэй болж буй. Ойрын 5 жилд үүлэн технологийн үйлчилгээгээ нэмж орлогоо 3 дахин өсгөх том зорилтуудыг тавьжээ. Мөн түүнчлэн сүүлийн 3 жилд R&D зардлаа нийтдээ 40%-аар нэмсэн нь өсөлт авчрах боломжтой.
  • Өрсөлдөөн: бусад ижил компаниудад дээрх байдлаар судалгаа хийн харьцуулан анализ хийх хэрэгтэй. Харьцангуй бат бөх бизнес модель, сайн давуу тал, илүү өсөх ирээдүйтэйг нь сонгоорой.

Дээрх жишээ бол эхлээд том дүр зургаар нь зах зээлийн боломжийг хараад улмаар тухайн салбар цаашлаад тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийг судлах аргачлал юм. Монголын хувьд жишээ авч үзвэл, та Монголд ирээдүйтэй салбар юу байна гэдгийг бодоод тухайн салбарын ХК-ийг судлаж хөрөнгө оруулахыг л хэлж буй юм.  

АВАХЫН ӨМНӨ…

Харьцуулалт хийгээд хамгийн сайныг нь шууд авчих уу? Үгүй шүү. Мэдээж тухайн компанийн сул тал, бусад сөрөг хүчин зүйлсийг бодох хэрэгтэй. Тухайлбал, Seeking Alpha дээр нэгэн хөрөнгө оруулагч SAP-ийн сул талуудыг бичсэн байх жишээний. Мөн тухайн хувьцааг авснаар таны багц илүү төрөлжих эсэхийг шалгаарай. Тухайлбал, аль хэдийн хэд хэдэн төстэй компанид хөрөнгө оруулсан бол тухайн хувьцааг нэмснээр нэг ёсондоо эрсдэлээ нэмж байж болзошгүй юм. 

Магадгүй та өөрөө судлаад байх завгүй, боломжгүй, мэдээлэлгүй байвал:

  • Бэлэн бүтээгдэхүүн: ETF эсвэл Mutual Fund авчихвал та өөрөө нэг бүрчлэн хувьцаагаа судлах шаардлагагүй. У учир нь мэргэжлийн баг таны өмнөөс судлаад шийдвэр гаргаад явна.
  • Бэлэн судалгаа: Ддээр бичсэн Seeking Alpha, Motley Fool-ээс гадна MorningstarZacks зэрэг компаниуд мэргэжлийн судалгаа байнга гаргадаг. 

Нарийн шинжилгээ, судалгааны аргаас суралцаж, хөрөнгө оруулалтын мэдлэгээ ахиулахыг хүсвэл Mergers & Inquisitions-ийг сонирхоод үзээрэй.

БАГЦАА БҮРДҮҮЛ

Хаа хамаагүй тааралдсан дажгүй гэж бодсон хувьцааг авах уу? 

Үгүй ээ, тэр тийм ч оновчтой шийдэл биш. Хөрөнгө оруулахад багц бүрдүүлэх гэж чухал ажил бий. Хөрөнгө оруулалтын багц нь энгийнээр ердөө л таны хөрөнгө оруулсан хэрэгслүүдийн багцыг хэлж буй юм.

Гэхдээ энд анхаарах зүйлс бий.

  • Төрөлжилт: Бүх өндгөө нэг сагсанд бүү хий гэдэгтэй адил та зөвхөн нэг төрлийн хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Нэг нь задарвал та ядаж бусад сагсандаа өндөгтэй үлдэнэ гэсэн санаатай юм. Тиймээс аль болох олон төрлийн зах зээл, салбарт хөрөнгөө байршуулсан нь дээр шүү. 
  • Хуваарилалт: Өөрийн хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлээс хамаараад сонирхсон зах зээл, салбарууддаа яаж хөрөнгөө хуваарилах вэ гэдэг ажил гарч ирнэ. Жишээ нь, та эхний ээлжинд хуримтлалынхаа 10%-аар хувьцаанд хөрөнгө оруулж үзэж болно. Улмаар илүү мэдлэг, туршлагатай болох тусам бага багаар хувьцаанд оруулах хэмжээгээ нэмэгдүүлэхээр шийдэж болно. 

4. ХӨРӨНГӨ ОРУУЛСНЫ ДАРАА

Брокерийн дансаа нээгээд, хувьцаагаа сонгоод, багцаа бүрдүүлээд эхэлчихлээ. Одоо яах билээ?

Хөрөнгө оруулалтын ертөнцөд тавтай морил! 👏👏

Ингээд таны хувьцаануудаа тогтмол хянаж, нэмж авч, эсвэл зарах мөн өөр шинэ боломжуудыг үргэлж эрэлхийлж байх мөнхийн цикл эхэлж байна. Хөрөнгө оруулалт бол марафон юм шүү. Ингээд цаашдаа анхаарч байх гурван чухал зүйлийн талаар товч дурдъя.

Сур, сур бас дахин сур

  • Өөртөө хөрөнгө оруулах: гадаад хувьцаанд хөрөнгө оруулах талаар зөндөө л бичив. Гэхдээ хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол өөртөө хөрөнгө оруулах юм шүү. Тогтмол суралцаж, өөрийгөө хөгжүүлж байснаар та улам л сайн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг болно. 
  • Чанартай эх сурвалж: интернетээр хэрэгтэй хэрэггүй, зөв буруу мэдээллүүдийг бүгдийг нь уншиж цаг бүү алдаарай. Чанартай хэдхэн веб хуудас, платформоос хэрэгтэй мэдээллээ авч өөрийгөө байнгын мэдээлэлтэй байлгах хэрэгтэй. 
  • Дүгнэлт хийх: ногоо тарихад эхлээд үрээ суулгаад, хөрсөө засаад түүнийгээ байнга усалж байж үр шимээ хүртдэг шиг уншсан ном, харсан мэдээллээ байнга эргэн харж тухайн мэдээллийг хэрэгтэй мэдлэг болгон хувиргах чухал байдаг. Санхүүгийн нарийн үнэлгээ, шинжилгээний аргад суралцахыг хүсвэл Mergers & InquisitionsLearn to InvestAswath Damodaran үзээрэй.

Хяна, хяна бас дахин хяна

  • Ханш: авсан болон сонирхож буй хувьцааныхаа ханшийг watchlist үүсгээд байнга хянавал үр дүнтэй байдаг. Брокерийн платформоос гадна MarketWatchYahoo FinanceGoogle FinancePersonal Capital зэрэг газрууд байнгын мэдээ мэдээллээр хангадаг.
  • Компани: хөрөнгө оруулсан компанийн вэб хуудсаар байнга зочилж санхүүгийн тайлан, хэрэгтэй мэдээ мэдээллүүдээ авах боломжтой. Түүнчлэн CEO, CFO зэрэг удирдах албан тушаалтны сошиал медиагаас сүүлийн үеийн мэдээг авах боломжтой.
  • Багц: дээр бичсэн төрөлжилт, хуваарилалтад тодорхой зорилт тавиад тогтмол хянах. Жишээ нь технологийн салбарт нийт хувьцааны 25%-ийг хийхээр зорилт тавьсан бол үүнийгээ байнга шалгаад, илүү байвал хасаад, дутуу байвал нэмээд явах юм.

Хэзээ гарахаа мэддэг бай

  • Мэдээ: Юун түрүүнд мэдээг сайн муугаар ялгаж сурах. Ихэвчлэн гэнэтийн мэдээ ханшийг хэлбэлзэхэд хүргэдэг учраас аль болох онцгой, төсөөлөөгүй мэдээнүүдийг барьж аваад анализ хийх. 
  • Эрсдэл: Муу мэдээг дагаад $25-аар авсан хувьцаа $20 болов. Та зарах уу? Хүлээх үү? Эсвэл бүр нэмж авах уу? Энэ шийдвэр уг мэдээг яаж дүгнэхээс гадна таны өөрийн эрсдэлд хандах хандлагаас шалтгаална. Жишээ нь $15 хүртэл алдагдал даах чадвартай, эрсдэл хүлээхэд бэлэн бол заралгүйгээр хүлээх шийдвэрт хүрч болно. Мэдээж муу мэдээг түр зуурын гэж дүгнэвэл шүү дээ.
  • Гарц: Хэрэв та хамгийн ихдээ $10 алдагдал хүлээнээ гээд хувийн зарчим гаргачихвал stop loss order буюу автоматаар зарах алдагдлын түвшингээ зоож өгч болно. Жишээ нь ханш $25-аас буураад $15 болмогц таны брокер шууд зарна гэсэн үг. 

ЭЦЭСТ НЬ…

Энэ бүхнийг бичээд буй шалтгаан нь та нартаа загас барьж өгөлгүй загас барих аргыг нь заах юм. Эхнээсээ цэгцтэй мэдлэгтэй болчихвол насан туршийн баялаг юм шүү дээ. 

Ийнхүү 2 дараалсан тусгай дугаарыг уншсан таны хувьд анхныхаа хувьцааг авахад илүү дөхөм болж буй гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ ингээд л болчихгүй. Хөрөнгийн зах зээлд оролцож буй хүн байнгын суралцаж, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тийм ч учраас бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын боломжуудыг олон талаас хэлэлцэж, нэг нэгэндээ хэрэгтэй мэдээллийг хуваалцаж, үргэлж суралцаж байдаг тийм л коммьюнитиг үүсгэх зорилгоор фэйсбүүк групп нээсэн. Хэрэв та хараахан элсэж амжаагүй бол энд дараад нэгдээрэй.

Товхимлын 5 сарын 1-ний тусгай дугаараас.Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар ороорой.  

Эх сурвалж:Lemon press.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *