Аккумлятор дахин боловсруулах Монголын анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд долоон мянган тонн буюу 175 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна.
Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгаль орчинд хаягддаг гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна.
Энэ нь нийт хаягдлын 19 орчим хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм.
Эх сурвалж: ЗТХЯ