2023 онд дэлхий дахинд парламентын эмэгтэй гишүүдийн тоо 27 хувь хүртэл өсжээ
Олон Улсын Парламентын Холбооны /ОУПХ/ 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Энэ хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин оролцжээ.
Эмэгтэй парламенчдын форумын 37 дугаар хуралдаан “Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд өрнөж, аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, өөрийн удирдлагат зэвсгийн систем болон хиймэл оюун ухааны нийгэм, хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөллийн асуудлыг хөндөж, гарц шийдлийн талаар зөвлөлдсөн байна.
Оролцогчид жендэрийн тэгш байдлыг хангаж, бүс нутаг, олон улсын түвшинд энх тайвныг бэхжүүлэхэд эмэгтэй парламенчдын манлайлал, оролцоог хэрхэн хангаж, хамтран ажиллах талаар өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Мөн Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэй парламенчдын Удирдах товчооны 2023 оны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэв.
Тус тайланд дурдсанаар, 2023 онд болсон сонгууль, томилгооны үр дүнд дэлхий дахинд эмэгтэй парламентын гишүүдийн эзлэх хувь 26.9 хувь хүртэл өссөн байна. Гэсэн хэдий ч өсөлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад удаашралтай байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед хэд хэдэн нэр хүндтэй эмэгтэй аливаа заналхийлэл, ялгаварлан гадуурхалт, дарамтаас үүдэн улс төрийг орхисон тухай тайланд онцолжээ.
Парламентын тэргүүнээр ажиллах эмэгтэйчүүдийн тоо 2023 оны нэгдүгээр сараас 1.1 хувиар өсжээ.
ОУПХ-ны уг тайланг 52 орны 66 парламентын жишиг, баримтад үндэслэн гаргасан. Өнгөрөгч онд нийт 52 улсад сонгууль болсон бөгөөд шинээр байгуулагдсан парламентын нийт суудлын 27.6 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Үүнээс дунджаар 28.7 хувь нь сонгуулийн пропорциональ болон холимог тогтолцоотой, 11.6 хувь нь мажоритар тогтолцоотой орон байжээ.
Парламентын тэргүүнээр ажиллах эмэгтэйчүүдийн тоо 2023 оны нэгдүгээр сараас 1.1 хувиар өсөж, 23.8 хувьд хүрчээ. Эмэгтэй парламенчдын Удирдах товчооноос дээрх тайланд үндэслэн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог илүү бодитой болгох, жендэрийн тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд оролцогчид 148 дугаар Ассамблейн үндсэн сэдвийг хэлэлцсэн талаарх санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.