Цахим эмч: Хүүхдийн биед хортой бүтээгдэхүүнийг хүүхэлдэйн дүрд хувиргаж сурталчилж байна

0

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд залуучуудад эрүүл хоол, хүнсний орчинг бүрдүүлэх зорилгоор “Fix My Food” олон улсын аяныг  эхлүүлж, Монголын Хүүхдийн зөвлөл, Скаутын холбооны төлөөлөл 30 хүүхдэд эрүүл зөв хооллолт, түргэн хоолны хор хөнөөлийн талаарх сургалт явууллаа.

-Халдварт өвчин богино хугацаанд нийтээр  нь өвчлүүлдэг бол халдварт бус өвчин аажмаар олон өвчний суурь болдог-

Энэ үеэр Цахим эмч ТББ-ын үүсгэн байгуулагч, хүний их эмч Б.Баярбямба “Сүүлийн үед иргэд эрүүл зөв хооллолтын талаар ихээхэн ярьдаг болжээ. Олон нийтийн дунд янз бүрийн хоолны дэглэмийн талаарх ойлголт түгсэн. Гэвч ямар нэгэн дэглэм барих бус тэнцвэртэй хооллох хэрэгтэй.  Эрүүл зөв хооллолт нь хүний эрүүл мэндэд л ач тустай байх ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд харшилдаггүй, сөрөг нөлөөгүй байна гэсэн үг.

Монгол орон цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай, нүүдэлчин соёл иргэншилтэй. Бид эрт дээр үеэсээ уламжлалт хоол хүнсээ идсээр ирсэн. Эл хоолондоо ч дасан зохицсон бие бодгальтай байгаа. Мэдээж ногоо, жимс сайн, ач тустай.  Гэвч хүйтэн сэрүүний улиралд ногоо, жимс сайн гээд бусад хүнсээ идэхгүй байж болохгүй. Тиймээс бид тэнцвэртэй хооллож сурах хэрэгтэй болж байна.   

Монгол хүн уламжлалт хоол хүнсээ орчин цагийн хүнстэй хослуулж хэрэглэх нь зөв юм. Халуун оронд хэрэглэдэг хүнсийг хүйтэн сэрүүн улиралд амьдардаг хүний бие махбод хүлээж авч, зохицож чаддаггүй.  

Манай улсын хүүхдүүд, өсвөр үеийнхэн хүнсний хүчирхийлэлд өртчихсөн.

Хүмүүс гурил идвэл муу гээд байгаа боловч  нийт хоол хүнснийхээ ихэнх хувьд нь гурилыг хэрэглэдэг. Уг нь бид үр тарианы гаралтай хүнсний бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэж, нүүр усаа авах хэрэгтэй. Хамгийн гол нь сонголтдоо л анхаарах нь байна.  Хоёрдугаар гурилд хамгийн их эслэг агуулагддаг бол дээд гурилд цавуулаг их байдаг. Тиймээс бид бүх хүнсийг хослуулан хэрэглэх зарчим баримтлах шаардлагатай. Энэ зарчмыг л ойлгохгүй бол өнөөдөр гурил сайн гэчхээд маргааш нь муу гэж ойлгож болохгүй.  

Манай улсын хүүхдүүд, өсвөр үеийнхэн хүнсний хүчирхийлэлд өртчихсөн. Хүнс үйлдвэрлэгчид, хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд зар сурталчилгаагаар хүүхдүүдийг хүчирхийлж байна. Өөрөөр хэлбэл сахар, нөөшлөгч бодис ихтэй бүтээгдэхүүнийг хүүхдүүдийн хамгийн дуртай хүүхэлдэйн дүрд хувиргаж сурталчилдаг.  

2011 оны судалгаагаар манай улсын 6-11 насны 20 хүүхдийн 1 нь илүүдэл жинтэй байсан бол 2017 онд 7 нь илүүдэл жинтэй гэж нэмэгджээ. Үүнээс үзэхэд хүүхдүүд шимтэй хоол бус хий илчлэг л идээд байсан нь нотлогдож байгаа юм. Хүүхдүүдийн дунд сахарын хэрэглээ маш өндөр бөгөөд чихэрлэг ундаа ихээр ууж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнүүддээ яагаад маш их хэмжээний сахар хийгээд байдаг вэ гэвэл сахараа бууруулчихвал тухайн бүтээгдэхүүний борлуулалт буурчихдаг. Эцэг эхчүүд хортой хүнсний сурталчилгаанд хүүхдүүдээ хүчирхийлүүлж байгаа мэддэггүй, хүнс шүү дээ гэсэн өнцгөөс л харж байна. Гэхдээ энэ бол маш буруу. Бид хүүхдүүдээ зөв хоол хүнс сонгож өгч, тэнцвэртэй хооллолтын талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай байна.  

21-р зуунд хүнснээс болж өвчлөл нэмэгдэж буй. Бид халдварт өвчнийг бол цар тахлын үед маш сайн ойлголоо шүү дээ. Халдварт өвчин богино хугацаанд нийтээр  нь өвчлүүлдэг бол халдварт бус өвчин аажмаар олон өвчний суурь болдог. Үүний нэг жишээ нь чихрийн шижин болон хэв шинжийн өвчлөл юм. Харамсалтай нь өмнө нь чихрийн шижингээр ахимаг насныхан өвддөг байсан бол уг өвчин залуужиж байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний шошго, орц найрлагыг уншиж сурахыг зөвлөж байна. Мөн хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн авахаас илүүтэй гэртээ хоол хүнсээ бэлдэж хүүхдүүддээ өгөх хэрэгтэй” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хоол, тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал “НҮБ-ын Хүүхдийн сангаас “Fix My Food” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Олон улсын хэмжээнд өсвөр үеийнхэн эрүүл зөв хооллолт, эрүүл аюулгүй орчинд амьдрахаа шаардах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болжээ. Энэ ч утгаараа уг уулзалтыг Монголын Хүүхдийн зөвлөл, Скаутын холбооны төлөөлөл хүүхдүүдтэй хамтран зохион байгуулж буй юм.

Манай улсад хүнстэй холбоотой зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хүнс, ундааг сурталчилдаг.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар хамтран таван жил тутамд хүүхдийн хоол тэжээлийн талаарх судалгаа хийдэг.  Монгол хүүхдүүдийн эрүүл хоол хүнс, шим тэжээлийн хүртээмжийн судалгааг хийхэд нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хийжүүлсэн чихэрлэг ундаа уудаг. Мөн 81 хувь нь хангалттай хэмжээгээр жимс ногоо иддэггүй гэж гарсан.  Тиймээс хүүхдийн эрүүл хоол, хүнсний хангамжийн асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай. Хэрвээ үүнийг анхаарахгүй бол цаашид гарах сөрөг үр дагавар өндөртэй байна.

Манай улсад хүнстэй холбоотой зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хүнс, ундааг сурталчилдаг. Тийм учраас монгол хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөхийг хүсвэл энэ асуудалд одоо л анхаарахгүй бол хожимдож байна. Хүүхдүүд үеийнхэндээ болон эцэг эхчүүддээ нөлөөлөхөөр “Fix My Food” аяныг өрнүүлэхээр боллоо. Зөвлөлдөх уулзалтаар хүүхдүүд хамтдаа эрүүл хоол хүнс, хооллолтын талаар найз нөхөд, үе тэнгийнхэндээ мэдлэгийг түгээж, эерэг өөрчлөлт гаргахын төлөө энэхүү нөлөөллийн аяныг Монголд хоёр жилийн турш хэрэгжүүлнэ” гэлээ.

“Эко, сахаргүй гэсэн бичигтэй бүтээгдэхүүн бүр эрүүл байдаггүй” 

Дархан-Уул аймгийн Соёл сургуулийн 10-р ангийн сурагч Б.Амартүшиг “Өнөөдрийн сурталтанд маш олон зүйл сурч авлаа. Сургалтаар өөрийн түүхээ хуваалцсан л даа. Манай аав, ээж намайг бага байхад цэлцгэнүүр их өгдөг байсан. Тэгээд би сургуульд орох үедээ ихэнх шүд маань өвчилсөн байсан. Бүх шүдээ ломбодуулаад, сувгийн эмчилгээнд орж байснаа санадаг юм. Тухайн үед манай аав, ээж цаг хугацаа, санхүүгийн хувьд маш их алдагдалд орсон.  

Эко, сахаргүй гэсэн бичигтэй бүтээгдэхүүн бүр эрүүл байдаггүй. Учир нь хүнс үйлдвэрлэгчид төөрөгдүүлсэн сурталчилгаа, орц найрлагыг нь бичсэн байдгийг мэдэж авлаа. Тиймээс эцэг эхчүүддээ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, орц найрлагыг харж байгаасай гэж хүсэж байна” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Fix My Food” төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь. Энэхүү төсөл нь буруу хооллолтын хор уршгийн талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Монголд иргэдийн дунд буруу хооллолт өндөр байна. Тиймээс энэхүү төслийг Монгол Улсаас эхэлж буй юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд болон өсвөр насныхны дунд хэт таргалалт ямар түвшинд байгааг судалж үнэлсэн. Монголчууд буруу хооллосноор хэт таргалалтад өртөх, үүнтэй холбоотой бусад өвчлөлөөр өвдөх эрсдэл өндөр байна. Энэхүү сургалтаар хүүхдүүд эрүүл зөв хооллолтын талаар сурах гэж ирсэнд би маш баяртай байна. Сурагчдын идэх хоолонд ямар төрлийн орц, найрлага, амтлагч, шим тэжээл орж байгаа нь маш чухал.

Бид хоолон дахь сахарын хэмжээг мөн хэмждэг. Сахар бол таргалалтад нөлөөлдөг гол хүчин зүйл. Гэтэл сургуулийн орчин дахь түргэн хоол, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүний  зар сурталчилгааны нөлөө их байна. Бидэнд үүнийг зохицуулах нарийн хууль хэрэгтэй. Энэ хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран олон санаачилгыг хэрэгжүүлж байна” гэлээ.

Уг аяныг Английн “Bite Back” төрийн бус байгууллага анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Азийн бүс нутгуудад хүүхдүүдэд эрүүл зөв хооллолт, түргэн хоолны хор хөнөөлийн талаар ерөнхий боловсролын сурагчдад сургалт орсон юм.   

Сургалтад эдгээр хүүхдүүд хамтдаа эрүүл хоол хүнс, эрүүл хооллолтын талаар найз нөхөд, үе тэнгийнхэндээ мэдлэгийг түгээж, эерэг өөрчлөлт гаргахын төлөө нөлөөллийн аяныг Монголд хэрэгжүүлэх юм. 

Эх сурвалж:Gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *