Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 23 дугаар сургуулийн сурагчид үзэсгэлэнгээ дэлгэв

0

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29

 Нийслэлийн Ерөнхий Боловсролын 23 дугаар дунд сургуулийн сурагчид гуравдугаар сарын 28-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Эрдэм” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэ нь тус сургуулийн  “Хос уянга” монгол бичгийн клубийн сурагчдын уран бүтээлийн 3 дахь үзэсгэлэн юм.


“Хос уянга” клуб 2014 онд “Айсуй”, 2018 онд “Тэмүүлэл” үзэсгэлэнгээ толилуулж байсан бол ийнхүү гурав дахь удаагийн үзэсгэлэнгээ 3-р сарын 28-30-ны өдрүүдэд, үнэ төлбөргүй дэлгэж байгаа ажээ.


Үзэсгэлэнгийн талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн монгол хэл, бичгийн багш Н.Золжаргалаас тодрууллаа.Та бүхэн үзэсгэлэнгээ хэр хугацаанд бэлтгэв?


-Бид хамгийн сүүлд 2018 онд “Тэмүүлэл” хэмээх үзэсгэлэнгээ гаргаад түүнээс хойш дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэвч цар тахлын улмаас төлөвлөгөө маань хойшлоход хүрсэн.


Энэ удаагийн үзэсгэлэнг хүүхдүүд маань нэг жилийн хугацаанд бэлтгэлээ. Үзэсгэлэнд оролцсон сурагчдын зарим нь 6 жил монгол бичиг, уран бичлэгт суралцсан бол нэг сар бэлдсэн сурагч ч байгаа.


Үзэсгэлэнг сонирхож байхад төгсөгчдийн бүтээл бас харагдлаа?


-Тийм ээ. “Хос уянга” клубийн хүрээнд үзэсгэлэнгээ гаргаж байгаа учраас суралцаж байгаа болон клубийн төгсөгчдөө, багш нараа бас хамруулахыг зорьсон юм. Манай клуб үндэсний монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 


Үзэсгэлэнд нийт хэдэн бүтээл дэлгэсэн бэ?


-Үзэсгэлэнд 30 шахам хүний 60 орчим бүтээлийг толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийнхээ ач холбогдлын талаар юу хэлэх бол?


-Манай энэ  удаагийн болоод өмнөх бүх үзэсгэлэнгийн ач холбогдол гэвэл, ерөөс эдүгээ цагт монгол хэл соёлоо хүүхдүүддээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг суулгах зорилготой. Энэ зорилгоо бид мөн хэрэгжүүлж чадаж байгаадаа баяртай байна. Тиймээс өнөөдөр өөр өөрсийнхөө бичвэр, бүтээл, мөн хамт олноороо бахархсан, аз жаргалтай сайхан өдөр тохиож байна.


Энэ ташрамд, энэхүү сайхан үзэсгэлэнг гаргахад дэмжиж ажиллаж байгаа 23-р сургуулийнхаа захиргаа болон бусад байгууллага, хамт олондоо маш их баярлалаа.

Эх сурвалж: Montsame.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *