СУИС-ийн курсийн ялгаа, дээрэлхэлт дараагийн үеийн туулах ёстой зам мөн үү

0

“Эмоци” продакшны жүжигчин Б.Номин “Baji&Ylalt” влогийн 201 дэх зочноор уригджээ. Жүжигчин эмэгтэй тус ярилцлагынхаа үеэр “Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй” хэмээн ярьсан.

Гэвч нэвтрүүлгийн дараа жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарын доод курст сурч байсан гэх охин тэднийг СУИС-ийн оюутан байх үедээ бусдыг дээрэлхдэг байсан тухай шүгэл үлээв. Харин жүжигчид энэ мэдээллийг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээ илэрхийлээд байна.

Олны анхаарлыг татаад буй энэ сэдвийн хүрээнд СУИС-ийг тойрсон олон асуудал, тэр дундаа курсийн ялгаа их гардаг гэх мэдээлэл цахим орчинд дийлэнх хувийг эзэлж байна. Харин эдгээр үйлдлээ “хүндлэл, диктатур” гэх үгээр халхавчилж, байх ёстой, дагаж мөрдөх учиртай зүйл мэтээр хүлээн зөвшөөрүүлдэг байж болох дүр зураг ч мөн ажиглагдана.

Хэрэв хөндөгдөж буй дээрх асуудал үнэн бол сууриараа тус мэргэжилтнүүдийг бэлтгэж буй сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй холбоотой болж таарна. Өөрөөр хэлбэл “олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг энэ асуудлыг байдаг л зүйл, урлагийн хүний туулах ёстой зам мэтээр өөхшүүлсээр ирсэн бол СУИС гэх том хананы цаана өрнөдөг энэ мэт хүчирхийллийн шинжтэй кэйсүүдийг нуулгүй илчлэх, хариуцлага тооцдог байх чухал.

Үгүй бол энэ сургуульд суралцах чин хүсэлтэй, мөрөөдлөө, ирээдүйн замаа тийш чиглүүлчихсэн яваа, урлагт хайртай дараагийн үеийн олон мянган хүүхэд, залуучууд зүгээ буруулж мэднэ. Иймд салбарын яам нь биш юм гэхэд СУИС иргэдийг зөв мэдээллээр хангах нь зүй болов уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *