Эрх баригчид үзэхийг “хориглоно”
Цусан улаан тасалбар. Бүүдгэр гэрэл. Цав цагаан сандал, хана, бас тайз. Тэгээд хав харанхуй тааз…
Хэзээ мөдгүй аянга цахиж, аадар асгарч, бөмбөгдөлтөд өртөж болзошгүйг дохиолох цаанаа ёозгүй түгшүүрийн ая сэтгэл, санааг түгшүүлнэ. Нэг гарт нүд шиг хэлбэртэй камерны зураг бүхий “Эрх чөлөөний гарын авлага”, нөгөө гарт нөжирсөн цус шиг тасалбар атгажээ. Зохиолчийнхоо амийг “авч” мэндэлсэн энэ зохиол чухамдаа эрх чөлөөний юу эс бол дарангуйлагчийн гарын авлага уу гэдэг танаас, таны хэн болохоос ихээхэн хамаарах аж.
Харин хэвлэгдсэнээсээ хойш 70 гаруй жилийн дараа ч Amazone-ийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, долоон жилийн өмнө “Penguin Random House”-аас New York Times-д мэдээлснээр борлуулалт нь 9500 хувь өссөн гэх энэхүү зохиолыг жүжиг болгон “амилуулах” эсвэл “булшлах” нь “Орфей” театрын уран бүтээлчдээс хамаарах юм.
Тэд улаан хамбан хөшиг нээхгүй, нээхгүй болохоор бас хаахгүй. Учир нь “Улаанбаатар” зочид буудлын их танхимд зассан тэдний тайз тэг голд нь тэгш өнцөгт хэлбэртэй. Тиймээс хөшигний оронд сэтгэл санааныг нь сэмхэн түгшүүрийн төлөвт шилжүүлэх зовиуртай, нүдэнд үл үзэгдэх, чихэнд чийртэй түгшүүр тэдний хөшиг… Хөшигний оронд жүжгийн үзэгдлээс хамааран доош буулгаж, дээш татагдах ор, ширээ тэргүүтнүүд өлгөгджээ.
Натюрморт зурах гэж байгаа зураачийнх гэмээр сэтгэгдэлтэй жүжиг эхлэхийг хүлээнгээ билет болгон өгсөн “Эрх чөлөөний гарын авлага”-ыг эргүүлж тойруулж харав. Ямар дайралтанд өртөх гээд байгаагаа тэндээс там тумхан төсөөлөл авлаа. Тэр гарын авлага үнэндээ Дарангуйллын гарын авлага байв. Эсвэл дарангуйлагдаж байгаагаа таних индикатор ч гэмээр юм уу. Цав цагаан танхимд үзэгчид суудлаа эзлэх үед М.Батболд найруулагч бидний сэтгэхүйг дарангуйлах уу, цэнгүүлэх үү, гутраах уу, гуниглуулах уу эсвэл зүгээр л хоосон хэлбэрдлээр цаг үрэх үү гэдэг харах мөч ирлээ.
..Дэлхий гурав хуваагджээ. Аль нь ч ялгаагүй тоталитари улс юм. Смит бол Океан гүрний Үнэний яамны мэргэжилтэн бөгөөд өөрсдийн дэглэмд таацуулан үнэнийг өөрчлөн гуйвуулдаг намын зааврыг биелүүлэх ажил хийдэг хүн юм. Нийгмийн оюун санааг хяналтандаа байлгадаг тоталитари улсад амьдарч буй хүмүүсийн дотоодын болоод гадаадын дайснаас айх айдаст дөрөөлсөн дарангуйлал хүмүүсийг атгандаа оруулжээ. Бүх зүйл намын зөв. Аливааг тунгаах чадваргүй, эрүүл саруул сэтгэлгээнээс ч айдаг галзуу мэт хүмүүсийн дунд ганцаараа эрүүл саруулаар орших оролдлого хийсэн Смит шиг хүмүүсийг “давхар бодолтон” гэх агаад тэр нь баригдвал ямар ч эргэлзээгүйгээр цааз оногдох төдийгүй түүнээс өмнө тэвчихийн аргагүй яргалалд жам ёсны бүхнийг үгүйсгэн зөвхөн том ахыг чин сэтгэлээсээ хайрлан нүглээ наминчилснаар сая үхэх боломжтой билээ…
Гэрэл унтрав. Дэлгэцүүд асав. Хаа сайгүй үг, үйлдэл бүрийг хянах дэлгэцийн дор бүгд “Ангсоц” гэсэн бичиг бүхий хувцастай олноос цэнхэр формтой дөч гарсан Смит онцгойрон ялгагдах аж. Тэрбээр сунгалтын дасгалд түүртэн арай ядан хийж зогсох бөгөөд түүнийг илүү үр дүнтэй хийхийг дэлгэцээр шавдуулна. Байнга захирсан, тушаасан эмэгтэй жүжгийн турш дэлгэцээр гарах бөгөөд төмөр шиг хөндий хүйтэн дуу хоолой, зэвхий саарал царайнд нь сэтгэл хөдлөл огт илрэхгүй нь цаанаа зэвүүн...
ЗОХИОЛЧ БА НАЙРУУЛАГЧИЙН ХЯЛБАРЧЛАЛ
“1984” романы зохиолч Жорж Орвелл (1903-1950) анхандаа зүүний социалист үзэлтэй байсан хэдий ч хувийн өмчийг үгүйсгэж, зөвхөн нийтийн өмчийг хүлээн зөвшөөрөх коллективизмд эргэлзсэн төдийгүй тэрхүү үзлийг дэвэргэх нь дарангуйлагч цөөнхөд төсөөлж ч байгаагүй эрх мэдлийг олгохыг олж харж, эцэстээ зүүний үзлээсээ татгалзсан түүхтэй. Тэрээр “коллективизм нь ардчилсан зарчимтай огт нийцэхгүй төдийгүй дарангуйлагч цөөнхөд Испанийн инквизаторуудын төсөөлж ч байгаагүй эрх мэдлийг олгодог” хэмээн Фридрих Хайекийн “Боолчлолд хөтлөх зам” бүтээлийн шүүмжиндээ өгүүлсэн нь буй. Түүний зохиолыг жүжгийн зохиол болгох эрхийг авсан зохиолч Сидней Шелдонд бичсэн захидалдаа Орвелл “1984 романы ертөнц гол төлөв коммунизмд тулгуурласан, учир нь энэ нь тоталитаризмын зонхилох хэлбэр. Гэхдээ би коммунизм англи хэлтэн улсуудад маш бат бэх суурьтай байгуулагдаж, одоогийнх шиг Оросын Гадаад харилцааны яамны зүгээр нэг өргөтгөл төдий биш байсан бол нөхцөл байдал ямар байхыг төсөөлөхийг хичээсэн” гэж бичсэн нь хадгалагдаж үлджээ.
Ямартай ч энэхүү бичвэрээр хэдийнээ олонд алдаршсан Орвеллын 1984 романы үйл явдлыг дүгнэхийг оролдсонгүй. Харин Монголын уран бүтээлчид уг жүжгийг хэрхэн ойлгож, хэрхэн уран бүтээл болгосон бэ гэдгийг үзэгчийн хувиар дүгнэх гэсэн гэж хэлбэл зохистой байх.
Орвеллын зохиолыг коммунизмын замаар 70 жил замнасан Монголын хөрсөнд шууд буулгах баримт, өгөгдөл, хэлц, зүйрлэл гээд нөөц боломж хэдийгээр их байгаа ч гэсэн “Ангсоц” гэх үгийг “Монгсоц” болгохоос эхлээд байсан ч жүжгийн зохиолч Я.Баяраа түүнийг тойрон гарчээ. Сонгодог зохиол болтлоо хүлээн зөвшөөрөгдсөн эх зохиолыг эвдэхийг тэр зориогүй бөгөөд харин ч илүү ойлгомжтой хялбарчлахыг хичээсэн нь илт. Ингэхдээ үзэгчдэд ойлгомжтойгоор шууд хүрэхүйц танил үг, үгүүлбэрийг диалогидоо шингээсэн санагдлаа. Жүжиг эхэлмэгц теледэлгэцээр өглөөний дасгалыг эхлүүлэх бөгөөд ингэхдээ “Ангсоц намын эрэгтэй, эмэгтэй гишүүд ээ” гэх нь “БНМАУ” баримтат кинонд гардагчлан маршал Х.Чойбалсан өөрийн дуу хоолойгоор “Эрэгтэй, эмэгтэй ардууд аа” гэдэгтэй ив ижилхэн сонсогдох нь хоржоонтой. Найруулагч М.Батболдод ч хувцас, хэрэглэл, соёл, уламжлал, тэр ч бүү хэл хэллэг ахуйг нь монголчлох бүрэн бололцоо байсан ч тэгсэнгүй. Харин түүний оронд уншихад ч хүнд, сэтгэл түгшүүртэй зохиолыг илүү хөнгөн, ойлгомжтойгоор хүргэхийн тулд хэтэрхий товчилж, дарангуйллын сүр хүчийг үзүүлэх гэж техник, технологийн дэвшил, дуу хөгжим, нүсэр бүрэлдэхүүнээр “зодов”. Тэд үйл явдлын дарааллыг алдахгүйгээр явахыг хичээжээ. Аль аль нь үүнийг гол болгосноос эх зохиолыг нь уншаагүй хүнд амин сүнсийг нь олоход тун чиг төвөгтэй. Дотор хүнтэйгээ байнга ярилцан, бясалгагч Смитийг нийгэмтэйгээ зөрчилдөн буйг “хүн чанар”-аар хөндлөнгөөс өгүүлэх бөгөөд тэр нь зарим хэсэгт байгаа онох бол авсан дүр болгоноо өөрийн болгон өмсөж чаддаг жүжигчид болох С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, өгүүлэхийн урлагийн их мастер Гомбын Равдан, Цэгмэдийн Төмөрхуяг нарыг нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, үзэгчдэд өөрийн дүрийн мөн чанарыг нээхэд хязгаар тавьчихжээ.
Жорж Орвеллийн Жулия дарангуйлалтай өөрийн залуу нас, гоо үзэсгэлэнг ашиглан өөрийн хэм хэмжээндээ үгүйсгэн хариугаа авдаг бол зохиолч Я.Баяраагийн Жулиягийн нууц зэвсэг нь хэзээ ч хувирашгүй хайр сэтгэл аж.
СМИТ VS С.БОЛД-ЭРДЭНЭ
Жорж Орвеллийн Смит туранхай эцэнхийн дээр илүү бодлогоширсон, дотогшоогоо, хаяадаа өөрөө өөртэйгөө ч зөрчилдөн тэмцэлддэг бол найруулагч М.Батболынх илүү нээлттэй, хүүхэд шиг цайлган, хэзээ ч өөрийгөө бариад өгөхөд бэлэн, бас гэнэн Смит аж. С.Болд-Эрдэнэ Смитийн дүрийг гаргахдаа хэрхэн шатаж, шаналж, өрөвдүүлж, хөндүүр мэдрэмж төрүүлэх бол гэж хүлээсэн үзэгчдийн сэтгэл гонсойсон байж магадгүй. Түүнийг илүү тодотгож, хүч чадал, уран чадвараа харуулах монологи дутжээ. Ялангуяа Смитийн дотоод зөрчил, эргэлзээ, бодрол, дотоод хүнтэйгээр ярилцаж буй хэсэгт жүжигчний ур чадварыг харуулах боломжийг олгохын оронд урьдаас бэлдсэн “за кадром” дэлгэцээр гарган үзэгчдийн анхаарлыг хоёрдуулсан нь хайран…
Ялангуяа “С” хэсэгт суусан үзэгчдэд чиглэсэн өсгөгч байрлуулаагүй болохоор өгүүлэмжийг таамаглаж, заримдаа үл ойлгогдоход хүрч байлаа.
Смитийн дүрийг бүтээсэн жүжигчин С.Болд-Эрдэнэд ямар ч хүнд даалгавар үүрүүлсэн төсөөлснөөс дээгүүрт өргөх байсан гэдгийг батлах мэт энгийн жижиг хэсгүүдэд түүний хийж буй үйлдлүүлээс ч анзаарагдана. Хийсэн хоосон, хэнд ч хэрэггүй уриаг аргагүйн эрхэнд хамгаас чанга хашигчин “Том ах мандтугай, том ах мандтугай” гэсээр цөхрөнгөө баран ганцаар үлдэхдээ “Том ах сөнөөсэй” гэж шивнэж буй хэсэг эсвэл нэг үзэгдлээс нөгөө үзэгдэлд шилжих мөчид хамаг хүчээ шавхан хазганаад тайзаар тойрон алхахдаа гаргаж буй царай, алхах тусам хурдал гэж тушаах шиг хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн хэзээ мөдгүй хөлдөө орооцолдон унах гэж буй аятай эв хавгүйгээр яарах түүнийг харсан хэн ч эрхгүй Смитийг өрөвдөж, том ахыг хараал идээсэй хэмээн хашгирмаар…
ЖУЛИЯ VS Д.ГАНЦЭЦЭГ
Смитийн дурлалт бүсгүй, Үнэний яамны албан хаагч, доод намын гишүүн, цэл залуухан Жулиягийн биед Д.Ганцэцэг орж чадсан төдийгүй олны хэсгийн жүжигчдийг харцаараа удирдах нь ямар үүрэг, оройлтой оролцож буйг нь хэлээд өгөх шиг. Үзэн ядах цуглааны хэсэгт давхар бодолтны нулимсыг чинь сэтгэлээсээ арчин өвөвдөж байснаа гэнэт цаазын ял оноохыг уриалан махчин ноход лугаа болсон жагсагчдад хаяж өгөхдөө хэрхэн хувирч буйг нь харахад үзэн ядмаар, бас яаж ч хичээсэн яргын машины өмнө хүн хэрхэн хүнээ байдгаар зөвтгөмөөр. Тийм харгис догшин шулмасын дүрээс үнэнч хайрыг төлөө өөрийн амь насаа ч золиход бэлэн энхрийхэн бүсгүй болох хувирна. Эцсийн мөчид дарангуйллын машинд эрэмдэглүүлэн үхлийн өмнө Смиттэй уулзан явахдаа юу ч ярилгүйгээр үйл хөдлөлөөрөө үзүүлэн буй өгүүлэмж нь хайр дурлалаасаа урвасан Смитийг эрхгүй үзэн ядуулна.
…Хайрын яамны онцгой эрхт мөрдөгч, Дээд намын гишүүн О’Брайны дүрээ жүжигчин Ц.Төмөрхуяг хэрхэн бүтээснийг “Мөнгөн мод” хэлээд өгсөн. Ухаалаг, нууцлаг ноёнтны дүрээс увайгүй, шүдээ зуусан яргачин болох хувирахдаа яг л эх зохиолд дүрсэлсэн шиг эрс шийдэмгий байсан.
Харин жүжгийн хуучны эдлэлийн наймаачны дүрээр халхавчилсан Хайрын яамны тагнуул Ноён Чаррингтоны дүрд тоглосон Г.Равдан өөрийн оногдсон хэсэгт огт анзаарагдалгүй тайзнаа гарч ирсэн шигээ огт анзаарагдахгүй алга болох бөгөөд эх зохиолыг уншаагүй нэгэнд эцсийн үзэгдэл хүртэл ганц ч гэсэн “жинхэнэ хүн” үлджээ гэж баярлуулам төөрөгдөлд хөтөлж чадаж байлаа.
Дээр нь Шинэхэлний мэргэжилтэн, доод намын гишүүн залхмаар Саймыг дүрийг бүтээсэн Мягмарнарангийн Мөнхбат яаж яршиг төвөг удсан, ямар залхмаар байсан гэж санана. Смитийн хөрш Парсонсийн хүүхдүүдэд тоглосон охидыг дурдахгүй өнгөрч болохгүй. Үзэл суртлаар өвч зэвсэглэж, том ахын төлөө ээж, аавыгаа ч юу ч бодолгүйгээр барьж өгөхөд бэлэн охид хэсэг хугацаанд тайзнаа гарч ирэхдээ коллективизм нь хүүхдийг хүртэл ямар догшин араатан мэт болгодог вэ гэдгийг нуруугаар хүйт оргитол харуулна. Эх зохиол дээр Смит илчлэгдээд хоригдож байхад Парсонс охидоосоо болоод хэлмэгдэн шоронд орсон байдгийг жүжигт харуулсангүй. Уг нь энэ хэсэг драматург талаасаа ч ач холбогдолтой атал хэдхэн секундын шивнээ маягаар дэлгэцнээ жирсхийгээд зөрсөн нь роман уншаагүй үзэгчийн хувьд анзаарагдахааргүй байв.
ДУТАГДСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ба ТААРСАН ВАКЦИНЖУУЛАЛТ
Тэдэнд ерөнхий ивээн тэтгэгч байгаагүйгээс бэлтгэлээс гадна санаа зовох зүйл их байсан бололтой. Эсвэл давчуу хугацаанд хавчигдаад алдаа оноогоо дэнслэх боломж байгаагүй юу, ямартай ч бэлтгэл дутуу хангагдсан мэдрэмж төрнө. “Орфей” театрын урьд өмнөх бүтээлүүдээс урган гарсан хүлээлттэй харьцуулахад хэтэрхий товчилсон шиг санагдсаныг эс тооцвол хамгаас чухлаа хайхралгүй орхисон шиг. Гэхдээ зохиол дээр ч, өнөөдрийн Монголын нийгмээс ч харж болох пропагандад эзэмдүүлж буй нийгмийн сэтгэл зүйг хандуулж, ирж буй аюулаас сэрэмжлүүлэх гэсэн тэдний вакцинжуулалт амжилттай болжээ.
Зохиолд гардаг шиг дарангуйлал хаана ч ойрхон байна. Өмнөд хөршид маань царай таних камеруудыг хэзээний ашиглаад эхэлжээ. Тэднийг хэзээний тотолитари тогтолцоотой улс юм гээд өнгөрөөе гэхэд Байдены засаг захиргааны Хуурамч мэдээллийн хянах зөвлөл/Жорж Орвелийн “1984” романы Үнэний яам/ гээчийг байгуулах санаархал нь олны эсэргүүцлээр зогссон.
Монголд ч Хайрын яам гэдэг шиг Түгжрэлийн сайд бий болов. Эрх баригчдын гаргаж буй ааш авир том ахаас дутахааргүйгээр өдрөөс өдөрт өөрчлөгдөн байна.
Автобусаар үйлчлүүлж буй хүмүүсийн бодит тоог гаргана гэх нэрийдлээр толгой тоолдог камер тавив. Цар тахлаар туршилтаа амжилттай хэрэгжүүлсэн төрийнхнийн амнаас нураа, хураа, тараа, тураа гэх үгс олонтаа дуулддаг болов. Дарга давуу эрхтэй, бусад нь дутуу эрхтэй болоод уджээ. Жирийн иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө цагдаад цагдуулдаг болсон бол парламентын танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй давуу эрх тэдэнд үйлчилж байна.
ТЭД ЖҮЖГЭЭ ТАВЬСАН, БИД ЯАХ ВЭ?
“ДАЙН БОЛ ЭНХТАЙВАН” гэдгийг өнөөдөр бодитоор хэрэгжүүлдэг болсон бөгөөд энх тайван тогтоох нэрээр дайн өдөөж буй гүрнүүд дандаа энхийг сахиулах эсвэл тусгай ажиллагаа гэж өөрсдийгөө зөвтгөж байна.
“ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ БООЛЧОЛ” гэдгийг эрх баригчдын хувийн хэвшлийг харлуулахдаа ашигладаг болсон бөгөөд чөлөөт зал зээлийг хяналтгүй тавьбал нэг нь нэгнээ шулна гэдгийг сурталдана. Чөлөөт зах зээлийн мөн чанарыг мушгин гуйвуулсан төр засгууд татвараар иргэдээ боолчилж байна.
ҮЛ МЭДЭХ БОЛ ХҮЧ ЧАДАЛ” гэдэг өнөөдөр Монголд чимээгүй хэрэгжсэн бөгөөд олон нийтийн харанхуй, өрсөлдөх чадваргүй болгохын тулд халамжийн бодлогыг хэрэгжүүлэн тэжээвэр болгож өөрсдөө эрх мэдэлд хүрэх пропогандаа болгожээ.
Эцэстээ тэд аав, ээжийгээ хайрлах хайрыг ч үгүйсгээд эхэлсэн бөгөөд тэр нь хүйсийн олон төрлийг дэмжих байдлаар илрэх ажээ. Хүн төрөлхтөн жам ёсны хоёрхон л хүйс бий атал удахгүй нохой, мууртайгаа гэр бүл болоход бид гайхахгүй болтлоо бэлтгэгдсэн бөгөөд өөрсдийгөө “Хатагтай муур” гэж дуудахыг шаардах цаг ойрхон байна. Яг зохиолд гардагчилан өнгөрсөн үед марксист түүх бичлэгээр өмнөх нийгмээ үгүйсгэж бүхнийг өөрсдийн сурталд нийцүүлэн байсныг байгаагүй, байгаагүй байсан болгодог байв. Өнөөдөр ч иймэрхүү байдлаар л ажиллаж байна. Инфляцийн талаар асуувал 2+2=3, татвар өндөр байгааг шүүмжилбэл 2+2=4, ядуурал нэмэгдлээ гэвэл 2+2=5 гэх статистикийн эрх баригчид гаргадаг болсон билээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд үнэнийг 180 ч биш 360 градус эргүүлээд харыг цагаан, худлыг үнэн болгох нь энүүхэнд.
Тиймээс маш тодорхой нэг зүйлийг ойлгох хэрэг бидэнд тулгарч байна. Учир нь дундын зам ямагт дарангуйлал руу хөтөлдөг бөгөөд шинж тэмдэг нь эхнээсээ илэрчихсэн төр, ялангуяа эрх баригчид хэзээ ч энэ жүжгийг ивээлдээ багтаахгүй.
Харин ч аль болох олон хүнд үзүүлэхгүй байх сонирхол бий. Тийм болохоор төрийн албанд тасалбарын шахаа хийхгүй. Хийхгүй болохоор тус жүжиг орлогоороо тэргүүлэхгүй нь нэгэнт тодорхой бөгөөд харин ч эсрэгээрээ тоглогдохоор тооцсон хугацаагаа ч дуусгаж чадахгүй тайзнаас бууж мэднэ. Эрх чөлөөг эрхэмлэгч хэн болгон энэ жүжгийг үзэлгүй өнгөөрөвөл хайран байх болно.
Тиймээс тасалбарыг нь аваад үз. Үзээд зогсохгүй эх зохиолыг нь унш. Харьцуулан эргэцүүлж, уран бүтээлчдийн сэрэмжлүүлээд буй айсуй аюулаас сэрэмжил. “Том ах чамайг харж байна”.