ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.04) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд Засгийн газар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээд ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хуваарилах хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүхий санг Үндэсний баялгийн сан гэж тодорхойлсон. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн төрөлжсөн сантай байхаар зааж, сангийн эх үүсвэр хуваарилалт Үндэсний баялгийн сангийн талаар Улсын Их Хурал, Засгийн газрын сангийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийн талаар тусгасан гэв.
Хуулийн төслийг боловсруулахдаа бусад улс орны баялгийн сангийн тогтолцоо зохицуулалтыг судалж, олон улсын сайн жишгийг харгалзан үндэсний онцлогт тохирсон Үндэсний баялгийн сангийн зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүй өв сангийн тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг 8 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулахаар тусгасныг Д.Амарбаясгалан сайд танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялаг түүний дотор газрын хэвлэлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн, Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах юм байна. Ирээдүй сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртээх хуримтлалыг бий болгох аж. Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцын суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх баталгаажина хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Үндэсний баялгийн сангийн хуримтлалын гол эх үүсвэр нь төрийн өмчийн болон төрийн өмчит компаниуд болно, АМНАТ нь тус сангийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болох зохицуулалтуудыг оновчтой хэмээн үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн сангийн хөрөнгө нь нийт ард түмний одо мэдэлд байх гэдэг нь тун зөв концепц гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Эрдэнэтийн, Оюутолгойн овоолгыг үнэлж, эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн сангийн хуримтлалын эх үүсвэрийг нэмэх, өөр хувилбаруудыг тооцож, судалж сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байна” гэлээ. Үүний сацуу Б.Баттөмөр гишүүн дэлхийн хэмжээнд 456 Баялгийн сан байгаагийн Хятадын Хөгжлийн сан, Норвегийн Тэтгэврийн сан, Казахстаны Хөгжлийн сан гэх зэрэг 170 нь идэвхтэй, үр ашигтай үйл ажиллагаа явж байгаа жишээг дурдаж байсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төсөл дэх стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулах зохицуулалтын тодруулсан. Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа, эрхээ өв залгамжлах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 10 хувийн татвар ноогдуулдаг хууль одоо үйлчилж байгааг 30 хувь болгон нэмэгдүүлж байгаа талаар Д.Амарбаясгалан сайд хариулт өгөв.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьцаа, эрхээ өв залгамжлах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулдах нь оновчтой эсэхийг судалж, нягтлах саналыг Х.Ганхуяг гишүүн хэлж байв. Үргэлжлүүлэн М.Оюунчимэг гишүүн асуулт асуусан ба ажлын хэсгээс хариулахдаа “Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг Засгийн газар тодорхойлохоор төсөлд тусгасан байгаа. Харин сан хооронд төсөв, хөрөнгө шилжихгүй. Хөгжлийн сангийн хөрөнгө төвлөрсөн тохиолдолд Улсын Их Хурлаас баталсны дагуу төсвийн хөрөнгө оруулалтын хавсралтаар батлагдсан, урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болно” гэдэг хариултыг өгсөн.
Ц.Цэрэнпунцаг гишүүн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авав. Төсөлд “…ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувиар” татвар төлөхөөр болж байгаа зохицуулалт нь нийт уул уурхайн бизнес эрхэлж байгаа, лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжид хамаарч байгаа эсэх, эсвэл зөвхөн төрийн өмчтэй компаниуд, стратегийн орд газруудын тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа эсэхийг тэрбээр тодруулав.
Энэхүү зохицуулалт нь зөвхөн стратегийн ач холбогдолтой орд газрын тусгай зөвшөөрөлд хамаарах бөгөөд одоогоор стратегийн ач холбогдол бүхий 16 орд бий гэдэг хариултыг ажлын хэсэг өгсөн. Төсөл дэх энэхүү зохицуулалтад бусад уул уурхайн лиценз эзэмшигч хамаарахгүй гэдгийг тайлбарласан. Энэ агуулгаа төсөлд тун тодорхой тусгах шаардлагатай, эс бөгөөс тодорхойгүй байдлаас үүдэж төвөгтэй нөхцөл үүсэх эрсдэл гарна гэдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлээд, ажлын хэсгийг анхаарал хандуулахыг хэллээ.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.