ОУВС: Монгол Улс төсвийн бодлогоо өөрчлөхгүй бол гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувиас давах төлөвтэй

0

ОУВС өмнөх тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.5 хувь байна гэж төсөөлж байсан бол энэ удаа эрс ахиулж, 6.5 хувьтай гарна гэж үзжээ

Сонгуулийн жилийн уламжлалт төсвийн тэлэлт, бэлэн мөнгө тараалт, цалин, тэтгэврийн нэмэгдлийн нөлөөлөл эдийн засагт хэзээ, хэрхэн илрэх вэ? Монголбанк болон ОУВС-ийн шинэ төсөөллийг харвал…

Монголбанкны пессимизм

2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө Монголбанк 3.8 хувь болгон бууруулж, зуднаар малын хорогдол өндөр түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад нөлөөлөхөөр байгаатай холбон тайлбарлалаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын оролцоо сүүлийн дөрвөн жилийн хоёрт нь хасах утгатай байжээ.

Өмнөх оны 7.0 хувийн өсөлтөөс даруй 3.2 нэгж хувиар доогуур байгаа энэхүү төсөөлөл оны үлдсэн хугацаанд дахин буурах ч эрсдэлтэйг Төв банк мөн сануулж байв. Өсөлтийн огцом хэлбэлзэл ийнхүү хадгалагдвал эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах тал дээрх сорилтууд арилах гэж удах төлөвтэй.

Харин инфляцын хувьд цалингийн өсөлт, мөнгө тараалт дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны сүүлээр өсөхөд нөлөөлөх ч нөгөө талд гадаад валютын орох урсгал өндөр, импортын бараа, бүтээгдэхүүний эзлэх жин буурч буй тул ирэх онд зорилтот түвшиндээ эргэн орно гэж үзжээ.

Өсөлт яваандаа саарна

Олон Улсын Валютын сан өнгөрсөн оны есдүгээр сард гаргаж байсан бодлогын зөвлөмж бүхий тайлангаа шинэчилж, төсвийн тэлэлт, өрийн менежментээс эдийн засагт ойрын болон дунд хугацаанд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн байна. Тус зээлдэгч байгууллага өмнөх тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.5 хувь байна гэж төсөөлж байсан бол энэ удаа эрс ахиулж, 6.5 хувьтай гарна гэж үзжээ.

2023 оны төсвийн тодотголын бүтэн жилийн нөлөөлөл болон энэ оны цалин, тэтгэврийн нэмэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараалтын нөлөө нь ойрын хугацаандаа өсөлтийг өдөөх төлөвтэй ч ирэх жилүүдээс гадаад хүчин зүйлсийн дарамт нь өндөр инфляцтай хавсарснаар эдийн засгийн өсөлтийг сааруулж эхэлнэ гэж таамагласан байна.

Мөн олон жилийн дараа анх удаа ашигтай гарсан урсгал дансны тэнцлийн хувьд нүүрсний үнийн уналт, импортын бараа, бүтээгдэхүүний өсөлтийн улмаас эргээд томоохон алдагдалтай гарах төлөвтэй тул гадаад валютын албан нөөц 2023 оны сүүл үеийн түвшнээсээ (4.8 тэрбум ам.доллар) төдийлөн өсөхгүй гэж үзжээ.

Харин макро эдийн засаг, гадаад хүчин зүйлсийн тогтвортой байдлыг хангах талд өгсөн бодлогын зөвлөмжүүдийнхээ тэргүүнд төсвийн сахилга батыг онцолжээ.

Реформгүйгээр өөдлөхгүй

Монгол Улс одоогийн төсвийн бодлогоо өөрчлөхгүй байснаар улсын гадаад өрийн хэмжээ дунд хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас давах төсөөлөлтэй байгаагаа анхааруулсан байна. Улсын өрийн динамик нь макро эдийн засгийн “шок”, валютын ханшийн савлагаанд эмзэг хэвээр байгаа тул төсвийн эрсдэл, байгалийн гамшиг, болзошгүй өр төлбөрийн асуудалд хянамгай байх хэрэгтэйг тодотгожээ.

Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдал болон өрийн тогтвортой удирдлагыг хангахад төсвийн сахилга бат нэн чухал болохыг ОУВС дахин сануулж байна. Монгол Улс орлогын хэлбэлзэл ихтэй, түүхий эдүүдээс өндөр хамааралтай, геополитикийн хүчин зүйлсэд өртөмтгийг харгалзан үзэж цалингийн сан, Засгийн газрын санхүүжилт, ХХОАТ-ын шаталсан тогтолцоо, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийг багтаасан цогц суурь бүхий төсвийн реформ хэрэгтэйг зөвлөжээ.

Харин мөнгөний бодлогын талд 2024 оны төсвийн томоохон дэмжлэг нь инфляцыг дахин хөөргөдөх төсөөлөлтэй байгаа учраас мөнгөний хатуу бодлого, макро зохистой бодлогоор дамжуулан дотоодын санхүүгийн одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалах нь зүйтэй аж

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *