Л.Оюун-Эрдэнэ: МАНАН хэмээх системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар байж магадгүй
Өнөөдрийн /2024.04.04/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөн барьсан билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа. Энэ үеэр түүний хэлсэн үгнээс
Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг дүгнэж засч, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар бүх талаар хичээж, авлигалтай нам харгалзахгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүрч байна. Энэхүү тэгш бус, хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм.
Монголчууд бидний итгэмтгий уйдамтгай өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, хувийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж байна. Энэ бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг юм. Баялаг тойрсон луйврын мэдэх хэсэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дархан төмөрлөгийн үйлдвэр болон түүний орд, Оюутолгойн Дубайн гэрээ, “Тавантолгой” компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг болно.
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.
Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.
Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав.
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна.