Э.Бат-Үүл: Бид хулгайгүй, авлигагүй хот ямар их ажил хийж болдогийг харуулсан
Ардчилсан намын “UB-1460” удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Зөвлөгөөний үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл “Бид идэр есийн хүйтэнд хичээллэдэг байсныг өвлийн амралт болгож хэрэгжүүлсэн, бага ангийн багш нарыг урамшуулдаг саятан багш гэдэг зүйлийг бидний үед бий болгож байсан. Эрүүл мэндийн стандарт, орчин үйлчилгээг 2012-2016 онд шинэ технологиор хийж хэрэгжүүлсэн. Бид хулгайгүй, авлигагүй хот ямар их ажил хийж болдогийг харуулсан.
Тэр үеийг бодвол өнөөдрийн төсөв тав дахин их байна. Бидний 2016 онд хийгдээд явж байсан ажлыг 8 жил зогсоочхоод одоо ирж үргэлжлүүлэх ажлыг ярьж байна. Бид газрыг авлигагүй болгосон. Тэр их бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ бол ердөө л авлигагүй болсны орлого байсан. Газрын авлигыг өөрсдөөр нь яриулах хэрэгтэй байна. Засгийн газрын ордны хажуу тал гэхэд л 20 тэрбум төгрөгөөр зарагдсаныг та бүгд мэдэж байгаа. Энэ мөнгө дарга нарын орлого байсныг бид бүтээн байгуулалт руу шилжүүлсэн, зарцуулсан.
1990 оноос хойш Улаанбаатарын төлөөх АН, МАН-ын ач, ач тэмцэл эхэлсэн. Гантөмөр дарга маш тодорхой хэлсэн. Улаанбаатарыг хүчирхэг маш том хот болгох зорилтыг Ардчилсан нам тавьсан. 1990 оноос өмнө залуучууд маань Улаанбаатар руу орох гэж виз авдаг байсан түүнийг бид болиулж чадсан. Чөлөөтэй зорчиж ирэх үүд хаалгыг нээсэн. Үүний зорилго нь асар их хөгжилтэй, хүчтэй хот болгох байсан. Өнөөдөр яагаад Улаанбаатарт KFC орж ирсэн. Энэ бол мега хотод ирдэг зүйл. Өнөөдөр Сибирээс ирсэн Оросууд юу ярьж байна. Үгүй энэ чинь Нью-Иорк болчихсон байна гэнэ. Энэ бүс нутагтаа хамгийн том хот болж байгаа. Энэ боломжийг 2012-2016 онд “АН” тавьж чадсан. Бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх үүд хаалгыг нээсэн.
Та нар “МАН” засаг барьж байх үед гэр хороолол харанхуй байсныг, хүүхдүүд сургуульдаа идэр есийн хүйтэнд харанхуй гудмаар явдаг байсан. Харин “АН” үүнийг шинэчилж чадсан.
2012-2016 онд Улаанбаатарын цагдаа ямар найрсаг, аюулгүй байдлыг хангадаг байсан. Өнөөдөр ямар байдалтай, гэмт хэрэг үйлдэж байна.
МАН улс орондоо хоноцын сэтгэлээр хандаж байна. Манай намын гишүүд эзний сэтгэлээр ханддаг. Алдаа оноо бий ч тийм эзний сэтгэл ямар хүч чадалтай байдгийг 2012-2016 онд харуулсан гэдгийг зориуд хэлмээр байна.
Ардчилсан нам ийм л эрүүл сэтгэдэг, рационал. МАН бол хэзээ ч чадахгүй. Өнөөдрийн харж байгаа Улаанбаатар манай намын бий болгосон өнгө төрх юм шүү. Т.Батцогт даргадаа, залуучууддаа бидний эхлүүлсэн ажлыг гүйцээхийг хүсэж байна. “АН” Японы Засгийн газарт санал тавьсан. Асар их шилжилт хөдөлгөөний үед хот төлөвлөлтийг социалист арга барилаар хийж болохгүй. Дахиад 8 жил Улаанбаатар хот унтвал тэсэж дийлэхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро гээд бүгдийг тэд зогсоосон” гэлээ.