“Ирэх дөрвөн жил Н.Энхбаяраас их зүйл шалтгаална”
Эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай одоогийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Дөрвөн жилийн өмнөх амлалтаа биелүүлсэн болж саяхан цалин, тэтгэвэр 10 хувиар нэмчихлээ. Хувьцааны ноогдол ашиг тарааж байна. “Нөгөө муу төгрөгөө бүр л цааснаас дор болгох нь” гэж эдийн засагчид ярьж халаглах юм. Энэ үйлдэл эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна?
-“Дөрөвдүгээр сарын 1” юм даа, тийм ээ…
-Нээрээ л “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1” болох байх даа?
-Өнгөрсөн дөрвөн жилийн турш “дөрөвдүгээр сарын 1” болж молигодож байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд нэмсэн боллоо. Гэтэл эрх барих хугацаандаа төгрөгийн ханшийг хоёр дахин буюу 200 хувь унагачихсан. Тиймээс энэхүү 10 хувийн нэмэгдэл бол хусам долоолгож байгаатай адил зүйл. Ер нь 2008 оноос хойш сонгуулийн өмнө төр барьж буй намын /хамтарсан засгийн газраас эхлэлтэй/ засгийн газар мөнгө тараадаг гажиг тогтолцоо бий болсон. 2012 оны тавдугаар сард Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн болон МАН-ын дарга С.Баяр нарын 2008 онд амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар /Шадар сайд нь Н.Алтанхуяг/ БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Тавантолгойн нүүрсээ барьцаалж 350 сая ам.долларыг авч тараасан. Тэр өрийг саяхан төлж дуусгасан. Дараа нь, Ч.Сайханбилэгийн засгийн газар 2016 оны тавдугаар сард “Сайн хашаа” , “Сайн оюутан” нэрийн доор Монголбанкаар 600 тэрбум төгрөг хэвлүүлж тараасан. Өнөөдөр энэ нь Монголбанкны өрийн дансанд байж л байгаа. Нэг ч төгрөг төлөөгүй. Бас нэг нөхөр ахмадын зээл тэглэж байсан…720 тэрбум төгрөгөөр…
-Ерөнхийлөгч Х.Баттулга автор нь. Гэхдээ тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газар болон УИХ гүйцэлдүүлсэн шүү дээ?
-Тэр мөнгө Монголбанкны өрийг нэмсэн. Энэ мэт их мөнгө зээлээр авч тараасан балгийг нэг ч Засгийн газар төлөөгүй. Нүүрсээрээ төлсөн 350 сая ам.долларыг эс тооцвол шүү дээ. Энэ бол улс төрийн эрх мэдэл олж авахын төлөө нийтийн санхүүг дур зоргоороо ашигладгийн ганц нэгхэн жишээ юм. Үүний дараа юу болдог вэ гэхээр төгрөгийн ханш унана, инфляц өснө. Мэдээжийн хэрэг, сүүлийн арван жилийн төгрөгийн ханшийн энэ их уналт, инфляцийн өсөлт, мөнгө хэвлэж тараасны балгийг жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд л үүрсэн. Энэ их алдагдлуудыг саяхан нэмсэн 10 хувийн цалингийн нэмэгдэл, ноогдол ашиг тараалт нөхөж чадахгүй. Шальтай юм болохгүй. Сонгуулийн л чимэг юм даа.
–Бизнес эрхлэгчид Татвар болон Нийгмийн даатгал, ялангуяа таны санаачилсан НӨАТ, Гааль, онцгой албан татвар, огт хэрэглээгүй сэргээгдэх эрчим хүчний хураамж гээд татуулсаар орлогынхоо 60 орчим хувийг дээрэмдүүлдэг…
-Энэ бол цэвэр Ерөнхий сайдын болон засгийн газар кабинетаараа хийх ёстой ажил. Ерөнхий сайд маань эдийн засгийн салбарын хүн биш учраас өөрийнх нь хийх ёстой ажлууд, дэвшүүлж байгаа зорилтуудад түүний танхим болон манай эдийн засагчид, мэргэжилтнүүд зөв мэдээлэл, зөв аргачиллаар хандаж өгөх нь чухал байна.
Таны асуусан олон татвар, даатгалуудыг иргэн, компанид ачаалал багатай, уян хатан, системийн хувьд логик холбоотой байх цогц шийдлийг миний бие дэвшүүлж, ажил болгох гэж явдаг юм. Уян хатан байдлаар алийг нь тэглэх вэ, алийг нь бууруулах вэ гэдэг бaлансыг нь байнга барьж байх ёстой. Жишээлбэл, АНУ-д хувь хүний орлогын албан татвар өндөр байдаг. Гэхдээ ихэнх хувийг нь буцаагаад өгчихдөг. Ингэхдээ компанийн орлогыг нь бүртгээд авчихдаг системтэй. Бид 2015 онд НӨАТ-ын шинэ системийг хийхдээ иргэдэд тухайн татварын 20 хувийг буцаан өгөх зорилгоор хийснээр бусад татварын орлогыг нэмэгдүүлж, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдэд аль алинд нь ашигтай байх логик дээр суурилж хийсэн.
НӨАТ-ын гайхамшигтай ололт дээр тулгуурлаад бусад татвар, даатгалын төрлүүдийн тоо хэмжээг зохицуулах удирдаач нь Ерөнхий сайд. Гэтэл Ерөнхий сайд маань буруу мэдээлэл, буруу аргачиллаар хандаад байна. Энэ нь, Сангийн сайд С.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой. Эд нар татвар, даатгалын чиглэлийн реформ хийж байгаагүй.
Миний хувьд 2005 оноос хойш татварыг судалж алдаа оноог нь хууль эрх зүй, эдийн засгийн хувьд засч залруулж, тухайн үеийн засгийн газруудтай хамтран ажиллаж байсан/2008 оны хямрал, 2013-2015 оны уул уурхайн хямралын үед/. Тухайн үеийн эрх баригч ардчиллын залуучуудтай Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, НӨАТ-ын шинэчилсэн хууль, HӨAT-ын системийг хийсэн. Харин энэхүү шинэ реформын үр дүнг нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар л хүртсэн. Оюутолгойн далд уурхайн үр шимийг ч тэд хүртсэн. Нийт зургаар нь авч үзвэл татвар, даатгал, нийгмийн сангийн чиглэлд реформын шинжтэй хийсэн зүйл Л.Оюун-Эрдэнийн хувьд маш бага. Үнэнийг л ярих хэрэгтэй.
Сангийн сайд нь ажлаа мэдэхгүй учраас УИХ-ын дарга Г.Занданшатар аргаа бараад НӨАТ-ын 50 хувийг иргэдэд буцааж өгөх хуулийн төслийг санаачилсан. Гэтэл энэ зөв санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэх ёстой Засгийн газар нь хэдхэн сарын өмнө унагачихсан. Энэ бол татварын шинэ системийн ололтой талыг ашиглаж далд эдийн засгийг ихээр хумих боломжоос Сангийн сайд нь оройлон зугтсан тод жишээ болж түүхэнд үлдэнэ.
-НӨАТ-ын автор нь та. Харамсалтай нь, энэ системийн балгаар иргэд төрд дээрэмдүүлж байна. Та түүнийг хүсээгүй байх. Буруу угсарсан юм уу, яагаад ийм байдалд хүрчив?
-Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн засгийн газрууд энэ системийг хийгээд, асаагаад Ардын намд хүлээлгэж өгсөн. МАН-ын нөхдүүд тэр үед НӨАТ-ын машин, сонгуулийн хар машиныг шатаана гээд 2016 оны тавдугаар сард талбай дээр зогсч байсан. Одоогийн Сангийн сайд хийж байгаа нөхөр ч байсан шүү дээ. Та бүхэн санаж байгаа. Миний бие МАН-ын хулгайч, худалч нарыг дэмжихгүй шүү” гэсэн гарчигтай хоёр нүүр бүхий ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлүүлж байлаа. Гол зорилго нь ямар ч ойлголт, мэдлэггүй хүмүүс сонгуульд эрх мэдэл олж авахын тулд НӨАТ-ын шинэ системийг маань устгах тухай улайран худлаа ярьж байсан болохоор тэр ярилцлагыг өгсөн. МАН эрх барьсан /2016-2019/ эхний гурван жилдээ HӨАТ-ын шинэ системээр бий болсон датаг/өгөгдөл/ эдийн засагт ашигтай байдлаар хэрэглэх алхамыг огт хийгээгүй. Уг нь тухайн үед бидний хийсэн системийн үр өгөөжийг иргэд маань хүртэж эхэлсэн. 2017 онд 47 тэрбум, 2018 онд 160 тэрбум… 2023 оны байдлаар нэг сая иргэн нэг их наяд төгрөгийн буцаан авалт авсан учраас энэ системийг зогсоолгүй ажилласан.
Энe бүртгэлийн системийн их өгөгдлийг эрх баригч нар эдийн засагт ашиглахаасаа илүү иргэн, аж ахуйн нэгжээ хянах, дарамтлах аймшгийн систем болгон ашиглаж байна. Хуучин коммунист зан нь хөдлөөд явбал энэ нь бидний 34 жилд олсон зах зээлийн бүх үнэт зүйлсийг байхгүй болгоно.
Сайн багш хүн маш нарийн мэдлэгийг шавьдаа сургахын тулд шавиа асар их судалдаг. Үүнтэй адил HӨАТ-ын системийг мэдлэг, мэдрэмжгүй хүмүүсийн гарт өгсөн нь миний хувьд алдаа болсон. Энэхүү системийг маань хүний эрх, чөлөөт зах зээлийн эсрэг ашиглах бороохой болгох эгзэгтэй үе ирчихээд байна. Ашиглаад ч байна. Тухайн үед буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын хэмжээнд ердөө 1400 кассын машин үйлчилгээний газруудад ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 400 мянган кассын машин ажиллаж байна. Эхний 2016 онд 47 их наяд төгрөг бүртгэсэн бол одоо 197 их наяд төгрөг бүртгэж байна.
-Ийм байдлаас урьдчилан сэргийлэх арга, механизм нь юу байсан юм бэ?
- НӨАТ-ын буцаалтыг шат шат дараатайгаар нэмэгдүүлэх байсан.
2.Аж ахуйн нэгжийн НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн сууринд шилжүүлэх.
- Гааль, татварын газрыг нэгтгэх, төр өөрийнхөө НӨАТ-ыг 100 хувьд буцааж авах. Ингэвэл авлига 100 хувь устана. Гэх мэт тухайн субъектэд зориулсан олон арга байна.
Ярилцлагын цаг богино тул дэлгэрэнгүй мэдээллийг 2019 онд миний докторын зэрэг хамгаалсан “НӨАТ-ын бүртгэлийн системийг ашиглаж татварын орлогыг нэмэгдүүлэх нь” гэсэн эрдэм шинжилгээний бүтээлээс хараарай.
ТӨР, НИЙТИЙН ХАМААРАЛТАЙ ӨМЧИЙГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДААС ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН
-Зах зээл хумигдаж, төрийн оролцоотой компаниудын зах зээл дээр эзлэх хувь асар их боллоо. Төртэй л холбогдохгүй бол томорч чаддаггүй аж ахуйн нэгжүүдтэй болчихлоо?
-1992 оны Үндсэн хуульд тусгасан, одоо ч буй нэг зүйл бий. Монгол Улсын нийт өмчийг 100 хувь гэж үзвэл 99 хувийг төр мэдэж байгаа. Үлдсэн нэгхэн хувийг нь аж ахуйн нэгж, иргэний хувийн өмч бүрдүүлнэ гэсэн үг. Хамгийн том өмч болох газар, газрын хэвлийн баялаг, агаар, агаарын орон зай, ой мод, ус, ургамал, ан амьтан төрийн өмчөөрөө байгаа. Төрийн эрхэнд гарсан нөхдүүд энэ бүх өмчийн түр эзэн суудаг. Үүнийг зохицуулах зохицуулалтыг 1992 оноос хойш хийгээгүй. 1996 онд Төр ба орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах гэж оролдсон байдаг. Тэр хуулийг 2019 оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу солих гээд тэмээ ботголох шиг удааж байна.
Төрийн нийтийн хамааралтай өмчийг төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалахгүй бол энэ бүх өмчийг яах нь төрийн гурван өндөрлөг, эрх баригчдын дур зоргын асуудал болсон. Энэ нь төрийн өмчит компаниуд томроод байгаагийн шалтгаан юм. Ядаж төрийн нийтийн хамааралтай өмчөөс 2-3 хувийг нь чөлөөт зах зээл рүү ороход л манай эдийн засаг эрс өснө. Сүүлийн найман жил, тодруулбал 103 жилийн 98 жилд нь манай коммунист нам засаг барьсан. Тиймээс 1990 оноос өмнөх шигээ иргэнээ өмчтэй, хувийн аж ахуйн нэгжүүдээ томрохоос айдаг тийм сэтгэлгээтэй нөхөд нам удирдаж байна. Уг нь коммунист онолын гол цөм нь хөдөлмөрийн капиталыг үнэ цэнэтэй болгох. Манай намын толгойд байгаа нөхдүүд энийг л бодох ёстой.
Цалинг 10 хувь нэмэх үү, өнөөдөр авч байгаа цалингийнх нь үнэ цэнийг таван жил хадгалж чадах уу гэдэг нь төрийн үүрэг. Гэтэл төгрөгийн үнэ цэнийг нь хоёр дахин унагасныхаа дараа цалинг нь 10 хувь нэмсэнээ их буянтай ажил хийсэн дүр үзүүлэх нь шог юм.
–Төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгөнд гар дүрсэн, төрийн өмчийг шамшигдуулсан олон л жишээг энд дурдаж болно доо…
-Эхлээд бид төрийн нийтийн хамааралтай өмчийн эзэмших, ашиглах, өмчлөх асуудлыг цэгцлэх ёстой. Дараа нь органик хууль болох иргэн, эрүүгийн хуулиар дээрх өмчүүдийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Илүү тодруулж хэлбэл, төрийн өндөр эрх мэдэлтнүүдээс өрийн нийтийн өмч, дээр нь татвар даалгал буюу нийтийн санхүүг Үндсэн хуулиараа хамгаалуулж, дур зоргоороо авирлахыг зогсоох ёстой.
Манайд ийм зүйл байхгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнаас бүх зүйл хамаарч байна.
Сүүлийн арваад жилд төгрөгийн ханш хоёр дахин уналаа. Үүнд төр их үүрэг гүйцэтгэсэн. Бүр тодорхой хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн л гүйтцэтгэсэн шүү дээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, сүүлд нь Л.Оюун-Эрдэнэ. Ковидын үе ч таарсан. Романтик төсөл хэрэгжүүлэх гэж мөнгө хэвлэсэн. Үүнээс гарсан сөрөг үр дагаврын хариуцлагыг хэн ч үүрээгүй.
Тэдэнд анхааруулж байх ёстой бие даасан институтиуд алга. Их, дээд сургууль, бие даасан эдийн засгийн институт алга.
-Улс төрийн хувьд сөрөг хүчин нь хэлэх ёстой биз дээ?
-Уг нь тийм. Гэтэл бие даасан институттай ганцхан улс төрийн нам нь МАН. Ардчилсан нам ч институт хэлбэрээ олж чадалгүй өдий хүрлээ. Бусад жижиг намуудтай нь ярих юм ч байхгүй. Энэ талаар ярилцсан олон ярилцлага танай сайтын архивт байгаа.
-Үндсэн хуулийг хүртэл өөрчлөөд давхар дээл өмсөж байхад түүнийг хараад алга ташаад сууж байгаа хүмүүст аврал байна уу?
-Үндсэн хуульд салхи оруулсан ч буцаагаад Т.Доржхандаар өргөдөл өгүүлж байгаад өөрчилчихлөө. Үзэл бодолгүй хүмүүсийн хуаран болсон нь энэ мэтээр илрээд байна. Миний хувьд, Ардын нам нэртэй болоход нь гишүүнээр элссэн. Манай нам 98 жил коммунист явсан. Сүүлийн хоёр жилд л социал-демократ үзэл баримтлалтай болсон. Өнөөдөр социал-демократ үзэл баримтлалын нэг номыг бүтэн уншсан хүн манай намд байхгүй. Үзэл сурталгүй, философигүй хүмүүс яах вэ гэхээр буруу зам руугаа явна. Өмнөх арга барил руугаа орно. Иймээс л реформ хийж чадахгүй гацаад байгаа юм. Нийгэм бүх үзүүлэлтээрээ мухардалд орчихсон байна. Ерөнхий сайд гоё тоо бариад гүйгээд байгаа боловчиг түүнээс нь уул уурхайн орлогын статистик мэдээг хасвал бусад бүх салбарын тоон үзүүлэлтүүд хасахтай гарна.
-Зудыг хүртэл ашиглаад буруугаа дэвэргэж байна. Угтаа малчдын мал зээлийн барьцаанд байсан юм бол банк барьцаагаа эрсдэлээс хамгаалж даатгуулах ёстой. Малаа зуданд алдлаа гэхэд даатгалаас хохирлыг нь барагдуулах ёстой. Гэтэл дундуур нь төр гүйж ороод татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулах эсвэл хүүг нь төлөх тухай шийдвэр гаргаад зогсохгүй иргэдээс хандив цуглуулж байх жишээтэй. Малчдыг өмчөө хамгаалах үнэ цэнийг үгүй хийх арга барьж, тэжээвэр болгох гэж байна л даа…
-Зуд бол байгалийн гамшиг. Гэхдээ үүнээс л хамгаалах гэж даатгалын систем бий болсон юм. Манай даатгалын систем 1992 оноос өмнө коммунист загварчлалтай байсан. Тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Даатгалын системийн гажуудал цар тахлаар ч, зуднаар ч гарч байна. Энийг засч залруулах ажлыг хийхийн оронд Ерөнхий сайд оноо авах гээд сонгууль хүртэл төлөлтийг нь хойшлуулж байна. Монголбанкны ерөнхийлөгч нь энэ саналыг дэмжиж, арилжааны банкны эрх рүү халдаж, өмнөөс нь шийдвэр гаргаж байна. Арилжааны банк нь өөрсдөд нь ашигтай учир чимээгүй л байна. Дөрвөн жилийн өмнө сайд асан Ч.Улааны гаргасан мэдэгдлээс болж ноолуурын үнэ хоёр дахин унасан. Хэн ч хариуцлага хүлээгээгүйтэй адил энэ зудын хохирлыг малчид л үүрнэ дээ. Гэнэт төр туслах, асрах нэрээр үндсэн эрх, эрх чөлөөг нь атгандаа оруулсан байдаг. Чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг цөөхөн хэдхэн хүмүүс энэ алдааг сануулж байдаг.
-Хэн бэ?
-“Алтан тариа” компанийн П.Цэнгүүн. Н.Алтанхуягийн Засгийн газар үнэ тогтворжуулах нэрийн дор 2013 оны эхэнд 2.7 их наяд төгрөг хэвлэж тараасан. Тэр үед П.Цэнгүүн “Уучлаарай, би эдийн засгийн эрхээ алдахгүйн тулд наадхыг чинь авахгүй” гээд татгалзсан. Энэ нь ирээдүйд бий болох сөрөг нөлөөг харж чадсан. Төрөөс хамааралгүй бизнесээ бие даан явуулж байгаа ганц хүнээ худал мэдээлэл дээр үндэслэн өндөр албан тушаалтан балбаж байна Манай бизнесийнхэн энэ жишээгээр өөрсдийгөө хамгаалах ёстой. Харамсалтай нь, олонх нь тухайн үеийнхээ эрх баригчдыг дагаж гүйгээд өнөөдрийн авлига, хээл хахуулийн системийн гажуудлын үндсэн тоглогчид болжээ.
-Томчуудынх нь дийлэнх нь юм биш үү?
-Бизнесийн хүрээллийн дотор энэ үзэгдэл хорт хавдар болон тархсан. Уг нь энийг засах гэж Өршөөлийн хууль хоёр ч удаа батлуулан гаргаж өгсөн боловч олон жил ужгирсан хуучин зуршилдаа идэгдсэн. Жишээлбэл, олборлосон алтны 2 хувийг роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголбанк, ТЕГ-ын уялдаа холбоогүй байдлаас болж ажилчдынхаа нэрэн дээр төлсөн татварын залилангаас болж 2018-2019 онуудад 400 сая ам.долларын орлогын татварын асуудал гарч албан тушаалтнуудад сөгдсөн. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад жилд 40 тонн алт олборлосноос зөвхөн 20 тонныг нь улсад мэдүүлж татвар төлсөн байна. Үлдсэн 20 тонн алтны асуудлыг илрүүлнэ” гэсэн боловч одоогоор сураггүй байна.
“Хуурамч” шатахуунаас болоод нефть импортлогчид бүгд хадгаа бариад улстөрчид дээр очсон. Уул уурхайн ашиглалтын лицензийг хураах сургаар бүгд айгаад, заримд нь ордон бариад өгчихсөн шүү дээ. Бизнесийнхэн чөлөөт зах зээлээ өөрсдөө хамгаалах ёстой. 1803 онд феодалын төрөөс капиталист өмч хөрөнгийг хамгаалах гэж “танхим” гэдэг институтийг бий болгосон. Мөн түүнчлэн аливаа бизнесийн гэрээний биелэлттэй холбоотой маргааныг мэргэжлийн шүүгч буюу албан ёсоор шийдсэн орлогынхоо дүнгээс ажлын хөлсөө шударгаар авдаг шүүхийн систем буюу Арбитрын шүүхийг бий болгосон.
Гэтэл одоо манай танхим/Худалдаа аж үйлдвэрийн танхимыг хэлж байна/ “Бизнесийн сэргэлт” ч гэнэ үү, Ерөнхий сайдынхаа уриа лоозонг бариад гүйснээр хуучин 1960 оны БНМАУ-ын Худалдааны яамны хэлтэс байсан хэлбэр рүүгээ орлоо. Харамсалтай байна.
-Өнөөдөр өнгөрсөн 30 жилийг хараан зүхэж байна. Гэтэл найман жилийг нь эс тооцвол МАН эрх барьж ирсэн. Энэ хугацаанд бий болсон Монголын толгой баячууд энэ намынх. Танай намын хөрөнгө дэлхийд толгой цохих байх. Энд л шударгаар бизнес эрхлээд амжилт олдоггүй нууц байгаа юм биш үү?
-Зах зээлд бид шилжсэнээр олон төрлийн бизнес хөгжсөн. Хамгийн буруу гарынхан нь улстөрчдийг дагаад муу замаар их хөлжсөн дөө. Тэрийг энд яриад яах вэ. Манай ардын нам 103 жил төр барьсан. Дөрвөн жилд нь Ардчилсан нам барьсан байх. Коммунист систем нуран унасан 1990 оны хувьсгалын дараа төр барьж байсан манай нам эдийн засаг, нийгмийг мухардалд оруулж, үүнээс гаргах шийдлийг ололгүй төрийн ажлыг эзэнгүй орхиод, ардчилал, чөлөөт зах зээлийн суурь тавих ажлыг ардчиллын залууст хаяад явсан даа.Тун удалгүй 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны дараа төргүй бол бид амьдарч чадахгүйгээ ойлгож, буцаж ирээд бараг тасралтгүй 28 жил төр барилаа.
1992-1996 онд төр барьсан “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэдэг П.Жасрайн засгийн газар таван шатлалтай 50 хүртэл хувийн албан татвартай байсан. Бүгд цалин байхгүй, менежмент байхгүй, дампуураад М.Энхсайхан гарч ирээд реформ хийсэн. Реформ хийснийхээ шанд огцорсон. Дараа нь Н.Энхбаярын засгийн газар гарч ирээд бас л мухардалд оруулсан. Хамгийн гол нь, манай Ардын нам эрх барихдаа муралдалд авааччихдаг. Түүний дараа 2004 онд Ардчилсан намын залуус гарч ирж реформыг дахиад эхлүүлсэн.
2008 онд С.Баярын Засгийн газар ардчиллын таван сайдтай нийлж ДНБ-ийг таван тэрбум ам.доллар болгож мухардлаас гаргаж Сү.Батболдод өгсөн…
Сүүлийн найман жилд нийгэм, эдийн засаг, улс төрийн мухардалд дахиад орчихлоо. Эдгээр мухардлын үндсэн шалтгаан нь манай нам коммунистуудаасаа хойш тогтсон үзэл баримтлалгүй, философигүй явж байгаагийн үр дагавар юм. Гэтэл Богд хаан тэргүүтэй 1911 оны тусгаарт тогтнолоо сэргээн мандуулсан хүмүүс таван улсын буюу Францын хүний эрхийн тунхаг, АНУ, Япон, Белги, Норвеги улсын үндсэн хуулийг 1910 онд орчуулаад монгол бичгээр буулгасан байлаа. Гэтэл манайхан 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлд орохдоо АНУ-ын Үндсэн хуулийг судалсан хүн нэг ч байгаагүй. Францын Хүний эрхийн тунхагийг иргэн Д.Ламжав гуай л уншсан. Чөлөөт зах зээлийг судалсан нэг ч эрдэмтэн байгаагүй.
Уучлаарай, ингээд 1992-1996 онд хуучин коммунистууд нийгмийн үндсэн гол хуулиудыг судалгаа, шинжилгээгүй хийсэн нь эдгээр мухардлуудад хүргэсэн.
-Хоёр жилийн өмнө танайхан социал-демократ үзлийг авсан байх аа. Тэрийгээ ойлгодог нь хэд вэ?
-Манай нам 250 мянган гишүүнтэй. Гэхдээ энэ шинэ үзэл баримтлалынхаа талаар бүтэн ном уншсан хүн байхгүй. Хэрэв байсан бол эрх барьж буй улсын буруу, зөрүү ажлыг шүүмжлээд, засаад явах ёстой. Төрийн өмчийг улс төрийн намаар дамжуулж авдаг процессийг 1992 онд хийсэн. Тэрийг нь мэдсэн нөхөд мэдээж нам руу очоод суучихсан. Намын институци чинь өөрөө их төвөгтэй. Гуравдугаар сард намын баяр боллоо гэхэд ядаж ирсэн цайллагандаа такс төлөөд ордог соёлд сургаагүй. Намын баяр болoход нэг дүүргийн намын дарга 30-40 сая төгрөг цуглуулж байж намынхаа 1000 хүний баярлуулна. Тэр мөнгийг хаанаас олдог вэ гэхээр нийтийн сангаас л олно. Ийм том массыг ядаж өөрсдийнх нь мөнгөөр хооллож сургахгүй бол үеийн үед дээр нь байгаа нөхөр нийтийн санхүүгээс хулгайлж хооллосоор л байх болно. Өөр юм байхгүй. Covid-19-ын үеэ мартсан гэж бодьё. Хойших үеийг нь хар л даа. Дандаа манай намын дарга нар том тендер, концесст бүгдээрээ орооцолдож байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө нэг ч улстөрчид хариуцлага хүлээхгүй байна.
-Дээр нь 200-хан километр зам барих гэж зовж байна шүү дээ?
-Тэгсэн. Дарханы замыг найман жил бариад, 200 гаруй хүний амийг золиосолсон шүү дээ. Манай намын байгаа царай энэ. Харин хөөрхий гоочлуулаад байгаа Н.Алтанхуяг чинь тэрбум ам.доллар зээлж авчраад, мөнгө хэвлэсэн ч гэсэн 3000 км зам тавьчихсан юм. Тэрийг үнэлэх хэрэгтэй шүү. Одоо гэхдээ Ардчилсан намд тийм нөхдүүд алга болчлоо. Найман жил ажилгүй яваад нэлээд ядарчихсан байх. Тэдэнд үзэл санаагаа хамгаалаад явах гэхээр боломжгүй болсон. Учир нь манай нам тэдний гол социал-демократ үзлийг нь булаагаад авчихсан. 2000-д оны үед Н.Энхбаярын хаанчлалын эсрэг Л.Гүндалай бие даагч мөртлөө бүхэл бүтэн Ардчилсан намыг дагуулж явж байсан. Одоо УИХ-д байгаа Ардчилсан намын гишүүдээс Б.Пүрэвдорж гишүүн л хааяа дуугарч харагдах юм. Ардчиллыг хамгаалдаг парламентын амин сүнс нь цөөнхдөө байдаг. Гэтэл цөөнх нь ийм үхээнц болохоор парламент үхээнц болж байна.
-Та үзэл баримтлалаа уншсан хүн манай намд байхгүй гэлээ. Үзэл баримтлалгүй 250 мянган хүний нэгдэл ямар том аюул вэ. Юу ч хийж мэдэх аюултай арми байна шүү дээ. Хуучин зам руугаа ч ухархад ойрхон байна аа?
-Ер нь социализмын үед ч нарийндаа Маркс, Ленинээ уншаагүй шүү дээ. 1925 оноос хойш Сталины онолоор явчихсан улс. Цагдаа улс байсан.
Хамгийн аюултай нь онолоо уншаагүй, үзэл баримтлалаа мэдэхгүй байвал эндээс фашизм эсвэл коммунизм л гардаг. Өнөөдөр нэг ардын баатар төрүүлээд л, нөгөөхөө дагаж парламент руу орох гээд л хошуурч байна. Хоёр талд хэдэн хөгшчүүл нь утаа май тавиад л үзэлцээд байна. Иймд манай нам цаг алдалгүй социал-демократ онолоо жинхэнээсээ уншиж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Социализм, социал-демократ хоёр маш их ялгаатай.
-Удахгүй 2024 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Хуулийг нь харахад хүссэн хүнээ гаргаж ирж чадахгүй юм байна. Тиймээс уналт дахиад л үргэлжилэх нь ээ. 2028 онд ухаарч чадах уу, үгүй юу гэдгээс л их юм шалтгаалах нь, тийм үү?
–Н.Энхбаяраас гуайгаас л их юм шалтгаална. Олон юмнаас шалтгаалахгүй. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нийлсэн шүү дээ. Ингэхдээ гэрээ хийсэн. Тэрхүү гэрээгээр Н.Энхбаяр МАН-ын удирдах зөвлөл, 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувийг дэвшүүлэх онцгой эрхтэй. Хал үзсэн хүний хувьд, найдвартай сонгогдох 30 гаруй хүмүүсийг дэшүүлж гаргаж чадна.
Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд 86 хүртэлх хүн дэвшүүлээд 60 гаруй суудал авч чадах байх. Гэхдээ энэ авсан 60 суудал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гэж хуваагдаад, намын даргад 20 орчим гишүүн л үлдэхээр харагдаж байна. Үлдсэн 20 гаруй суудлыг Ардчилсан нам авах байх. Үүний дараа бүх тоглолт Н.Энхбаяр гуайн талд байх юм. Энэ хүн хаашаа явахаас бидний хувь заяа шалтгаална. Нэг их олон юмнаас шалтгаалахгүй. Сонгууль бол хэзээний дууссан. Одоо нүүрс, зэсээ хэн зарах вэ гэдэг зодоон л явж байна. Харин ирээдүйд эрх барих засгийн газрын тулгамдсан асуудал нь уул уурхайн салбарт ажиллаж буй 70 мянган хүнээс бусад салбарт ажиллаж буй нэг сая хүнээ яах вэ гэх асуудал. Тиймээс ажлын байрыг нь яаж хадгалж, үнэлэмжийг нь сайжруулахын төлөө ажиллах ёстой.
-Одоо өөрсдийнх нь мэдэлд ороогүй байгаа ганц салбар болох шүүх рүүгээ дайраад байна. Шүүх л буруутай гэдэг. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргийг харахад нэгнээ авч үлдээд, золиослохоо ял өгсөн байдалтай явуулж байна. 2020 оны сонгуулийн өмнө юу болов. Нөгөө М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд нарыг ялих шалихгүй зүйлээр шоронд хийсэн. Өөрсдөд нь саад болсон болгоныг л барьж хориулдаг болчихлоо. Зөв тийшээ харах сонирхол алга байх шиг…
-Зөв юм руу харахын тулд эрдэм, мэдлэг, суурь судалгаа хэрэгтэй. Нэгдүгээрт, шүүх засаглалын боловсон хүчнийг эдийн засгийн боловсрол мэдлэгээр хангах хэрэгтэй байна. Өнөөдөр нийгэм дэх бүх дуулиан эдийн засагтай холбоотой. Гэтэл энд үүссэн зөрчил, маргааныг шүүн тунгаах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих хүмүүст эдийн засгийн мэдлэг маш муу байна. Үүний үндсэн шалтгаан нь эрх зүйч бэлтгэж буй их сургуулиудад эдийн засгийн суурь хичээлийг ордоггүйтэй холбоотой.
Хоёрт нь, газрын хэвлийн баягаа 35 тэрбум ам.долларын барьцаанд өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, лицензээр дамжуулаад газрын хэвлийн баялагт эзэн суучихсан хүмүүсийн далд удирдлага төрийн бүх шатанд байна.
Одоо УИХ-ын сонгуульд намуудаар дамжуулж эзэн хэвээрээ үлдэхийн тулд асар их мөнгө цацахад бэлэн байна. Шударга ёсыг эрхэмлэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хар мөнгөний урсгалыг намын цагаан ордны хаалгаар оруулж ирэхгүй байлгаж чадах юм бол зөв замын эхлэл тавигдана.
Ярилцлагын төгсгөлд юуг анхаараасай гэж та хэлэх вэ?
-Манай улсын ирээдүй иргэн биднийг хэрхэн зөв сонголт хийхээс хамаарна. Нэгийг бодож, хоёрыг тунгааж саналаа өгөөрэй. Өвөг дээдсийн буян, өнө эртний түүхийн сургамж, алдаа оноог туулж яваа 34 жилийн туршлага, ямар ч хүнд нөхцлөөс тэсч, тэмцэж гарч чаддаг ард түмэн байхад ирээдүй гэрэлтэй байна.