“Өнөөдөр болох нарны бүтэн хиртэлт Монголд ажиглагдахгүй”
“Өнөөдөр/2024.04.08/ нарны бүтэн хиртэлт болно. Энэхүү хиртэлт Улаанбаатарын цагаар 23:42:07 цагт эхлээд дараа өдрийн 04:52:13 цагт дуусна.
Харин нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд Хойд Америк, Баруун Европ болон Төв Америкийн зарим хэсэгт ажиглагдах болно.
Монголд хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд ажиглагдахгүй” хэмээн Хубилай Сэцэн Хааны нэрэмжит Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгээс мэдээллээ.
Сарны хавтгай нарыг халхалж конус хэлбэрийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтлолцсоноос нарны хиртэлт үүсдэг. Өөрөөр хэлбэл нар, сар, дэлхий гурав дурдсан дарааллаар нэг шугам дээр байрлахад энэхүү одон орны сонирхолтой үзэгдэл тохиодог байна.
Хиртэлтийн гол зурвас Мексик, Канад, Америкийн Нэгдсэн Улсыг дайран өнгөрнө. Бүтэн фазын хамгийн их үргэлжлэх хугацаа 4 минут 28 секунд. 1979 оны хоёрдугаар сарын 26-наас хойш Канад улсад харагдах анхны нарны бүтэн хиртэлт, 1991 оны долдугаар сарын 11-нээс хойш Мексикт анх удаа, 2017 оны наймдугаар сарын 21-нээс хойш АНУ-д анх удаа харагдах нарны бүтэн хиртэлт болж байгаагаараа сонирхолтойд тооцогдох үзэгдэл юм.
Манай оронд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1-нд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр нарны бүтэн хиртэлт болжээ. Харин манай улсад ажиглагдах дараагийн нарны бүтэн хиртэлт 2063 оны наймдугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрөх юм байна.
Энэ оны дараагийн нарны хиртэлт цагирган хэлбэрийнх бөгөөд 2024 оны аравдугаар сарын 2-нд тохионо. Нар, Сар болон Дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран Нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж ангилдаг.
ЗӨВЛӨМЖ:
“Нар хиртэлт нь дэлхий дээр амьдарч буй хүмүүст ч ул мөр үлдээхгүй өнгөрдөггүй. Амьтад тайван бусаар гүйлдэж эхэлдэг ба шувууд хүртэл чимээгүй болж, үүрэндээ суурьшдаг. Хүмүүс ч энэ одон орны үзэгдэлд хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хиртэлт нь сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг судлан тогтоожээ. Энэ үед сэтгэлийн түгшүүр нэмэгдэж, тайван бус болдог байна. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчтэй хүмүүс стресст орж болзошгүй.
Энэхүү одон орны сонирхолтой үзэгдлийн үед хамгийн гол баримтлах дүрэм, журам бол энгийн нүдээр ямар ч тохиолдолд хиртлийг харж болохгүй. Энгийн нарны шил зүүгээд ч харахгүй байхыг хүсье. Таны нүдийг гэмтээх аюултай тул зориулалтын нарны шүүлтүүр ашиглаарай, байхгүй бол гагнуурын маск ч байж болдог” гэж зөвлөлөө.