ДУСААЛ ГООЖСОН СУРГУУЛЬД ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Говь-Алтай аймгийн Чандмань сумын сургуулийн дээврээс их хэмжээний цас орсны улмаас дусаал гоожиж, хүүхдүүд хичээллэх боломжгүй байгаа талаарх иргэний бичлэг цахим орчинд цацагдсан.
Уг бичлэгийн дагуу тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Түмэнбаяртай ярилцлаа.
-Сургуулийн барилга хэзээ ашиглалтад орсон, хэдэн хүүхдийн суудалтай вэ?
-2019 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга. Ашиглалтад орсныхоо дараа жилээс л дусаал гоожиж эхэлсэн. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компанид нь тухайн үеийн сургуулийн удирдлагууд хүсэлт гаргаж, урсгал засвараа хийхийг шаардсан. Нэг удаа ирэхдээ компанийн ажилчид ч биш сумаас 2-3 хүн авчирч ажиллуулаад, цаас дэвсээд зас гэснийг нь нөгөө мэргэжлийн бус хүмүүс нь бүр хачин юм хийчихсэн. Тэрнээс хойш бүр дордсон.
-Тухайн үеийн улсын комисс хүлээж авахдаа юу гэж дүгнэсэн юм бол?
-Улсын комисс ямар ч асуудалгүйгээр шууд хүлээж авсан. Тухайн үед дотор нь бага сага засвар, жижиг сажиг юмаа янзалж дуусга л гэсэн байсан. Тэгээд л хүлээгээд авчихсан.
-Одоо цас, бороо орох болгонд дээврээс дусаал гоождог юм уу?
-Цас, бороо болгоноор гоожно. Урлаг заал нь бүр гадаа байгаа юм шиг л гоождог.
-Хэдэн давхар, хэдэн ангитай сургууль вэ?
-2 давхар 10 ангитай.
-Дээврээс дусаал гоожоод байхаар хэдэн анги хичээллэх боломжгүй болж байна вэ?
-Одоохондоо хүндрэлээ үл тоосон маягтай хичээл сургалтын ажил үргэлжилж байна. Сургалтын үйл ажиллагаа байнгын явж байгаа. Анги, зааланд дусаал гоожоод байхаар хийсэн бүтээлүүд бүгд авах юмгүй болтол норж байна. Акустик самбар, паркетан шал, сурагчдын хийсэн бүтээлүүд гээд үнэтэй зүйлүүд усанд автаж, дусаал ороод ирдэг.
-Тухайн барилгыг гүйцэтгэсэн компанид эргүүлээд асуудал дэвшүүлээд хандахаар юу гэх юм?
-Миний өмнө ажиллаж байсан захирал тухайн компанитай холбогдоод харьцсан юм билээ. Тэгсэн “Та нар битгий олон долоон юм ярьж шалчигнаад бай. Бидний урсгал засвар, засвар хийх хуулийн хугацаа дууссан. Наадхаа өөрсдөө янзал” гэж загнасан гэж байна лээ.
-Дараа дараагийн шатанд хандсан уу?
-Албан бичгээр хандсан 4-5 газар бий. Саяхан хүртэл УИХ-ын тамгын газрын төлөөллөөс хүн ирсэн. Тэр эмэгтэйд бид хандсан. Аймгийн барилга хот төлөвлөлтийн газраас хүмүүс ирээд тухайн хүнд сургуулийн дээвэр барилгын ажлыг яриарай гэсэн. Би тухайн хүнд хандсан бүх газрынхаа албан бичгээ үзүүлээд, одоо ийм ийм байна гээд учрыг нь тайлбарлаад хүсэлт өгсөн. Гэтэл наад газрууд руугаа дахин дахин хандаарай гэдэг шаардлагыг тавьчихаад, бараг нөгөө бичгийг чинь нээж ч харалгүй яваад өгсөн.
-Боловсролын яам, Боловсролын сайдад хандсан уу?
-Аймгийн Засаг дарга, аймгийн Боловсролын газар гээд бүгдэд хандсан. Шийдтэй хариу нэг ч өгөөгүй. Боловсролын сайд болон яаманд хандсан байсан. Урьдны захирал. Бас гарц гаргалгаа байхгүй л өнөөг хүрлээ.
-Одоогоор хэчнээн хүүхэд хичээллэж байна. Хүүхдүүдэд ямар хүндрэл үүсч байна вэ?
-Манайх одоогийн байдлаар 400 хүүхэдтэй хичээллэж байна. Хуучин хичээлийн барилга 1972 онд ашиглалтад орсон. Холбогдох газруудаас нь хуучин барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэвч одоогоор 10 дан бага анги тэрхүү барилгад хичээллээд явж байгаа. Өртгөлд дунд, ахлах ангийнхан хичээллэж байна. Бага сургуулиа хаагаад, нэг ээлжинд оруулъя гэхээр багтаамж нь хүрэлцэхгүй болчихоод, ямар ч аргагүй хуучин барилгаа ашиглаж байна. Сум орон нутгийн удирдлагуудад Иргэдийн хурлаар дамжуулаад хандаад л байгаа. Манай өмнөх захирал хэд хэд хандсан байна лээ.
-Та ажлаа хэзээ хүлээж авсан бэ?
-Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр ажлаа хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш бас хандаад тусыг олохгүй л явна.