АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН 6 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.508, мөрдөн байцаалтын 2965 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 144, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига албан тушаалын 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хууль бусаар ан агнах 5, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх ашиглах тус тус 2, нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас иргэн О, Д, Б, Х, Н нар нь бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий иргэнийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Н-ыг хүчиндсэн гэж 100 сая төгрөг өгөхийг шаардан айлган сүрдүүлж 8 сая төгрөг авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагчаар ажиллаж байсан С нь зөрчилд холбогдогч иргэн М-ээс торгуулийн шийтгэлд бэлнээр өгсөн мөнгөнөөс авч өөртөө ашиглан давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Г нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.