“Цүнх баригч”-ийн “цүнхний” компаниараа 2,4 тэрбум төгрөгтэй болсон түүх
ШӨХТГ-ыг удирдаж байсан хүмүүс шударга бус “хударгагүй” байдаг нь сонин шүү. О.Магнай, Т.Аюурсайхан, Т.Сайнжаргал гэх мэтчилэн…
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр улс төрийн гараагаа эхэлж, УИХ-ын гишүүний зөвлөх, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д орлогч захирал зэрэг аар саархан ажил хийж яваад “Зүүнбаян төмөр зам” ХХК-д Дэд захирлаар очсон хүн бол Т.Сайнжаргал гэх энэ залуу. Тэр “Ширхэнцэг хараа” гэх “цүнхний” компаниараа төмөр замын бүтээн байгуулалтанд оролцох, ганцхан сарын хугацаанд гүйцэтгэх ажлын 2,4 тэрбум төгрөгийн гэрээг байгуулж чадсан танил талтай сүүхээтэй нэгэн.
Ингээд түүний хэрхэн “цүнхний” компаниараа 2,4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан түүхийг сөхье.
Тэрбээр “Ширхэнцэг хараа” ХХК-иа 2013 оны 7 сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж байсан байна.
Энэхүү компани нь анх байгуулагдахдаа барилгын материалын худалдаа, газар тариалан, фермерийн аж ахуй, автомашинаар ачаа тээвэрлэх, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байжээ. Уг компаниараа 2020 оны тавдугаар сард Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай 1 сарын хугацаатай, 2.4 тэрбум төгрөгийн гэрээ хийснийгээ “НУУЦ”-ын зэрэгт хамааруулчихсан байдаг. Энэ гэрээг баталгаажуулж, байгуулсан хүн нь Зэвсэгт хүчний жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын дарга Женкогийн хүн гэгдэх Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан.
Дээрх гэрээг үзэглэхээс өмнө “Ширхэнцэг хараа” ХХК нь 2019 оны 7-р сарын 10 нд Төмөр замын суурь дэд бүтэц угсрах: Доод бүтэц барих /далан хоолой/ зэрэг төмөр замын тусгай зөвшөөрлөө авсан байна. Үүнийгээ 2021 оны 3-р сарын 3-ны өдөр УБЕГ-т бүртгүүлсэн тухай мэдээлэл байна.
Ямартаа ч дээрх мэдээллээс харахад “НУУЦ”-д авагдсан энэ гэрээ нь УБЕГ-т төмөр замын суурь дэд бүтэц угсрах бүртгэл хийлгээгүй компаниараа төмөр замын бүтээн байгуулалт хийх 2,4 тэрбум төгрөгийн ганцхан сарын хугацаатай ажил авсныг илтгэв.
Үүнээс цааш утасны үзүүрийг татвал Т.Сайнжаргал нь 2021 оны гуравдугаар сард “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирлаар томилогдохоосоо 7 хон хоногийн өмнө компаниасаа татгалзсан байна. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр 2020 оныг хүртэл “Ширхэнцэг хараа” ХХК нь байж байгаад 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгээсээ хассан нь “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Дэд захирлаар ажиллахдаа нэр цэвэр мэт харагдах гэсэн оролдлого гэдэг нь илт.
Нөгөөтэйгүүр 2,4 тэрбум төгрөгийн энэ гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлсөн хүн нь Батсанаа овогтой Галсандолгор гэх нэр бий. Тиймээс Т.Сайнжаргал энэ гэрээ надад хамаагүй, би хийгээгүй гэж мэлздэг. Тэгвэл уг гэрээг Т.Сайнжаргал үйлдсэн болохыг гэрээнд бичигдсэн утасны дугаар илтгэж, нотлох баримт болж байна. Энэ тухай нь ч иргэн Н.Түмэнжаргал АТГ-т хандаж байсан удаатай.
Т.Сайнжаргал нүүрсний хэргээр оргон зайлж, эрэн сурвалжлагдаад байгаа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалтай намын залуучуудын байгууллагаас эхлээд сайн найзууд. Мөн Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан нар нэг өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан. Нэг ёсондоо Төмөр замын бүтээн байгуулалтын бүлэглэл. Тэгэхээр Т.Сайнжаргал энэ танил талаа ашиглан “цүнхний” компаниараа ганцхан сар хийх 2,4 тэрбум гаруй төгрөгийн гэрээг хийж чаджээ. Энэ асуудлыг хуулийн байгууллага нягтлаж шалгах ёстой.
Одоо тэр УИХ-д нэр дэвшинэ гээд Сэлэнгэ аймгийг сүүлийн нэг жил “услаж” байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь намаасаа залуу боловсон хүчнээ дэмжинэ, нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлнэ гэж байгаа. Олон нийтийн дунд ч авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж, ирэх сонгуульд хулгайч улс төрчдийг дэвшүүлэхгүй байх гэсэн хүлээлт буй. Харин “хонины арьс нөмөрсөн боохой” мэт ийм хүмүүс булингартуулчих вий дээ.