Бригадын генерал Г.Болор Хатан зоригийн шагнал гардана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нарын Цагаан ордонд жил бүр зохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 8 буюу лхагва гаргийн 14:00 цагт болно.
Энэ удаагийн шагнал хүртэх эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор багтжээ.
Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудад хүрсэн байна.
Тэрээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж иржээ.
17 дахь удаагийн энэхүү арга хэмжээгээр дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлох эмэгтэйд шагнал гардуулна. ТНБД-ын нэрэмжит энэхүү шагналыг анх 2007 онд гардуулж эхэлсэн бөгөөд дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй тус шагналаар шагнагджээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зоригт” эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодорхойлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг аж.