УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлэх нь
Баян-Өлгий аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүний сэнтийд сууж буй Хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Бейсенд холбогдох авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.
Б.Бейсен 2013 оноос 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар, түүнээс хойш УИХ-ын гишүүний тангараг өргөх хүртлээ тус эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх, их эмчээр ажиллаж байхдаа Х.Б, М.Б, Т.М, М.Т, С.Н нараас хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд олон ажилтан эрх мэдлээ урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст өгдөг тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт холбогдсон билээ.
Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт 40 гаруй эмчийг шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б.Бейсенд холбогдох үйлдлийг нь тусгаарласан юм. УИХ-ын гишүүнийг дээр дурдсан таван хүнээс хахууль авснаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж иргэн Б.Рахатад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй аж.