Г.Амартүвшин: Арилжааны банкууд ямар ч эрсдэл үүрэхгүйгээр 2023 онд нэг их наядын ашиг хийсэн

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үг хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Банкны тухай хуулийг яагаад хэлэлцэхгүй байна вэ. 2024.01.01-ээс манай улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банк хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Монголбанк ажлаа хийхгүй байна. Зохицуулдаг байгууллага нь юу хийж байна вэ. Гаднаас хөрөнгө оруулалт, санхүүжилт авсан банкууд дефолтод орж байгаа. Монголбанк арилжааны банкуудыг зөв зохицуулж чадахгүй байгаа шүү. Арилжааны банкуудын Монголбанкны үнэт цаасны багц нь 10 их наяд болсон. Ямар ч эрсдэл хүлээхгүйгээр хүүгийн орлого аваад сууж байна. Бизнесийн зээл гарахаа байлаа. Цалингийн зээлээр л ашиг хийж байна. Бодит эдийн засагт хийж буй санхүүжилт огт алга. Ганц гарч буй зээл нь Засгийн газрын тусгай арга хэмжээний татаастай зээлүүд байна. Энэ зээл нь 5 их наяд болсон. Хамгийн сүүлд аялал жуулчлалын салбарын зээл гэж гарч байсан. Банкууд эрсдэл хүлээхгүй мөртлөө 2023 онд томоохон банкууд түүхэнд байгаагүй их хэмжээний ашиг хийсэн. Нэг их наядын ашиг хийсэн шүү дээ. Түүнийхээ 50 хувийг ногдол ашгаар тараана гэж байгаа. Гэтэл бидний баталсан Банкны тухай хуульд томоохон банкны эздийн эзэмших хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Хоёр жилийн өмнө баталсан хуулийг яагаад мөрдөхгүй байна вэ. Монголбанк энэ асуудлаар ажлаа тайлагна. Энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх хэрэгтэй байна” гэв.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *