Экспорт огцом буурч, гадаад худалдааны ашиг тал хувиар хумигдлаа

- Нүүрсний орлого 1.6 тэрбум ам.доллараар буурч, экспортын уналтыг хөтөллөө.
- Импорт өссөн ч зэсийн баяжмалын экспортын орлого 702 сая ам.доллараар нэмэгджээ.
- Худалдааны ашиг 55 хувиар буурч, 884.5 сая ам.долларт хүрэв.
2025 оны эхний таван сард Монгол Улсын нийт экспорт 931.3 сая ам.доллараар буурсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад онцгой том уналт юм. Энэхүү бууралтын гол шалтгаан нь нүүрсний экспорттой холбоотой.
Монгол Улсын гаалийн байгууллагаас оны эхний таван сарын гадаад худалдааны дүн мэдээг танилцууллаа. Үндсэн үзүүлэлтүүдээс харахад экспортын орлого эрс буурч, худалдааны ашиг тал хувиараа хумигдсан нь эдийн засгийн гадаад орчны сөрөг нөхцөл байдлыг илтгэж байна.
2025 оны эхний таван сард Монгол Улсын нийт экспорт 931.3 сая ам.доллараар буурсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад онцгой том уналт юм. Энэхүү бууралтын гол шалтгаан нь нүүрсний экспорттой холбоотой. Нүүрсний экспортын биет хэмжээ 29.3 сая тонн болж 2.4 сая тонноор багассанаар орлого нь 42 орчим хувиар буюу 1.62 тэрбум ам.доллараар буурсан байна. Хятадын эрэлт буурсан, тээвэрлэлтийн саатал, зах зээлийн үнэ буурсан өөрчлөлт зэрэг нь үүнд нөлөөлжээ.
Нөгөө талаас импорт 145.0 сая ам.доллараар өссөн нь дотоодын хэрэглээ сэргэж буйн илрэл гэж тайлбарлагдаж болох ч, энэ нь экспорт буурсан нөхцөлд худалдааны тэнцэлд сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү Монгол Улсын гадаад худалдааны ашиг 884.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс даруй 55 хувиар багассан нь валютын урсгалд тодорхой дарамт үүсгэх эрсдэлтэй болж байна.
Гэсэн ч зэсийн баяжмалын экспорт тогтвортой өсөлттэй гарч, тодорхой хэмжээгээр нөхвөр үзүүлжээ. Биет хэмжээгээр 852.1 мянган тонн буюу 209 мянган тонноор нэмэгдсэн зэсийн баяжмалын экспортын нийт орлого 1.85 тэрбум ам.доллар буюу 702 сая ам.доллараар өсөж 61 хувиар нэмэгдсэн нь уул уурхайн салбарын өөр түүхий эдийн экспортоос үүдэлтэй эерэг хандлага ажиглагдаж байгааг харуулж байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, цаашид экспортын бүтэц, тээвэр ложистикийн нөхцөл байдал, олон улсын түүхий эдийн ханш хэрхэн өөрчлөгдөхөөс Монгол Улсын гадаад худалдааны төлөв шалтгаалах нь тодорхой байна.