Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй 10 жил болж байгаа кейс
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр саяхан ШШГЕГ-т ажиллах үеэрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой “шүгэл” үлээжээ. Сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Томоохон мөнгөн дүнтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг хохироосон, шүүхийн шийдвэр нь нэгэнт гарсан ч шийдвэр гүйцэтгэлийн явцад хэргүүд туйлын удаашралтай байна. Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод байх бодлогыг баримталж байна. Ялангуяа хууль сахиулах албад бизнесийн янз бүрийн бүлэглэлүүдийн аль нэг талд орж, ятгалгаар хэлмэгдүүлдэг, бизнесийг нь булааж авдаг ийм асуудал хэрхэвч байж болохгүй. Миний бие энэ асуудалд хатуу бодлого баримталж ажиллана” гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын хууль зүйн асуудал эрхэлсэн сайдын энэ мэдэгдэл Засгийн газрын бодлого, энэ чиглэлээр цаашид хэрэгжих үйл ажиллагааг шууд утгаараа илэрхийлж байгаа.
Анзаарахгүй өнгөрөх аргагүй үг бол, “гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг” гэж хэлсэн нь. Гадаадын хөрөнгө оруулагчидтай адил, дотоодын хөрөнгө оруулагчдаа хамгаалах тухай яригдаж байна аа гэсэн үг. Дотоодын хөрөнгө оруулагчдаа гадаадынхтай адилтгаж авч үзэж эрхийг нь хамгаалах тухайд Хууль зүйн сайдын хэлсэн үг
Эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан, төрийн нэр барьсан бүлэглэлүүдэд булаалгаж, хохирсон дотоодын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид олон бий. Бизнес эрхлэгчид гэдгээр ч хязгаарлагдахгүйгээр байна.
Улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 22 удаа оролдоод чадаагүй байгаа баримтыг Хууль зүйн сайдын сонорт хүргэе.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хөрөнгө оруулах нөхцөлтэйгөөр Менежментийн гэрээгээр хувьчлах тухай сонгон шалгаруулалтад орж ялсан баг бараг 2 тэрбум шахам хөрөнгөө оруулж, гэрээний үүргээ биелүүлж менежмент хийж 3 жил ажилласан байна. Гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн ч гэрээний нөгөө тал болох Нийслэлийн өмчийн харилцааны газар үүргээ биелүүлээгүйгээс Менежментийн баг өдий хүртэл хүлээж, цаг хугацаа, хөрөнгө оруулалт зэргээрээ хохирч байгаа аж. Энэ талаар Менежментийн багийн ахлагч ардын эмч Ж.Хатанбаатар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан байсан билээ.
Улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй 10 жил болно гэдэг хууль судалдаг хүмүүст сонин кейс байж болох ч бодит амьдрал дээр хуулийн хэрэгжилт гэдэг юм Монгол Улсад огт байхгүй байгааг харуулсан эмгэнэлт баримт. Тиймээс хуулийн хэрэгжилтийн хангах үүрэгтэй хууль зүйн сайд анхааралдаа авч, дотоодын хөрөнгө оруулагчаа хамгаалахад бодит алхам хийгээсэй гэж олон нийт харж хүлээж байна.