Н.Энхболд: Засгийн газрын эрх, үүргийг УИХ-ын “дэгт“ зангидаж, гишүүдийн “дархлагдсан” эрхийг салгана

0

Ирэх сонгуулийн дараа парламентын гишүүдийн тоо 126 болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын болон дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байдаг. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Энэ парламентын отгон чуулган хаагдахаас өмнө зайлшгүй батлах шаардлагатай онцлог хууль нь УИХ-ын болон дэгийн тухай хууль байх. Шинэ бүрдэх парламентаас эхлээд мөрдөгдөх хуулийн төслийн гол онцлогоос хоёулаа яриагаа эхэлье?

-УИХ, УИХ-ын дэг, УИХ-аас явуулдаг Хяналт шалгалтууд бол нэгийг нөгөөгөөс нь салгах боломжгүй буюу хоорондоо уялдаатай багц хуулиуд юм. Гол өөрчлөлт нь 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудал юм.

Хоёрдугаарт, Хяналт шалгалтын хуулийн тухайд одоогийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоор дөхөж буй энэ парламентын хугацаанд Хяналт шалгалтын хуулийг шинээр ҮХНӨ-д нийцүүлж батлаад түүнийгээ хэрэгжүүлээд эхэлсэн явдал. Энэ бол маш том алхам болсон. Ер нь Монголын парламентын түүхэнд маш том хуудсыг шинээр нээсэн зүйл болсон гэж хэлнэ. Яагаад гэвэл, парламентын үндсэн үүрэг бол хууль батлах ажил. Өөр нэг үндсэн үүрэг нь УИХ-ын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа эсэхийг хянадаг, хууль нь буруу байгаа бол түүнийгээ засаж сайжруулдаг байх, хуулийг хэрэгжүүлэх газрууд нь ажиллаж чадахгүй байгаа бол түүнд нь арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх ёстой. Ийм л хоёр том үүрэгтэй шүү дээ.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ялангуяа хяналт, шалгалтын ажил маш дутагдалтай байсан. Хууль ч нарийн жигдэрч гараагүй. Тиймээс энэ парламентын үед дээрх хуулийг баталсан нь маш том алхам болсон. Цаашид УИХ-ыг илүү боловсронгуй явуулах зорилгоор энэ өөрчлөлтийг хийсэн гэж хэлж болно.

ПАРЛАМЕНТАД ОЛОНХ БОЛСОН НАМЫН ГИШҮҮД ИЛҮҮ ЯРЬЖ, БОДЛОГОО ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ

-УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүдийн үг хэлэх хугацааг хязгаарлаж, бүлгийн хүрээнд асуудлыг хэлэлцдэг зохицуулалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хийж байгаа гэж сонслоо. Мэдээж шинэ парламент 126 гишүүнтэй байх учраас чуулганаар хэлэлцэх асуудлын онцлог, нөхцлүүдээс хамаарч дэгийн сахилга бат их чухал болох байх?

-Бидний боловсруулсан УИХ-ын дэгийн хуулийн үзэл баримтлал нь ердөө тэр. Ингэж үзэх шалтгаан бий. Нэгт, гишүүдийн тоо олон болсон. Үүнийг хүмүүс ойлгох байх. Мэдээж хуралдаанаар асуудал яригдахад цаг их орохоор байсан. Хоёрт, ҮХНӨ, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг үндсэндээ гурван багц хууль гарлаа. Эдгээрийн гол санаа нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг бүрдүүлэхэд сонгууль явахдаа намуудын мөрийн хөтөлбөрт үндсэнд нь тулгуурласан тэрэнд саналыг нь авсан агуулгатай байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, олон жижиг санал, онол гараад бүгдийг нь хэлэлцээд тэр дундаас нэг хууль гаргана гэдэг бол хэцүү.

Гэтэл ардчилсан парламентын тогтолцоотой улс орон бүрт төрийг бүрдүүлдэг нэг том бодлогын суурь нь өөрсдийн тодорхой үзэл баримтлалыг баримталж, мөрийн хөтөлбөр дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө Засгийн эрхийн төлөөх сонгуульд оролцдог. Эдгээр зүйлс хоорондоо уялдаатай учраас намаас илүү тэднээс дэвшүүлж байгаа бодлогуудыг нь илүү УИХ-ын шийдвэрт том хэмжээгээр тусгаж байна гэдэг нь их чухал асуудал юм. Тиймээс парламентад сонгогдсон бодлого гаргаж ирж ярьдаг нам, эвслийн бүлгүүд үүнд их чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Бүлэггүй, эсвэл бие даасан гишүүд орхигдоно гэсэн үг биш л дээ. Гэхдээ манай ардчилсан нийгмийн нэг гол шийдвэр гаргах үйл явцад ойлголцдог зарчим бол цөөнхөө хүндэтгээд олонх нь шийдвэрээ гаргадаг. Мэдээж том бодлого дэвшүүлсэн, илүү олон суудал авсан намын бодлого бол түлхүү явж байх ёстой. Үүний хэрээр тэндээс сонгогдсон гишүүд илүү ярьж, бодлогоо олон нийтэд хүргэх хэрэгтэй. Хажуугаар нь бусад тоотой суудал авсан намууд өөрсдийнхөө нийгмээс хүлээлгэсэн мандатын хүрээнд үгээ хэлцгээдэг энэ зарчмын үндсэн дээр л тодорхой зохицуулалтуудыг хийх нь чухал байгаа юм.

Тухайлбал, нэг хуулийн төслийг хэдэн өдөр хэлэлцэх юм, хэчнээн минут шаардагдахаар байгаа юм зэрэг тухайн зохицуулж байгаа асуудлын хамрах байдал, үйлчлэлийн цар хүрээ зэргийг анхаарч, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх цагийг тогтооно. Түүн дотор олонх суудал авсан намын суудлын тоонд хувьчилж үг хэлэх хугацааг тогтооно гэсэн үг.

Жишээ нь 126 гишүүнтэй УИХ-ын нийт суудлын 1/3 буюу 40 хувийг суудал авсан бүлэг байвал нийт цагийн 1/3-ийг өгөх байдлаар хувьчлаад үлдсэн хугацааг бүлэггүй болон бие даасан гишүүдэд нийт дунд нь олгох байдлаар явна.

-Олонх болсон намын гишүүд харьцангуй нэгдмэл байр суурьтай асуудалд хандах болов уу. Сөрөг хүчний үг хэлэх эрхийг хязгаарлах нь гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд яригдаад эхэлсэн шүү дээ?

-Нэг өнцгөөс нь харахад гишүүн бүрийн үг хэлэх эрхийг хязгаарлаад байгаа мэт боловч сонгодог парламент ийм л зарчмаар явдаг. Яах вэ, гишүүдээс янз бүрийн санал гарч л байна. Гэхдээ одоогийн парламентын олонх буюу МАН-ын бүлэг дээр энэ байдлаар явах нь зөв юм байна. Бүгд ярьдаг болбол цаг их авах юм байна. Хууль гарахгүй юм байна гэдэг саналд нэгдсэн байгаа. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцэх явцад ямар байдлаар өөрчлөгдөх нь вэ гэдгийг харъя.

“НЭГ САЙД НЭГ Л БАЙНГЫН ХОРООНД ОРЖ АЖИЛЛАНА”

-Одоогийн парламентад нэг байнгын хороо 19 хүртэлх гишүүнтэй. УИХ-ын нэг гишүүн 2-3 байнгын хороонд давхар харьяалагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр дэгийн хуулийн өөрчлөлтөд энэ давхардлыг хэрхэн өөрчлөхөөр тусгасан бэ?

-Цаашид байнгын хороодын гишүүдийн тоо 25 хүртэлх байх юм. УИХ-ын гишүүн нь хоёр хүртэлх байнгын хороонд ажиллаж болно. Одоогийн төслөөр 11 байнгын хороо байхаар төлөвлөж байна. Хэрэв Их хурлын гишүүн гурван байнгын хороонд ажиллах байдлаар зохицуулбал тухайн салбарт мэргэшихэд асуудалтай болдог сул тал бий.

Хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдийн эрх хэмжээг тодорхой хэмжээнд зохицуулсан зүйлс харагдаж байсан. Тухайлбал нэг сайд нэг л байнгын хороонд орж ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна билээ?

-УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүний үүргийг давхар биелүүлж байгаа тохиолдолд нэг л байнгын хороонд ажиллах боломжтой гэх зохицуулалтыг тусгаж байгаа. Жишээ нь, сайд нар өөрийнх нь салбарын асуудлыг хариуцдаг байнгын хороонд ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, дотроос нь нөлөөлөхгүй гэсэн үг. Мөн УИХ-ын байнгын хороо, дэд хороо, түр хорооны даргын албыг гүйцэтгэхгүй.

“ЗАСГИЙН ГАЗРЫГ УИХ ДЭГИЙН ХЯНАЛТДАА БАЙЛГАХ ЁСТОЙ”

-Хуулийн өөрчлөлтийн цаад нэг агуулга нь УИХ, ЗГ-ын хяналт, тэнцэл алдагдаад байгаа учраас үүний зохицуулалтыг хангахын тулд гэж ойлгож болох уу?

-Тийм. Бидний боловсруулж оруулсан хуулийн үзэл санаанд туссан. Өнөөдрийн Үндсэн хуулийн дагуу бол Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө сонгож аваад Засгаа бүрдүүлээд ажиллаж байгаа. Анзаарвал сайд нарт хариуцлага тооцоход гол эрх мэдэл нь Ерөнхий сайдад төвлөрдөг. Жишээ нь сайдыг УИХ-ын гишүүдийн саналаар огцруулах нь их төвөгтэй. Ийм зохицуулалт ч одоогоор алга. Ерөнхий сайд өөрийн мэдлийн хүрээнд тухайн сайдыг огцруулаад сольдог. Өөрөөр бол механизм байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ цаашид байж болохгүй юм билээ.

Сая өөрийн чинь хэлдгээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёрын эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцвэр алдагдсан гэж үзээд бид хуулийн төсөлдөө тухайн байнгын хорооны гишүүдийн 2/3 нь тухайн байнгын хороонд харьяалагддаг сайдыг салбар яамны ажлаа хийж чадахгүй байна, чадамжгүй байна гэж үзсэн тохиолдолд саналаа Ерөнхий сайдад гаргадаг асуудлыг УИХ-ын дэгийн хуульд зориуд оруулж өгч байна.

Энэ ямар агуулгатай вэ гэхээр, Засгийн газрыг дэг хяналтдаа байлгах ёстой. УИХ-ын мэргэжлийн байнгын хорооны дийлэнх нь тэр сайдыг ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа бол тэр хүн цаашид ажлаа явуулахад төвөгтэй байдал үүснэ гэсэн үг. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд ямар нэгэн байдлаар тухайн сайддаа сануулга өгөх, солих зэрэг ямар нэгэн арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд л орно.

“МОНГОЛЫН ТӨР ГИШҮҮДЭЭ ХУЛГАЙ ХИЙЛГЭХ ГЭЖ ИЙМ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГООГҮЙ”

-УИХ-ын гишүүн гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллагад иргэдээс сонгогдсон элч гэж үздэг. Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын асуудлыг тусад нь салгаж зохицуулах заалт мөн оруулж ирж байна. Гол учир шалтгааныг тодруулбал?

-Ер нь хуулийнхаа агуулгаар энэ хоёр тусдаа ойлголт л доо. Яг одоо хууль зөрчиж, хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн асуудлыг шийдвэрлэх тэр хуулийн зохицуулалт нь тодорхой бус буюу дээрх хоёр ойлголт сүлбэлдчихээд байгаа юм.

Товчхондоо, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэгт тухайн гишүүний биед нэгжлэг хийж болохгүй, орон гэр, албан байр, машин унаанд нь үзлэг, шалгалт хийж баривчилж болохгүй гэсэн зүйлсийг оруулчихсан байгаа юм. Гэтэл бүрэн эрх гэдэг бол сонгогчдоос олдсон мандат нь тэр хүний УИХ-даа оролцох эрх нь гэсэн үг. УИХ-д оролцох, санал гаргах, хууль боловсруулах зэрэг зүйлсийг хамруулдаг. Харин баривчлагдсан гишүүн бол эдгээр эрхээ эдэлж чадахгүй шүү дээ. Гэтэл энэ нь өөрөө бүрэн эрхийн асуудалд орчхоод байгаа нь төвөгтэй байдлыг үүсгээд байгаа юм.

Халдашгүй байдал дотор баривчлах гэдэг зүйл ордог. Уг нь халдашгүй байдлыг нь түдгэлзүүлбэл зөв болох юм. Тэгэхгүй бол яагаад зарим гишүүдийн асуудал прокуророос ороод ирэхэд заримыг нь авч үлдээд байна вэ гэхээр халдашгүй байдал гэдэг асуудал дээр очоод хана мөргөж байна гэсэн үг.

Цаашид халдашгүй байдал гэдэгт хуулийнхнаас явуулж байгаа үзлэг, нэгжлэг гэдэг бүх зүйлсийг нь оруулаад, бүрэн эрх нь хуралдаа оролцох эрхийн тухай асуудлыг хангаж өгөөд, баривчлагдах, хоригдохтой холбоотой асуудлыг мөн үүнд хамаатуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Ингэснээр халдашгүй байдлын дэд хороо ч мөн цаашид ажиллахад амар болно. Миний хувьд ч халдашгүй байдлын байнгын хороонд хэд хэдэн удаа ажиллаж байсан. УИХ-ын гишүүний асуудал ороод ирэхээр шалгуулмаар байдаг. Гэтэл нөгөө хүн хуралдаа сууж чадахгүй болчих гээд байдаг.

Хэрэв баривчлах нь бүрэн эрхтэйгээ хамт, бусад асуудлууд нь халдашгүй байдлаар зохицуулагдах болчихвол хууль, шүүхийн байгууллагад шалгагдаж байхдаа хажуугаар нь ажлаа хийж болдог байдал хангагдах юм.

Энэ зохицуулалт ер нь олон жил яригдаж ирсэн асуудал. Ямартай ч шинээр бүрдэх парламентын хуульд үүнийг оруулах нь зүйтэй гэж үзсэн учраас хуулийн төсөлд салгаж оруулсан. Ерөөс халдашгүй байдал бол ард түмнээс авсан мандатаа гадаад, дотоодын ямар нэг нөлөөллөөс тусдаа биеэ даагаад шийдвэрээ гаргаад явж байх тэр нөхцөл байдлыг нь хангасан л механизм байхгүй юу. Түүнээс биш үүнийг ашиглаад хулгай хийгээд, худлаа хэлээд яваад бай гэсэн үг биш.

Дэлхийн бүх парламентад хэрэгждэг зохицуулалт л даа. Харамсалтай нь манай нийгэмд гишүүн болж байгаад л хулгайн хэргээ хаалгачихдаг учраас халдашгүй байдлыг нь халах хэрэгтэй гэдэг ойлголт бий болчихсонд асуудал байгаа юм. Гэтэл түүнийг халчихаар улс төрийн ямар нэгэн зорилгоор, дотооддоо улс төрийн хүчнүүд, эсвэл гадны ямар нэгэн нөлөөгөөр гишүүдийг нь бусад хүмүүсийн адилаар хэрэгт холбогдсон бол шууд шалгаад, хориод байдаг болчихвол Монголын төр өөрөө дархлаагүй болох аюултай.

Нөгөө талаас нь харвал Монголын төр гишүүдээ хулгай хийлгэх гэж ийм тогтолцоог бий болгоогүй. Харамсалтай нь хуулийн зохицуулалт сул байгаагаас хуулийн байгууллагад шалгуулах болоход асуудал гардаг. Хоёрдугаарт, үнэхээр хууль зөрчөөд хэрэг хийчихсэн гишүүд парламентынхаа нэр хүндийг унагаагаад байгаа учраас энэ удаагийн хуулийн төслийн нэг онцлог заалт нь энэ байгаа юм.

-Гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг хууль, шүүхийнхэн шалгах болоход халдашгүй байдал том тээг болж байна гэдэг. Үнэхээр хариуцлагын асуудал яригдахаар нийгмээс хүлээсэн үр гардаггүй. Энэ ч утгаараа халдашгүй байдлыг бүр мөсөн байхгүй болгох хэрэгтэй гэсэн хандлага ч нийгэмд явдаг. Хэрэв огт байхгүй болгочихвол ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг байхгүй болгочихвол төр өөрөө тогтворгүй байдалд орох нөхцөл бүрддэг. Жишээ нь, тун ойрхон суудалтай хоёр нам засаг барьж байна гэж бодъё л доо. Нэг хоёр хүний л зөрүүтэй гэж бодоход улс төрийн зорилгоор аль нэгийнхээ хүнийг урвуулж авах, эсвэл хууль, цагдаагийн байгууллагыг ашиглаад эрх барьж байгаа ганц хоёр хүний суудлаар илүү байгаа намынхаа тоог өөрт урвуулж авахын тулд зохиомлоор хэрэг үүсгэх юм уу эсвэл ямар нэгэн хэрэг зохион байгуулж оролцуулаад тоог нь авахад л ард түмний сонголт эсрэг талдаа гарч өөрчлөгдөж төрийн эрхийг барих нөхцөл байдал үүсдэг практикууд байна.

Дээр нь дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж, бидний байгаа орчин их төвөгтэй болж байна. Олон төвтэй дэлхийн дэглэм тогтож эхэлж байна. Хэн ч хаанаас бие биеийнхээ дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох нөхцөл бүрдэж байна. Ялангуяа мэдээллийн технологи, харилцаа холбооны шинэчлэлүүд, хиймэл оюун ухаан асар их дэвшилтийн үед гаднаас ямар нэгэн ажил зохион байгуулаад л Монгол Улсын Их Хурал доторх зүйлсийг өөрчлөх мэдээллийн үйл ажиллагаа явуулахад маш амархан болчихлоо шүү дээ. Ганц Монгол ч биш дэлхий өөрөө энэ хөгжлийн их хурдаас айж болгоомжилдог болсон байна.

Тиймээс ийм нөхцөлд төрийн эрх барих байгууллагын дархлаа гэдэг бол зүгээр нэг хэдэн гишүүдийг сайн муу гэж ярихтай холбоотой асуудал биш. Монгол төрийн оршин тогтнох, аюулгүй байдлын баталгаатай холбоотой асуудал болчхоод байгаа юм.

-Хуулийн төсөлд энэ агуулгыг оруулахдаа мэдээж судалгаа хийгдсэн байж таарна. Ер нь өнгөрсөн үе, үеийн парламентуудын бүрэн эрхийн хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, халдашгүй байдлыг нь хязгаарласан хэчнээн УИХ-ын гишүүд байдаг вэ. Одоогийн энэ парламентын үед хугацаанд хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүү дээ?

-Олон биш ч гэсэн байдаг. Шүүхээр ороод ял шийтгэл аваад явсан гишүүд ч байна. Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлээгүй байхад нь барьж аваачаад шоронд хийгээд ял оногдуулчихсан хэргүүд ч бий. Яг тоог нь хэлэх одоогоор боломжгүй байна.

-Хуулийн төслөө байнгын хороогоор анх оруулж хэлэлцүүлж байснаас хойш УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг тусгасан, зарим шүүмжлэлтэй заалтуудыг хассан ч юмуу, өөрчилсөн зүйлс бий юу?

-Ямар ч байсан бид сая хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Одоо ажлын хэсэг байгуулагдана. Түүн дээр байнгын хороо, УИХ дээр хэлэлцэх эсэхийг шийдэх явцад гишүүдээс гарсан саналуудыг тусгаад, үзэл баримтлалд нийцэж байна уу үгүй юу гэдгийг нь үзээд хэрэв нийцэж байвал тэр өөрчлөлтүүдийг нэмж оруулна. Болохгүй гэсэн зүйлсийг мөн үзэж судлаад боломжтой гэвэл хасах юм.

-Ярилцсанд баярлалаa

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *