Үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчдийн хуримтлагдсан ашиг өсжээ

0

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оноос санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид” /ҮМҮЧЭТХЭАЭ/–ийн салбарыг зохицуулж эхэлсэн. Энэ салбарт 2023 оны байдлаар 52 хуулийн этгээд, 428 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эрхэлж байна.

“Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээдүүд” -ээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, салбар нээн ажиллуулах, эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтийг бүртгүүлэх тухай нийт 12 хүсэлт Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлснийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж, шийдвэрлэжээ.

Тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгч иргэдийн 322 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. 2023 онд 52 хуулийн этгээд нь 84 хувьцаа эзэмшигчийн 10,013,429.1 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн нь 2022 оныхоос хувьцаа эзэмшигчдийн тоо 5-аар нэмэгдэж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн 5,324,506.1 мянган төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалт, 4,688,923.0 мянган төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг задалж үзвэл:

  • БНСУ 37,3 хувь,
  • АНУ 3,3 хувь,
  • ХБНГУ 2,5 хувь,
  • Ирланд 0,5 хувь,
  • Япон 3,2 хувь байна.

Тусгай зөвшөөрөлтэй 52 хуулийн этгээдийн 33 нь 1 хувьцаа эзэмшигчтэй, 13 нь 2 хувьцаа эзэмшигчтэй, 6 нь 3 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй ажээ.

Мөн зохицуулалттай этгээдүүд нь өссөн дүнгээр 20,833,315.1 мянган төгрөгийн үнийн дүн бүхий үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийг худалдан авсан. Харин 33,425,117.8 мянган төгрөгийн үнийн дүн бүхий үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийг худалдан борлуулсан байна.

Тус салбарын 52 хуулийн этгээд 2023 онд нэгтгэлд тайлант хугацааны үзүүлэлтээр 100 хувь хамрагджээ. Хуулийн этгээдүүд 84 хувьцаа эзэмшигчийн 10,013,429.1 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө /ХНХ/-тэй, 64,133,603.9 мянган төгрөгийн нийт хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн байна.

Тус салбарын хөрөнгийн хэмжээг авч үзвэл:

  • Эргэлтийн хөрөнгө 81,3 хувь,
  • Эргэлтийн бус хөрөнгө 18,7 хувь,
  • Эздийн өмч 42,4 хувь,
  • Өр төлбөрийн хэмжээ 56,6  хувь байна. 

Зохицуулалттай этгээдүүдийн ХНХ, нийт хөрөнгө, хуримтлагдсан ашгийн нийт дүнг 2022 оныхтой харьцуулахад дараах байдлаар өөрчлөгдсөн байна:

  • ХНХ хэмжээ 1.1 дахин
  • Нийт хөрөнгийн хэмжээ 1.1 дахин
  • Хуримтлагдсан ашгийн хэмжээ 11.7 дахин өсжээ.

Эдгээр зохицуулалттай этгээдүүд нь 64,133,603.9 мянган төгрөгийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхэлсэн. Хөрөнгийн:

  • 81.3 хувь буюу 52,120,377.5 мянган төгрөгийг эргэлтийн хөрөнгө,
  • 18.7 хувь буюу 12,013,226.4 мянган төгрөгийг эргэлтийн бус хөрөнгө,

Нийт орлогын 98.7 хувийг борлуулалтын орлого, 1.3 хувийг бусад орлого эзэлсэн. Харин нийт зардлын 65.9 хувийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг, 12.8 хувийг ерөнхий ба удирдлагын зардал, 12.8 хувийг борлуулалт маркетингийн зардал, үлдсэн 8.5 хувийг бусад зардлууд  эзэлсэн юм.

Энэ салбарын арилжаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хэлэлцэх, оролцогч байгууллагуудын ойлголтыг нэгтгэх зорилгоор нэр бүхий 4 төрийн байгууллага, (Монголбанк, Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар) болон Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоодын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав.

ҮМҮЧЭТХЭАЭ-ийн мэргэжлийн холбоо болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ГҮТББ-тай хамтран үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн 10 гаруй төлөөллүүдэд “Комплаенс-мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм.

Мөн 2023 онд 11 удаа ҮМҮЧЭТХЭАЭ-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 177 иргэн, 43 хуулийн этгээдийг сургалтад хамруулжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны газар дээрх хяналт шалгалтад хамрагдсан 181 иргэний 68.5 хувь буюу 124 иргэн нь Улаанбаатар хотод, 31.5 хувь буюу 57 иргэн нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна

ҮМҮЧЭТХЭАЭ-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 52 хуулийн этгээд, 428 иргэдээс 196 санхүүгийн тайлан, 268 арилжааны мэдээ ирүүлснийг хянан баталгаажуулж, салбарын нэгтгэлд хамруулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *