“Алтан тариа”-н гурилын үнэ дахин нэмэгдэх үү

0

“Алтан тариа” ХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын ногдуулсан 20 сая төгрөгийн торгууль үндэслэлгүй хэмээн үзэж шүүхэд өгөх болсноо зарлахын ялдамд гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байгаагаа мэдэгдсэн нь нийгэмд дуулиан тариад байгаа. 

Улмаар тус хувьцаат компанийн ерөнхий захирал П.Цэнгүүн “Мөнгө ба инфляц” лекцээ үнэ төлбөргүй уншиж, гурилын үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэх болсон учраа тайлбарласан. Тэрбээр “Авлигыг ард түмэн төлдөг” хэмээн хэлсэн билээ. 

Үүнтэй холбогдуулж ШӨХТГ-аас өчигдөр албан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу тус компани нь зөрчлийн үр дагаврыг арилгах буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үнийг цуцлах байтал эсрэгээрээ үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэгдүүлэх аливаа шалтгаант холбоо байхгүй байна. 

“Алтан тариа” ХХК-ийн тус үйлдэл нь хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэхээр байгаа тул уг үйлдлээ нэн даруй зогсоохыг хүсье” хэмээн уриалжээ. 

Хариуд нь “Алтан тариа” ХК-ийн ерөнхий захирал П.Цэнгүүн “Хамгийн ёс зүйгүй төрийн газар надад бизнесийн ёс зүйг заах юм гэнэ. Би харин зааж өгнө өө. Тус газрын бүх ажилчдыг шударга өрсөлдөөн, бизнесийн ёс зүйн тухай 3 сарын 9-нд хийх яриандаа урьж байна” гэжээ.

ШӨХТГ-ын үйлдэл бүрийн дараа үнэ төлбөргүй лекц болон гурилын үнэ өсөх акц явагдаж байгааг харж болно. Хэрэв тус газраас дахин торгууль ногдуулбал “Алтан тариа”-н гурилын үнэ дахин өсөх нь ойлгомжтой болж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *