Эрх баригчдын “хөнжилд” шургасан МОНГОЛБАНК

0

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд иржээ. Хоёр сарын дараа монголчууд шинэ 126 гишүүнтэй парламентаа сонгоно. Энэ өдрүүдэд сүүлчийн 76 гишүүнтэй парламентын сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн эрх баригчдын тактик иргэдийн халаас руу өнгийх боллоо. Цалин тэтгэвэр халамж нэмэх, малчдын зээлийн хүүг хойшлуулах, хүүгүй зээл олгох байдлаар жилийн жилд сонгуулийн өмнө ажиглагддаг трэнд өнөөдөр ч хэвээр. Сүүлийн найман жил төрийн эрхийг барьсан МАН-ын шийдвэр иргэдийн амжиргаа руу оров.

Хэдхэн сарын дотор Засгийн газар, Монголбанк малчдын зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, тэглэх, хүүгийн төлбөр хойшлуулах шийдвэр гаргасан бол одоо мөнгө тараахын оронд муу зээлдэгчдийн түүхийг баллуурдах гэнэтийн шийдвэрийг Монголбанк гаргалаа. “Хар жагсаалт”-д бүртгэлтэй зээлдэгчдийн дунд иргэдээс илүү ЖДҮ, Боловсролын сангийн зээл, Хөгжлийн банк тоносон дээрэмчид хүртэл багтаж байгаа нь зээлээ хугацаанд нь төлдөг энгийн ажилтан, бизнесмэнийг хохироож буй шударга бус.

Хэзээнээс л төв банк эрх баригчдын ҮГЭЭР кассын машин нь болсоор ирсэн нь зөвхөн өнөөдрийн шийдвэрүүд биш.

2021 онд цар тахлын үед эдийн засгийг сэргээх зорилготой “Хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг нэг удаа өршөөсөн түүхтэй. Гэвч өнөөдөр ч хаалгаа барьсан бизнесүүд дахин хөл дээрээ зогсож чадаагүй хэвээр. Мөн л өмнө нь эрх баригч нарын шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэж байсан түүхтэй. Тухайн үед мөн л зээл авсан нь хожиж, зээл аваагүй нь хохирсон. Үүнээс өөрцгүй Монголбанк “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг нэг удаа өршөөхөөр болж байгаа нь дөнгөж хөлөө олж буй эдийн засгаа хорлосноос ялгаагүй болохыг эдийн засагч нар ч хэлж байна.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Зээлдэгчдийг “хар жагсаалт”-аас өршөөх нь буруу. Энэ бол улс төр. Зээлийн түүхийг баллуурдах нь нийгэмд маш сөрөг нөлөөтэй. Хариуцлагагүй, ёс зүйгүй иргэнийг төлөвшүүлж, хариуцлагын тогтоолцоогоо сүйтгэсэн шийдвэр гаргаж байгаа нь эдийн засгаа баллаж байна” гэсэн юм. Угтаа бол чанаргүй зээлдэгчдийн түүхийг баллуурдах нь банк санхүүгийн салбарт алдагдалтай гэдгийг төв банк хамгийн сайн мэднэ. Тэр дундаа Монголбанк эдийн засагт үүсэх наад захын зээл төлөлт хойшлох, чанаргүй зээл нэмэгдэх, банк санхүүгийн экосистем доголдож болзошгүй зэрэг эрсдлийг маш сайн тооцсон байх учиртай. Магадгүй төв банк төрд “амаа үдүүлсэн”, эрх баригчдын дохио зангаагаар хөдлөх болсон гэх хардлага хэзээнээс л бий. Сөрөг хүчний төлөөлөл АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Н.Амаржин “Монголбанк зээлийн мэдээллийн сангаас “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг тэглэж байгаа нь төрийн эрхийг сүүлийн найман жил барьсан МАН-ын том дарангуйлал төв банканд нөлөөлж сонгуульд орох шийдвэр. Энэ бол маш аюултай.

Бид аажим аажмаар ардчилалаа алдаж байгаа бол санхүүгийн эдийн засгийн хувьд ч бас дарангуйлал хэрхэн нөлөөлж байгааг энэ байдлаас харж болно. Монголбанк, банкны ерөнхийлөгч нь “хар жагсаалт”-ын түүхийг арилгах нь санхүүгийн хувьд харицлагагүй болохыг мэдэгдэж ийм шийдвэрийг зогсоох хууль эрхзүйн бүрэн чадамжтай.

Гэвч практикт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын даргынхаа үгийг сөрж чадахгүй хүнд нөхцөл үүсэж байна” гэж хэлсэн. Мөн л эдийн засагчид Монголбанк “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг нэг удаа өршөөх энэ шийдвэр нь УИХ-ын сонгуулийн өмнө гарч байгаа нь өөрөө “но”-той гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ онцолж байлаа. Тэрбээр “Сүүлийн үед гарч буй шийдвэрүүд нь улс төр. Сонгуулийн жилүүдэд хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй атал Их хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болох жилд үргэлж ийн гэнэтийн шийдвэрүүд гардаг. Миний харж байгаагаар сонгуультай холбоотой холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлтийн шийдвэр гаргаж байна. Монголбанк эрсдлээ маш сайн тооцож, “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдэд өршөөл үзүүлэхдээ шүүлтүүртэй хандахгүй бол эдийн засагт маш сөрөг нөлөөтэй” гэсэн юм.

Эрх баригчид индрийн цаанаас үргэлж халамж, тэтгэвэр, шагнал, зээл тэглэх гэхчлэн бурхны дүрээр чихэнд чимэгтэй шийдвэр гаргадаг ч бодит хөрсөн дээрээ иргэд нь ядуу, бизнесийнхэн дөнгөтэй, төв банк нь дүлий сохор мэт байгаа нь бодит үнэн.

Бас бэлэнчлэн сэтгэлгээгээр төр иргэдийнхээ тархийг угааж байгаа нь Монголбанкны шийдвэрээс харж болохоор. Эдийн засагч Б.Лакшми “Улс төрчид нийгэм ёс зүйгүй гэж байнга шүүмжилдэг атал өөрсдөө үйлдлээрээ ёс зүйгүй болохыг нь урамшуулж байна. Зээлээ хугацаанд нь төлсөн, өнтэй хаваржсан малчдаа урамшуулал л даа. Хичээж хөдөлмөрлөсөн хүмүүс хохирч, эргээд хариуцлагагүй ёсзүйгүй хүмүүсээ дэмжиж өөхшүүлэх жишиг тогтлоо. Халамж, өршөөл зэргээр хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна” гэсэн юм. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Монголбанкны шийдвэр улс төрийн сонгуультай холбоотой байхыг үгүйсгэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ тухай “Сонгуулийн жилд энэ шийдвэр гарч байгаа нь хардлага төрүүлж байна. Магадгүй хүмүүсийн саналыг татах зорилготой үйлдэл гаргаж байна уу, яагаад заавал сонгуулийн өмнө энэ шийдвэрийг гаргаж байна вэ? Сонгуулийн дараа шийдвэр гаргаж болохгүй байсан уу? гэх зэрэг олон асуулт эргэлзээ төрүүлж байгаа юм. Арилжааны банкуудын хувьд өмнө нь зээлийн ангилал буурсан хар жагсаалтад орсон зэрэг түүхийг нь харах боломжтой байсан бол муу түүхийг нь цэвэрлэснээр сайн, хариуцлагагүй зээлдэгч эсэхийг мэдэх боломжгүй эрсдэлтэй болж байна. Санхүүгийн урсгалуудаа тооцоолоход хүндрэлтэй болж байгаа юм” гэж байлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *