Г.Ганжаргал агсны гэргий: 652 хоног өнгөрч, 4000 зураг материал цуглуулж, 143 удаа гомдол гаргалаа

0

Хураангуй: 2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу шивэрт” рашаан сувиллын газар Монголын гажиг заслын эмч нарын холбооны ерөнхийлөгч, Анагаах ухааны  доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч Г.Ганжаргал амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Тэрээр тухайн үед “Эрүүл шүд Эрүүл монгол” хөтөлбөрийн багийнхантай хангайн бүсэд ажиллаад буцаж явсан юм. Шүүх шинжилгээний дүгнэлт 16 хоногийн дараа “Гадны нөлөөгүй өндрөөс унасан” гэж гарсан. Гэвч ар гэрийнхэн нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүртэл үнэн мөнийг хайсаар яваа юм.

Хэрэг явдал хэрхэн эхэлсэн бэ?

2022 оны 6-р сарын 22 Г.Ганжаргал  “Эрүүл шүд-Эрүүл монгол” хөтөлбөрийн ажлаар хангайн бүсийн 7 аймагт ажиллах 41 хүний бүрэлдэхүүнтэй багтай замд гарсан. Томилолт Дархан-Уул аймгаас эхэлсэн.

2022 оны 6-р сарын 24 Г.Ганжаргал эмч хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлчхээд найзтайгаа хамт Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн Хатгал сум руу хувийн байшингаа дуусгахаар явсан.

2022 оны 6 дугаар сарын 29 Г.Ганжаргалын байшинг барьж байсан мужаан хот явах болсноор ажил нь зогссон тул “Эрүүл шүд-Эрүүл монгол” хөтөлбөрийн багтай Хөвсгөлийн Их-Уул суманд уулзаж, цааш хамт явахаар болсон.

2022 оны 7 дугаар сарын 1 Тус багийн хамт өөрийн байшин барьж байсан Хөвсгөлийн Хатгал суманд ирсэн.

2022 оны 7 дугаар сарын 4 Хөвсгөлийн томилолт дуусч, замд гарсан.

2022 оны 7 дугаар сарын 8-ны 22 цагт Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэр “Хасу шивэрт” рашаан сувилалд ирсэн. Г.Ганжаргал багш 2 цаг хэртэй халуун рашаанд орсон. Энэ үеэр шавиараа хоёр удаа пиво авчруулж уусан. Өөрөөр хэлбэл 2 лааз л пиво уусан. Тэд галын наадам хийх гэтэл мод чийгтэй тул дотогш зааланд орсон.

01:45-2:00 цаг Г.Ганжаргал хажуу дахь эмчээ налаад зааланд унтсан учир 3 шавь нь дөрвөн давхрын 401 тоот өрөөнд аваачиж оронд нь оруулсан.

7 дугаар сарын 09-ний өглөө “Хасу шивэрт” рашааны ажилтан угаалгын өрөөний цонхоор газар хэн нэгэн хэвтэж байхыг хараад очиход Г.Ганжаргал багш нас барсан байдалтай байсан.

2022 оны 7 дугаар сарын 9 10:00 цаг: Г.Ганжаргал агсны гэргий рүү эмч А залгаж “Багш нас барчихсан байна” гэж хэлсэн.

7 дугаар сарын 09-ний 12:00 цаг: Г.Ганжаргал агсны аав, ээж, эхнэр, хадам ээж, найз нь Архангай руу явсан. Гэр бүл нь хэрэг гарсан газар руу очихыг хүссэн ч шинжээч эмч хаа явааг нь асууж Цэцэрлэг хот руу шууд ир гэсэн. Талийгаачийн цогцсыг аймгийн төв рүү авч ирсэн байсан. Тэдэнд цогцсыг харуулсны дараа задлан шинжилгээ эхэлж 7 дугаар сарын 10-ны 02:00 цагт дууссан.

7 дугаар сарын 10-нд Г.Ганжаргал агсны аав хүүгийнхээ цогцсыг авч хот руу буцаж, эхнэр, хадам ээж, найзууд нь хэргийн газар руу явсан.

2022 оны 7 дугаар сарын 16-нд Ганбүргэдийн Ганжаргалыг хөдөөлүүлсэн юм.

Эмч залуу амиа алдах хүртэл сүүлийн хэд хоногт дээрх үйл явц өрнөсөн байдаг. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эхнэр нь үеэл дүүгийнх нь хамт Архангай аймагт очиж хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцахад “Гадны нөлөөгүй өндрөөс унасан” гэж дүгнэсэн. Эндээс хардах сэжүүрүүд хөвөрч эхэлнэ. Тодруулбал,

Хэргийн материалд талийгаачийн согтолтын зэрэг 1.1 фромиль гэж гарсан. Энгийнээр энэ нь эрүүлээр сэтгэж, бодох бүрэн чадамжтай хөнгөн согтолт. Ийм байхад талийгаач тагт руу гарч өндрөөс хөл алдаж унах боломжгүй. Нөгөө талаас хавтаст хэрэгт талийгаачийг унасан гэх тагтны хаалганы бариул дээрх хурууны хээний шинжилгээ байгаагүй. Мөн нас барсан цагийг өрөөнд орсноос хойш төд удалгүй унасан мэтээр тогтоосон.

Нас барсан цагийг тогтоох хүүрийн толбо үүссэн байдал, биеийн хөшилт, анусаар темпаратур хэмжих зэрэг түгээмэл аргын алийг нь ашиглаагүй. Хамт явсан Д гэх багш хэрэг гарсан өдрийн 13 цагт “Энэ гадны нөлөөгүй шүү. Бөөлжих гэж байгаад хөл алдаад уначхаж” гэж хамт явсан хүмүүстээ тайлбарласан. Гэр бүлийнхний нь үзэж байгаагаар талийгаач үүрээр 5-6 цагийн үед амиа алдсан. Хожим гомдол гаргаж тухайн үед рашаан дээр байсан 45 хүнээс мэдүүлэг авахад “Дуу чимээ их гараад байсан. Үүрээр хүмүүс орилолдож уйлсан” гэх мэтээр хэлсэн байдаг.

-Миний цуглуулсан баримт материалтай энгийн хүн танилцахад гадны нөлөөтэй хэрэг гэдгийг ойлгоно-

А.Отгонцэцэг цуглуулсан баримт материалаасаа заримыг нь тайлбарлаж танилцуулав

Энэ мэт эргэлзээтэй, бүхий л мэдээлэл, мэдүүлэг, дүгнэлт нь хоорондоо зөрсөн нөхцөл байдлаас үүдэж Г.Ганжаргал агсны гэргий А.Отгонцэцэг нөхрийнхөө амь насаа алдсаны үнэн мөнийг олох гэж тэмцэж яваа эмэгтэй. “Багш нас барчихлаа” гэсэн аймшигтай үгийг сонссон тэр өдрөөс хойш 652 хоног өнгөрч, 4000 гаруй зураг, материал цуглуулж шүүх, прокурор, АТГ, төрийн өндөрлөгүүдэд 143 удаа өргөдөл, гомдол, санал хүсэлт илгээжээ. Аргаа барсан эмч бүсгүй хэргийн үнэн мөнийг олж, үр хүүхдэдээ “Аав нь архи ууж байгаад өндрөөс унаад амиа хорлосон” худал бараан түүхийг сонсгохгүйн тулд Хуулийн чиглэлээр сурч эхэлжээ.

Хэдхэн сартай хүүхдээ тэвэрч, өнчирч үлдсэн энэ эмэгтэй өнгөрсөн хугацаанд бүтэн нойртой хоносон шөнө үгүй. Үүнийгээ тэрбээр “Миний энэ цуглуулсан баримтуудтай энгийн хүн танилцахад л гадны нөлөөтэй бусдад хорлогдож амь насаа алдсан гэдгийг ойлгоно. Ийм л тодорхой хэрэг дээр цагдаа, шүүхийнхэн “гүрийж” гэмт этгээдүүдийг хаацайлж хүү бид хоёрын амьдралаар тоглож байна шүү дээ” хэмээн уйлав.

Уг хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа яригдаж, хүн бүр мэдэх болсон ч хууль хяналт үнэн мөнийг тогтоох утгаараа хэрэг анхны дүгнэлт дээрээ л байгаа гэж ойлгож болно. Хэн ч хөдөлдөггүй, хэн ч ойшоодоггүй 652 хоног өнгөрсөн учраас л А.Отгонцэцэг холбогдох байгууллагуудад 143 удаа хүсэлт, гомдол, өргөдөл гаргаад явж байгаа нь энэ.

Хэргээс онцолж харах өнцгүүд

Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг гүйцэтгэсэн.

Туршилтыг гүйцэтгэхийн тулд 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд 4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөмөрч унасан. Туршилтын дүгнэлтээр хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагчийн эхний таамаг няцаагдана. Мөн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед ингэдэг байна. Талийгаачийн биед 30 гаруй зулгаралт, шалбаралт үүссэн байдаг.

Хэргийн материалд анх байгаагүй талийгаачийн хурууны хээний шинжилгээ сэтгүүлч С.Бүдрагчаагийн “Хасу шивэртэд болсон хүн амины хэрэг” нэвтрүүлэг цацагдсаны дараа буюу хэрэг Архангайгаас УЕП руу шилжсэнээс хойш гурван сарын дараа гараад ирсэн. Ингэхдээ хавтаст хавсаргахаа мартсан байна гэсэн тайлбартайгаар. Гэвч эцсийн үнэнээр тагт дээрх хурууны хээ дотор талийгаачийнх нь байдагггүй ажээ.

Энэ явдал дээр хохирогчдод итгэл үнэмшил төрүүлэх нэгээхэн ч мэдүүлэг, мэдээлэл байдаггүй. Ар гэрийнхэн нь рашаан руу явж байхад “Хэргийн газрыг сайн цэвэрлээрэй” гэсэн чиглэлийг өгсөн гэдэг. Мөн хэргийн газрын нөхцөл байдлыг өөрчилж, шинжээчийн дүгнэлтэд нийцүүлэх оролдлого улайм цайм хийсэн. Тодруулбал, талийгаачийн унасан газрын толгой таарсан хэсэгт чулуунууд байршуулж, генераторын дээд хэсгийн төмрийн зохиомлоор цохиж хонхойлгосон. Анхны хавтаст хэрэгт авагдсан зураг, дараа нь өөрчилж бэлдсэн газраас огт өөр.

2023 оны 5 дугаар сарын 31-нд үхлийн шалтгаан тогтоох гурав дахь удаагийн шинжилгээг хийхээр болж, шинжээч томилсон байдаг. Шүүх эмнэлэгт харьяалагддаггүй эмч нар шинжээчийн багт багтсан. Гэвч шийдвэр гарснаас хойш гурван сарын дараа гавал тархины мэдрэлийн мэс заслын эмч “Айж байна” гэж хэлээд татгалзчихсан учир дүгнэлт гарахгүй бүтэн жил болж буй. Энэ эмч юунаас айсан бэ?

Зургийн тайлбар: Цогцсын хөшилт хэргийн газрын анхны үзлэгийн мэдээлэлтэй таардаггүй, хэргийн газар дараа нь чулуу авч ирж байршуулсан…

Наад захаас нь цухас дурьдахад л энэ. А.Отгонцэцэгийн цуглуулсан 3250 хуудас материалд эдгээрээс ч дорд санагдах олон мэдээлэл баримт бий.

-Одоо яах вэ-

Монголдоо төдийгүй олон улсад нэр хүндтэй эрдэмтэн багш, ухаалаг зөөлөн хүний дээд ханиа цаг бусаар алдаж, үнэн худлын дэнстэй шүд зуун тэмцэж яваа А.Отгонцэцэг эцэст нь,

  • Өндрөөс унасан гэдэг дүгнэлт худлаа болохыг батлах. Хэргийн газрын нүхэн үзлэгийг хуурамчаар нотлох баримт бүрдүүлж толгой хэсэгт чулуунууд байрлуулсан. Яг одоо физикийн шинжээчид ажиллаж байгаа. бөгөөд дүгнэлт үнэн зөв гарахыг хүлээж буй.
  • Шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гаргах. Өмнөх хоёр дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгааг нягталж зөвхөн үнэнийг тогтоох. Шинжээч эмч юунаас айж үхлийн шалтгаан тогтоохоос татгалзав гэдгээ тайлбарлаж өгөөч. Татгалзах үндэслэлээ ил тод хэлээч.
  • Мөн энэ хэрэг дээр тухайн цаг үеүдэд ажилласан цагдаа, прокурор, шүүх эмнэлгийн хүмүүсийг АТГ-т шалгуулж, учир холбоосыг тогтоолгох.

-Хардах эрхтэй-

Харамсалтай, адармаатай энэ тохиолдол дээр хэд хэдэн хүний нэр яригдаж ирсэн. Тодруулбал, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын нэрс яригдана. Тийм ч учраас задлан шинжилгээ дахин хийх ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан багт НАСМСЗ-ийн ерөнхий мэргэжилтэн Ч.Гантөмөр, гишүүн Б.Батбаяр нар орсон байсныг талийгаачийн ар гэр гомдлоор хассан байдаг.

А.Отгонцэцэг хэргийн талаарх бүхий л мэдээллээ баримтжуулж цуглуулсан. Түүнд аудио бичлэг нэлээд бий. Өмнө нь Г.Ганжаргал Нүүр ам судлалын сургуулийн эмнэлгийн даргаар 2020 оны 10 дугаар сард томидогдсонтой холбоотой, удаа дараагийн шахалт дарамтад өртөж байсан. Тэрбээр аргагүйн эрхэнд сургуулиасаа жилийн чөлөө авсан. Үргэлжлүүлээд сургуулиасаа бүр гардаг юмуу гэж ярьж байжээ. Мөн Г.Ганжаргал агсны нэр орсон ч өөрөө ч мэдээгүй тендер, төсөл, хөтөлбөрийн мөнгөний тухай бусдаас сонссон ярианууд бий. Гэх мэтээр ургуулан учир холбоосоор хөөж үзээд “Энэ хэрэг гадны нөлөөтэй” гэдэгт бат итгэдэг.

Эцэст нь тэрбээр “Миний нөхрийн амь насаа бусдын гарт алдсан энэ хэргийг 4 давхраас унаж амиа хорлосон болгож хаана гэж санаархаж байвал хэзээ ч бүтэхгүй шүү” хэмээн шүд зууж, нулимс дуслуулан хэлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *