Авлига, албан тушаалын хэргээр шүүхэд шилжсэн улс төрч “Авлигатай тэмцэх төлөвлөгөө”-г ярих нь зүйд нийцэх үү?!
Өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барьсан.
Монгол Улс 2015 онд Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 39 оноогоор дэлхийн 168 улсаас 72-т эрэмбэлэгдэж байсан бол 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 7 жилийн хугацаанд буюу 2022 оны үзүүлэлтээр оноо огцом буурч, төрийн албанд авлига өссөн 10 орны тоонд орж, 100 оноо авахаас 33 оноотой дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2023 онд оноо хэвээрээ ч таван байраар ухарч 121-т орсон.
Авлига бол Монгол улсын хөгжил, ард түмний амьдралыг сөхрүүлж байгаа хүчин зүйл гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцолж байна. Гэхдээ энэ хүчин зүйлийг засах чухал асуудалд авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн улс төрч болох УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар оролцож, батлалцах гэж байгаа нь ёс зүйд нийцэх үү гэдэг асуудлыг хөндөж байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлчихсэн.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй гэж Үндсэн хуульд бий. Хууль ийм ч ёс зүй, ухамсар гэж зүйл бий.