Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах туршилт хийнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өглөө 6:20 цагаас нэгэн туршилт хийх гэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобуснууд Таван шар, Офицеруудын ордноос хуваарийн дагуу ар араасаа хөдөлдөг байсан. Харин маргааш дараах чиглэлийн 37 буудлаас 37 автобус нэгэн зэрэг хөдлөн интервалын дагуу тойрог хэлбэрээр үйлчилгээнд явах юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
-Энэ туршилтын дагуу автобусны буудлуудаас эхний гаралтын буюу хоосон автобуснуудад зорчигчдыг суулгана. Тэгэхээр чиглэлийн эхний буудлуудаас автобус ирэхийг хүлээх шаардлагагүй болно. Мөн ачаалал их байдаг өглөөгүүр буудал бүрээс автобус үйлчилгээнд гарснаар зорчигчийн урсгал жигд түвшинд хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, нэг автобусанд суух хүмүүсийн тоо тэнцвэржиж, дундын буудлууд дээр автобус дүүрэх, зорчигч багтахгүй үлдэх зэрэг асуудал арилна” гэсэн юм. Энэ туршилт үр дүнгээ өгч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдвэл цаашид ачаалал ихтэй чиглэл, бүсэд туршихаар төлөвлөж буйг тэрбээр онцолсон.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС