Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэв
“Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацын төлөөлөгчид гуравдугаар сарын 6-9-нд Улаанбаатар хотод ажиллалаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацийн захирал Кивон тэргүүтэй албаныхан уулзаж, төслийн төлөвлөгөөний талаар санал солилцов.
Уулзалтын үеэр гэр хорооллын зарим хэсгийн нүхэн жорлонг чингэлэгт суурилсан ариун цэврийн байгууламжаар сольж, хөрс, гүний бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйг сайжруулах, загварчлалыг бий болгох зэрэг төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн юм.
“Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх” төслийг БНСУ-ын Хүрээлэн буй орчны яамны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр 2022 оны арваннэгдүгээр сард санхүүжилтийн гэрээ байгуулсан. Уг төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академиас БНСУ-ын Хүрээлэн буй орчны корпорацтай хамтран 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Түүнчлэн тус төсөл нь бохирыг цуглуулах, цуглуулсан бохирыг аюулгүйгээр зохицуулах, таатай орчин бүрдүүлэх, ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, эрүүл ахуйн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС