НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид, төлөөлөгч оролцох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалт маргааш эхэлнэ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар уг чуулга уулзалтад оролцохоор “Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр (2024.04.24) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочныг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар албаны бусад хүмүүсийн хамт угтан авсан юм.
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран хоёр удаагаа зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэгдэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.