Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-д М.Энхболдын “Хотын фракц”-аас А.Ундраа, Д.Ганболд, Б.Гүнбилэг нарын хүмүүс элсжээ
Улсын дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам /МНН/ болон 13 дугаарт бичигддэг М.Энхсайханы гэх тодотголтой Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ хамтарч “Үндэсний эвсэл” нэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд орохоор болж, даргаараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон. Н.Номтойбаярын хувьд тойрогт нэр дэвшихгүй намын жагсаалтад орно гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл “Үндэсний эвсэл”-ээс МАН-ын гишүүд рүү холбогдож, эвсэлдээ элсэхийг цаашлаад УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших саналыг тавьсан байна.
-А.УНДРАА, Д.ГАНБОЛД, ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ АСАН П.БАЯРХҮҮ НАР “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-Д ЭЛСЖЭЭ-
Тэр дундаа М.Энхболдын “Хотын фракц”-ынханд санал тавьсан бөгөөд санал хүлээн авсан гишүүд эхнээсээ “Үндэсний эсвэл”-д элсэж, УИХ-д дэвших тохироогоо хийжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Д.Ганболд, хуульч Б.Гүнбилэг, НИТХ-ын төлөөлөгч асан П.Баярхүү нар “Үндэсний эвсэл”-д элсжээ. Эдгээрээс А.Ундрааг жагсаалтад орж магадгүй тухай мэдээлэл байгаа юм. Түүний хувьд физикч мэргэжилтэй, АНУ-ын Хойд Каролинагийн Улсын их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан, гадны нэр хүндтэй байгууллагуудад эрдэм шинжилгээний ажил хийсэн, туршлагатай. Тэрбээр 2016-2020 оны парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаад 2020 оны сонгуулийн өмнө намын удидлагуудаа шүүмжилсний улмаас дэмжлэг авч чадаагүй байдаг. Харин Д.Ганболдын хувьд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Түүнийг Чингэлтэй, Сүхбаатарт нэр дэвших сургаар тус дүүрэгт МАН-ын штабыг ахалж орох Н.Учрал нэлээн сандарч байгаа аж. Учир нь Д.Ганболдын нэр хүнд Чингэлтэй дүүрэгт боломжийн учир МАН-ын саналыг хуваах өндөр магадлалтай байгаа юм. Хуульч Б.Гүнбилэгийн тухайд М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад ахлах зөвлөх нь байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд Зөв хүн электорат эвслээс Булган аймагт нэр дэвшиж байсан юм.
Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар элсэж магадгүй байгаа аж.
-МАН-ААС ГАДНА АН-Д ГОМДОГЧИД Ч “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-Д ЭЛСЭЖ БАЙГАА АЖ-
Н.Номтойбаяр нь МАН-аас гадна АН-ын олон гишүүн рүү холбогдож уулзалт хийсэн ч зарим нь татгалзаж, нэлээн олон нь түүний Үндэсний эвсэлд нэгдэхийг зөвшөөрчээ. Түүний тухайд МАН-аас УИХ-д хоёр удаа сонгогдсон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, сайд, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж, нэг хэсэг улстөрд гялалзаж явсан. Тийм ч учраас Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд хамтран зүтгэж байсан залуусаа ч “Нааш ир” гэжээ. 2021 оны нэгдүгээр сард Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг холбогдох Байнгын хороод дэмжсэн бол, мөн өдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Н.Номтойбаярыг МАН-аас хасах шийдвэрийг гаргасан юм. Харин 2020 оны тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Энэ үеэр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан бөгөөд СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгээд байсан юм.
Н.Номтойбаяр цагдан хоригдох болсон тухайгаа, “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй” хэмээн мэдэгдэж байв. Ингээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн үзэж хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноож, тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард шоронгоос суллагдсан юм. Н.Номтойбаяр, “Та бүгд сайн байна уу? “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: isee.mn