Г.Занданшатар: Дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилтоо 2030 онд хэрэгжүүлж чадахгүй нь бараг тодорхой боллоо

0

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө

Та бүхэндээ эртний түүхт Монгол нутгийн Хаврын улирлын сүүлийн сарын сайхан өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Та бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалтыг өнгөрсөн оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Нэг жилийн дараа өнөөдөр Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй Бан Ги-Муны “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэмсэг ноён Бан Ги-Мун, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Жи Вук Шин, Бүгд Найрамдах Кыргыз Улсын Үндэсний дээд зөвлөлийн дарга Нурланбек Шакиев, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Сандор, Парламентын гишүүн Арпад Потапи, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, хатагтай Асем Калашбаева Рахметова нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Юки Коногаяа, Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин, “Ниппон Монгол” нийгэмлэгийн ерөнхийлөгч, монголчуудын дотнын анд нөхөр Шиничи Кубота болон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар, “Оюу Толгой” ХХК энэхүү чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаад гүнээ талархаж байна. Мөн АНУ, Казахстан, БНСУ, Турк, ХБНГУ, Кыргыз, Узбекистан улсын дэлхийд нэр хүндтэй томоохон их сургуулиудын эрдэмтэн, судлаачид, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, их, дээд сургуулиудын төлөөлөлд талархал дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.

Эрхэм нөхөд өө,

 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. Энэ сэдвийг сонгосон маань учир шалтгаантай. Тогтвортой хөгжил бол хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилго юм. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь 2030 он гэхэд илүү тогтвортой, эрх тэгш хөгжилтэй дэлхий ертөнцийг бий болгохын тулд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний манлайлал дор дэлхий бүх улс орнуудын дэвшүүлсэн дэлхийн хүн төрөлхтний нийтлэг зорилтууд юм. Гэвч дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилтоо 2030 онд хэрэгжүүлж чадахгүй нь бараг тодорхой боллоо. Учир нь хүн төрөлхтөн халдварт цар тахал, дайн зөрчил, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ бүхнээс гадна 2015 онд тогтвортой хөгжлийн зорилтыг баталснаас хойш ахиц дэвшил гарсан ч бүх зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон сорилтууд байгалийн хүчин зүйл болон бусад сорилтууд байсаар байна. Үүнд:

1. Улс төрийн хүсэл зориг: Тогтвортой хөгжлийн зорилтод ахиц дэвшил гаргахад улс орнуудад богино хугацааны  улстөрийн ашиг олохоос дэлхийн лидерүүд, улс орны удирдагчид илүү тогтвортой хөгжлийг чухалчлах улс төрийн манлайлал, тууштай байдал чухал байна.

2. Нөөцийн хязгаарлалт: Тогтвортой хөгжлийн зорилтыг  хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүгийн нөөц  шаардлагатай. Хөгжиж буй олон оронд тогтвортой хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлэхэд хангалттай санхүүжилтийг дайчлахад бэрхшээлтэй тулгардаг.

3. Тэгш бус байдал: Улс орнуудын дотоод болон дэлхийн улс орнуудын хоорондын тэгш бус байдлыг арилгах. Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.

4. Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны доройтол: Уур амьсгалын өөрчлөлт нь хэд хэдэн Тогтвортой хөгжлийн зорилтод  шууд нөлөөлж байна. Ялангуяа байгаль орчны тогтвортой байдал, бэлчээрийн доройтол, энэ өвлийн зуд, ган гамшиг малчдын амьдралд болон тогтвортой хөгжилд  маш их хохирол учрууллаа.

5. Дэлхий нийтийн, болон бүс нутгийн түншлэл: Тогтвортой хөгжлийн зорилтод харилцан уялдаатай шинж чанар нь Засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг шаарддаг. Бүх түвшний түншлэлийг бэхжүүлэх нь бодитой ахиц дэвшил гаргахад зайлшгүй шаардлагатай.

Ийм ч учраас Алтай дамнасан улс орнуудын эдийн засаг, соёлын хэлхээ холбоонд тулгуурлан энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан НҮБ болон дэлхийн улс орнууд даян дэлхийн энэ нийтлэг зорилгыг хянан үзэж, эрэмбэлэх, дахин тодорхойлох шаардлагатай тулгарч байна гэж бид үзэж байна. 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхэд бэрхшээлтэй байж болох ч гол чиглэлүүдийг эрэмбэлэх, боломжтой бол хүчин чармайлтаа түргэтгэх, оролцогч талуудын хамтын ажиллагаа, дэлхийн нийтийн түншлэл төдийгүй бүс нутгийн түншлэлийг дэмжих замаар томоохон ахиц дэвшил гаргах боломжтой. Улс орон, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс бүгдэд илүү сайн ирээдүйг бий болгохын тулд тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, амлалтаа хоёр дахин нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Ер нь дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахад чухал үүрэгтэй бөгөөд иргэний нийгэм, төр засгийн байгууллагууд, иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Ээдрээтэй ийм цаг үед Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаа ч бүх нийтийн энх тайван, шударга ёс, энэ бүхний үндэс хүчтэй, тогтвортой бат бөх институтийг бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс, хөгжлийн нэн чухал тулгуур юм. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Оршил хэсэгт “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй” гэж (Sustainable development and peace are inseparable; one cannot exist without the other) гэж тунхагласан байдаг. Ийм ч учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт энх тайван, шударга ёсыг цогцлоох, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоохыг бэхжүүлэх талаарх Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгож авсан. Энх тайвнаар, анд нөхдийн ёсоор зэрэгцэн оршиж, тогтвортой өсөлттэй эдийн засгийг цогцлоож, хүний сайн сайхан аж амьдралын үндэсийг бүрдүүлэх нь баталгаатай хангах, тэгш байдал, шударга ёс, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхийн төлөө бие биеэ дэмжиж, хамтран ажиллах нь дэлхийн улс орон бүрийн чин эрмэлзэл байх ёстой. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм. Бид иргэдтэй уулзаж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, ярилцаж явлаа. Саяхан Архангай, Өвөрхангай аймгуудын иргэдтэй уулзаж явахад хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байгаагаа ярьж байна. Энэ бол монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханд санаа зовж байна гэсэн үг. Дэлхийн хүн төрөлхтөн ч гэсэн ирээдүйнхээ төлөө санаа зовж байна. Дэлхийн дайны нөхцөл байдал, тулгамдаж буй цаг уурын бэрхшээл, өөрчлөлт, шударга ёсны тэмүүлэл нь ирээдүйд итгэх эргэлзээг буй болгожээ. Иймээс дэлхий энэ хэвээрээ байх юм уу, яаж өөрчлөх вэ, шударга, энхтайван, амар амгалан нийгмийг цогцлоох нь монголчууд төдийгүй дэлхий нийтийн асуудал болжээ. Улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид зайлсхийх учиртай. Үүний тулд бид нөхөрлөх, түншлэх ёстой, үүнд бидний хамтын хүчин чармайлт, түүний дотор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо энэ бүхнийг тодорхойлсон. Монгол Улсын Их хурлаас  засаглалын тогтолцоондоо  суурь реформ хийж, хуулийн шинэчлэл хийлээ. Олон улсын парламентын холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг хийсэн анхны парламент боллоо. Хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байхаа тунхаглаж, ОУПХ-той хамтран Хүний эрхийн өөрийн үнэлгээг анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал боллоо. Мөн жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа баталж, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бий болгосон анхны парламент болсон. Гурван D” буюу “Digital, Democracy, Deliberative” парламент болох зорилт дэвшүүлж, “D-parliament” цахим системийг нэвтрүүлснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхжиж, ил тод, нээлттэй байдлын зарчим хэвшиж байна. Үүний үр дүнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхжиж, ил тод нээлттэй байдал буй болж байна.

Монгол Улсын авлигатай тэмцэх талаар баримталж буй гол зарчим нь авлигын хэрэгт төрийн алба, бизнесийн салбар, хувь хүний гэлтгүй, бүх түвшинд ижил тэгш, хатуу чанга хандахад оршиж байгаа юм. Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, авлигаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь энэ үйл ажиллагааны гол стратеги болж байна. Авлига нь шударга ёс, хүний эрх, засаглалын нэр хүнд, ардчиллын үнэ зүйлс, иргэдийн боломжид асар их хор уршиг учруулдаг.  Авлигын хохирлыг нөхөн төлүүлэх нь энэ хор хохирлыг бүрэн арилгаж чадахгүй нь ойлгомжтой ч нийгэмд шударга ёсыг тогтоох чухал хөшүүрэг мөн. Энэ чиглэлээр бид нааштай үр дүнд хүрч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.3 их наяд төгрөгийг авилгын хөрөнгө хураах чиглэлээр нөхөн төлүүлж, энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимтайгаа уялдуулан тодорхой асуудлаар санал санаачилга дэвшүүлсээр байгаа. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаарх тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах үүднээс 2026 онд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, “Цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг өөрийн оронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Эрхэм зочид, хүндэт нөхөд өө, Энэ удаагийн чуулга уулзалтаар та бид Алтай язгуурын хэл, Алтайн соёл, археологийн судалгаа, хэлний энэ бүлэгт хамаарах улс орнуудын хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярина. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд даян дэлхийн түншлэл чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн. Алтайн өндөр уулс шигээ Алтайн ард түмнүүдийн түүх, соёл ч агуу гайхамшигтай. Алтайн соёл нь хүн төрөлхтний аж төрөх ёс, эрдэм ухаан, үйлдвэрлэл, урлаг, шашин шүтлэг гээд олон салбарын гүн гүнзгий хэрнээ нэн сонирхолтой ул мөрийг хадгалсаар байна. Тиймээс Алтайн уулсын эргэн тойронд аж төрөн сууж, өөрсдийн хэл, соёл, түүхийн нийтлэгийг бий болгосон өвөг дээдсийнхээ энэ гайхамшигт түүхийг судлах, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг тодруулах нь Та бидний хувьд нэр төрийн хэрэг мөн. Алтай язгуурын хэл, Алтайн соёл гэх ойлголт Евразийн өргөн уудам газар нутаг, Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал, зүүн тийшээ Солонгосын хойг, Японы арлууд хүртэл түгэн тархаж, бүрэлдэн бий болсон. Цаашилбал Хойд Америкаар дамжиж Төв Азиас нүүн очсон уугуул иргэдийн соёл ч хамаарна. Тиймээс “Алтайн соёл” хэмээх түүхэн нийтлэг соёл, бодлогын хүрээнд хамтын ажиллагааны яриа хэлэлцээгээ улам баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газар “Алтайн өндөр уулс” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр 2020 оны 09 дүгээр сард холбогдох баримт бичгүүдийг хүргүүлсэн. Энэ бол Та бид цаашид байгалийн болон соёлын аялал жуулчлалын хамтарсан брэнд бий болгох, эдийн засгийн яриа хэлэлцээр болон улс дамнасан аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг дэлхий нийтэд санал болгох, Алтайн соёлыг сурталчлан түгээх, Алтай судлалыг идэвхжүүлэн хөгжүүлэх олон сайхан боломжийг нээх чухал хөшүүрэг мөн. Та бид Алтайн хэл, соёлоос гадна Хүннү, Түрэг, Уйгур, Их Монгол Улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаад, Юань улсын түүхээр ч бас гүнзгий холбогддог. Эрт цагт алдарт “ТОРГОНЫ ЗАМ” биднийг холбож байсан бол хэл, соёл, түүхийн “АЛТАЙН ШҮХЭР” гэж нэрлэж болох түүхэн нийтлэг үнэт зүйл өнөөдөр биднийг холбож байна. Энэ асар том шүхрийн дор бид ижилсэн нөхөрлөж, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын хүчин чармайлтаа нэгтгэх нь ЭВ НӨХӨРЛӨЛ-САЙН ҮЙЛС-ийн шилдэг жишиг болно гэдэгт итгэлтэй байна.Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн, судлаач  та бүхэндээ сайн үйлсийн эрхэм зорилго бүхэн тань биелж бүтэхийн ерөөл өргөе. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *