ЦЕГ: “Ачит-Ихт” компанитай холбогдуулан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг яллагдагчаар татна
Цагдаагийн ерөнхий газраас “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.”Эрдэнэт үйлдвэр” 2013 оны долдугаар сарын 13-ны өдөр “Ачит-Ихт” ХХК-тай балансын бус хүдэр буюу овоолго ашиглах гэрээг байгуулсан байна. Ингэхдээ 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшихээр болсон байна. Дараа нь 2015 онд энэхүү гэрээг цуцалж, “Ачит-Ихт” компани 100 хувь эзэмших болжээ.”Ачит-Ихт компанийн гол хувьцаа эзэмшигч нь Цаглабар ХХК, Степпкупер ХХК юм байна. Степпкупер ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг задалбал, 24.5 хувийг Д.Эрдэнэчимэг, 25.5 хувийг түүний нөхөр П.Цагаан /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан/, 24.5 хувийг хүү Ц.Мөнхтүвшин, 25.5 хувийг түүний охин Ц.Номундарь нар тус тус эзэмшдэг, гэр бүлийн компани аж.”Ачит-Ихт” компанийн 22 хувийг эзэмшиж байгаа “Цаглабар” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч Ц.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг аж. “Цаглабар” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа У.Өлзийжаргал нь “Степпкупер” компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг юм байна.
Цагдаагийн ерөнхий газраас “Цаглабар” ХХК-нд шилжүүлсэн гүйлгээний мэдээллийг шалгаж байгаа бөгөөд 2016 онд тус компанийн арилжааны дансанд 13.6 сая ам.доллар орсон нь мөрдөн шалгах явцад тогтоогджээ. Түүнчлэн, “Ачит-Ихт” компанийн борлуулалтыг судалж, зарим гүйлгээнүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, “Ачит-Ихт” компани 2014-2021 онд 53.370 тонн зэс буюу тухайн үеийн ханшаар 635 тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй “Noble Resources” компанид худалдан борлуулжээ. 2018-2023 онд 41.5 мянган тонныг тухайн үеийн ханшаар 960 тэрбум төгрөгийн зэсийг Сингапур улсад бүртгэлтэй “Fortune I-Trade PTE” компанид худалдан борлуулсан байна. “Fortune I-Trade PTE” компанид худалдан борлуулахдаа нууц гэрээгээр нэг тонн тутамдаа 330-350 ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, нийт 14.5 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн байжээ. Бүртгэлээс “Fortune I-Trade PTE” компанийн хувь эзэмшлийг шалгахад Д.Эрдэнэцэцэг буюу “Ачит-Ихт” компанийн хувьцаа эзэмшигч, П.Цагааны гэргий байсан байна. Өөрөөр хэлбэл, “Ачит-Ихт” компани болон “Fortune I-Trade PTE” компани нэг эзэнтэй бөгөөд өөрөө өөртэйгээ гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар дараах баримт авагджээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж “Ачит-Ихт” компанийн хувьцаа эзэмшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нарын хоорондоо харилцсан мессеж чатыг олон нийтэд дэлгэв. Тус чатад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж П.Цагаан руу нөгөө Цаглабарт байгаа 13.5 сая ам.долларыг эвтэйхэн шилжүүлж авъя, сонгуульд ашиглая гэсэн утгатай байв.Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр арилжааны банкинд ам.долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Хугацаатай хадгаламжийн гэрээ болон цахим үйлчилгээний гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь Ачит-Ихт компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байжээ.
Хоорондоо харилцан мөнгө солилцсон эсэх асуудлыг үргэлжлүүлэн шалгана гэж ЦЕГ-аас мэдээллээ.Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа Б.Ганчулуун: Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр “Ачит-Ихт”-ээс өөр компаниуд ажиллаж байгаа. Гэхдээ “Ачит-Ихт”-ээс бусдыг шалгаж эхлээгүй байна. Хэрэгт холбогдуулан “Ачит-Ихт” компанийн захирлаар ажиллаж байгаа иргэн М-ийг яллагдагчаар татсан. Мөн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Цаашид энэ хэргийг шалгах шинээр нөхцөл байдал илэрч магадгүй.Уг хэвлэлийн хурлын дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны Х дэх хуудаст дараах байр суурийг илэрхийлжээ.