Сонгуулийн үеэр түрээслэх нисдэг тэрэг олдохгүй байна
Гишүүд гонгиноод эхэллээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр гишүүн Ц.Мөнхцэцэг “Сонгуулийн тойргийг томсгосноос болж, зардал нэмэгдэж байна. Хэзээ сонгуулиа мөнгөний биш, бодлогын өрсөлдөөн болгох вэ? Би тайлангийн сэтгүүлээ ч хэвлэж чадахгүй байна” гэж гомдоллов. Энэ зовлонг биеэрээ мэдэрсэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Сонгуулийн зардал хэд дахин нэмэгдсэн. Тайлангийн сэтгүүл хэвлүүлэх тооцоо гаргахад, 5 дахин нэмэгдсэн байна. Сонгуульд өрсөлдөх бүх улстөрч ийм зовлонтой нүүр тулж байгаа. Томоохон бизнестэй хэдхэн хүн ачааг нь даахаар тогтолцоо байна. Үнэхээр дааж давшгүй их зардалтай болчхож” гэж хэлэн, Ц.Мөнхцэцэг гишүүний зовлонг хуваалцав. Үнэнээ ил хэлсэн нь энэ хоёр болохоос хэн хэнгүй далдуур ийм зовлон тоочиж явна. Тэд яагаад ингэж гонгинох болов?
ХҮН хүн бүрт зардлаа хуваана
Намын жагсаалтад багтсан хүмүүс энэ удаагийн сонгуульд сохор зоос ч зарцуулахгүйгээр УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломжтой. Тиймээс бүгд л жагсаалтад орохоор зүтгэж, ханцуйдаа залбирч явна. Даанч ийм азтан ердөө 48. Нам, эвсэл бүр ийм 48 азтан тодруулж, “өндөр, нам”-аар нь жагсаана. Тэдэн дундаас хамгийн “өндөр”-ийг нь сонгогчид эрэмбэлнэ.
Харин азгүй 78 хамаг байдгаа тэмтэрч эхэлжээ. Хойд хормойгоо урж тасчаад эхэлж. Сонгуульд ялбал дараа нь дор нь нөхнө гэсэн тооцоо хийн, хормойгоо урж байна.
Тэгвэл ХҮН намд ийм азтай, азгүй нэр дэвшигч алга. Тойрогт өрсөлдөх 78-ынхаа зардлыг жагсаалтад багтсан 48 нь хувааж гаргах юм байна. Тус намын Төлөөлөх зөвлөл ийм зарчим тогтоожээ.
Тойрог томсгосноор зардал нэмэгдэв
Мөнгөний сонгуулийг халж, бодлогын өрсөлдөөн бий болгох нь энэ удаагийн сонгуулийн нэг зорилго, уг нь. Үүний тулд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тогтсон гэж ухуулсан ч бодит байдал өөр байна.
ҮАГ-аас өнөө жилийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, зарласан. Нам, эвсэл бүр зардлаа 6 тэрбум 434 сая 500 мянган төгрөгөөс хэтрүүлэх ёсгүй. Тойрогт нэр дэвшигч бүр зардлаа 894 сая 700 мянгаас 1 тэрбум 526 сая 100 мянган төгрөгт багтаах ёстой.
Манай улс 2008 оноос сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож эхэлсэн юм. 2008 онд 5.5 тэрбум, 2012 онд 9.6 тэрбум, 2016 онд 4.4 тэрбум, 2020 онд 5.9 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Одоо 6.4 тэрбум болоод байгаа. Юмны үнэ өссөнийг дагаад сонгуулийн зардал нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ зардлыг хамгийн их өсгөсөн хүчин зүйл бол тойрог томсгосон явдал.
Учир нь сонгуулийн сурталчилгаа явуулах 17 өдөрт тойргийнхоо сонгогчдод хүрч, өөрийгөө рекламдаж яагаад ч амжихгүй.
Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. II тойрогт нэр дэвшсэн хүн Говь-Алтайн 18, Завханы 24, Увсын 19, Ховдын 17 сумыг 16 шөнө тойрч амжихгүй. Энэ 78 сумаар бүрэн орохын тулд ганцхан өдөрт 4-5 суманд очих хэрэгтэй. Гэтэл Ховдын Булганаас Алтай ороход 80 км зайтай шүү дээ.
Жижиг онгоцны цагийн төлбөр 1800-2200 ам.доллар
Тиймээс нам, эвслүүд энэ удаагийн сонгуульд онгоц, нисдэг тэрэг хөлөглөхөөр зэхэж байна. Захиалгаа хэдийнэ өгч, урьдчилгаа төлбөрөө төлөн, захиалгаа баталгаажуулжээ. Манай улсад одоогоор “Аэро Монголиа”, “Хүннү-Эйр”, “Изинис-Эйрвэйз”, “Геосан”, “Скай жет”, “Тэнгэрийн-Улаач шинэ”, “Блю скай” зэрэг цөөнгүй компани агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Бага оврын онгоц төрөл бүрийн үйлчилгээнд нийцдэгээрээ давуу талтай. Тиймээс ч нам, эвслүүд үүлтэй тэнгэрийн доохнуур, үзүүртэй моддын дээхнүүр явж, сурталчилгаагаа амжуулахаар төлөвлөжээ.
Тэд голдуу 9 хүний суудалтай онгоц сонгосон байна. 6 дугаар сарын 10-27-ны өдрийн захиалга үндсэндээ дүүрчээ. Энэ өдрүүдэд түрээслэх ганц ч онгоц олдсонгүй. Овоо хэдэн онгоцтой ганц нэг компани л 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 9 хүртэл захиалга авч байна. Үнэ ханшийн тухайд, ийм онгоц нэг цаг түрээслэхэд дунджаар 1800-2200 ам.доллар. Одоо захиалгаа өгч, төлбөрөө бүрэн төлбөл хямдрал үзүүлэн, 1650-1800 ам.доллароор түрээслэх боломжтой аж. Үүнд даатгал багтжээ. Нислэгийн чиглэл тогтоох, аэродромоо сонгож баталгаажуулах гээд наана нь хийх ажил олон байдаг тул агаарын тээврийн компаниудад захиалгаа аль болох эрт өгсөн нь хождог юм байна.
Энэ онгоц цагт 250-280 км зам туулна. Улаанбаатараас 2 цаг нисээд Баянхонгор, 3 цаг нисээд Говь-Алтай орно. Баянхонгор хүртэлх 600 км замыг засмалаар явбал бүтэн өдрийн ажил. Гэтэл үүнийг 120 минутад туулна гэдэг цагт баригдан, хугацаанд шахагдсан нэр дэвшигчдэд хожоотой. Гол нь мөнгө бүхнийг мэднэ.
Сонгуулийн үеэр мэдээж хаа нэгтээ, аль нэг аймгийн төв, жуулчны баазын нисэх зурваст хононо. Жижиг оврын онгоцоор шөнө нисдэггүй. Харанхуй болохоос өмнө нислэгээ зогсоодог сул талтай.
Тэр үед хүлээлгийн төлбөр гэж агаарын тээврийн компанид шөнөдөө 1000-1100 ам.доллар нэмж төлөх юм байна. Ингээд тооцвол онгоц түрээслэх зардал талийж өгөх нь.
Зарим нам, эвсэл, нэр дэвшигч нисдэг тэрэг захиалжээ. Баруун аймгуудтай харьцуулбал Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хаяанд бий. Гэвч цагт баригдсан үед үүнийг бүтэн тойрох яггүй. Иймэрхүү нөхцөлд нисдэг тэрэг тохиромжтой гэж үзэж байгаа аж. Захиалгат нислэг захиалагчид голдуу уул уурхайн компани байдаг бол өнөө жил нам, эвслүүд агаарын тээврийн компаниудын 6 дугаар сарын гол орлогыг оруулахаар байна.
Том намууд ч яах вэ. Тэр тусмаа төрийн эрхийг түмэн жил барьсан МАН онгоц, нисдэг тэрэг гээд тэнгэрээр явдаг бүгдийг түрээслээд авчих биз. Жижиг намууд, бие даан нэр дэвшигчид яана даа. Яах аргагүй мөнгөний сонгууль болох нь ээ