ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР МАШИНДАА ЦУСААР БӨӨЛЖСӨН, ТЭР ХАВЬ НИЛ ЦУС БОЛСОН БАЙСАН ГЭВ

0

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан байдалтай олдсон. 

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн байгууллагад 2024 оны  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 19:20 цагийн үед иргэн “Н”-аас өөрийн төрсөн ах “Б”-г оршин суух хаягтаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд иргэн Г.Н нас барсан байдалтай олдсон. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн мэдээлсэн.

Хэргийн мөрөөр сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах Богдхан амралтын газар өдрийн 14:00 цагийн үед очлоо. Дээд талд байрлах төлбөртэй хоёр зогсоолын нэгд нь машинаа байрлуулсан байх гэсэн таамаглалтайгаар шууд төлбөртэй зогсоолыг зорив. Нэг удаадаа 50-аад машин зогсчихоор хэмжээний зай талбайтай ажээ. Өдөртөө энд машинаа тавих жолооч цөөн байдаг бололтой. Хоёр л машин зогсоолд байгаа харагдлаа. Зогсоолын үүдэнд байх манаачийн байр нь цонхон дээрээ нэг цаг нь 4000 төгрөг хэмээн бичиг наажээ. Тэрхүү жижиг цонхоор харвал нэг эмэгтэй орон дээр хэвтэж байлаа. Цонхыг нь тогшоод хэдэн асуултад хариулт авав.

-Өнгөрсөн баасан гарагт энэ хавьд нэг хэрэг гарсан. Та тэр тухай дуулсан уу?

-Тэр харагдаж байгаа гээд хойш хуруугаараа заав. Богдхан амралтын үүдэнд хэдэн машин тавьсан жижиг зогсоол байв. Тийш заагаад “Тэнд болсон. Тэр Альфард машин зогссон байгаа биз. Яг тэр хавьд машинтайгаа зогсож байсан юм билээ. Манайд ямар ч хамаагүй. Тусдаа байгууллага”.

-Тухайн өдөр та энд ээлжтэй байсан уу?

-Тийм. Гэнэт цагдаа сэргийлэх болоод л нэлээд хөдөлгөөн орсон. Дараа нь удаагүй фэйсбүүкт тэр зогсоол дээр хүн машиндаа нас барсан байдалтай олдлоо гэдэг мэдээлэл явсан. Тэгж л анх мэдсэн. 

-Тухайн өдөр Зайсан орчимд буун дуу гарлаа. Нас барсан иргэнийг буудсан байдалтай олдсон гэх мэдээлэл яваад байгаа. Энд буун дуу сонсогдсон уу?

-Үгүй. Тийм зүйл болоогүй. Гэнэт л цагдаа ирээд, үзлэг шалгалт хийгээд байсан. Тэгээд л чимээгүй болсон.

Ингээд Богдхан амралтын газрын зогсоол руу очлоо. Цөөхөн машин тавих боломжтой жижиг зогсоол бүгд машинаар дүүрчээ. Богдхан амралт хэмээн дээрээ бичсэн тоосгон хананы доод талыг өргөж буудаг хаалтаар хаасан нь эндээс амралт руу орох үйлчлүүлэгчид машинтайгаа орж болохыг илтгэх аж. 

Амралтын газрын харуул хамгаалалтын ажилтан гадаах шар өвсөө цэвэрлэж, ирж буй машинуудад хаалтыг нээж өгч байв. Харуулын ажилтнаас хэдэн зүйл тодруулав.

-Өнгөрсөн баасан гарагт танай байгууллагын зогсоол дээр гарсан хэргийн талаар та мэдсэн үү?

-Мэдсэн. Яг тэр Альфард машин зогсож байгаа хэсэгт тэр хүн машиндаа нас барсан олдсон байна лээ.

-Тухайн өдөр та ээлжтэй байсан уу?

-Би амарч байсан.

-Энэ хавьд буун дуу гарсан, тухайн хүнийг буудуулсан байдалтай олдсон гээд байгаа. Тэр талаар хүмүүс ярьсан уу?

-Үгүй. Ямар ч буун дуу сонсогдоогүй. Тэр хүн машиндаа цусаар бөөлжсөн. Тэр хавь, машин нь нил цус болчихсон байсан гэж сонссон. 

-Ямар машин байсан юм бол?

-Тоyota маркын машин л байсан гэсэн. Яг ямар машин байсныг нь мэдэхгүй. Тэр машиныг нь цагдаа нар ачилтын машинаар ачуулаад аваад явсан. 

-Тухайн үед ээлжинд гарсан хүн энд байгаа болов уу?

-Байхгүй. Тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй ажилдаа ирээгүй. 

-Тухайн нас барсан хүний ар гэрээс хүмүүс ирсэн болов уу?

-Намайг байхгүй байхад яасан юм бүү мэд. Өнөөдөр бол хүн ирээгүй.

-Тэр хүн гэрээсээ гараад 4-5 хоног сураггүй байсан. Энэ зогсоол дээр тэр хугацаанд байсан гэх зүйлүүд яваад байгаа. Машин нь энд удсан уу?

-Үгүй. Тэр өдөр л ирсэн байх. Түүнээс энэ зогсоол дээр нэг машин тэгж олон хонох боломжгүй. Бид ч байнга ээлжээр энэ хавийг манаж байгаа. Тухайн өдөр тэр машин ирж зогсоод удаагүй тэр үйл явдал болсон. 

Мөн өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч Г.Батбаярыг нас барсан асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлд “Эвийн хүч” төрийн бус байгууллагын мэргэжилтэн С.Чимгээ ярихдаа “Дорноговь аймагт болж буй ураны асуудал дээр талийгаач өнөөдрийг хүртэл тууштай ажилласан. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр нь тогтоож өгөхийг хүсч байна. Энэ бол зохион байгуулалттай аллага. Тиймээс хэргийн илрүүлэлт будилах эрсдэлтэй. Гэр бүлийнхэнд нь өглөө задлан шинжилгээ хийнэ гэсэн мөртлөө 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийчихсэн байсан. Задлан хийснээс нь эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой болж байна. Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Түүнийг амиа хорлосон мэтээр харлуулж байгаа явдалд харамсч байна. Талийгаачийн машиныг онгойлгохдоо яагаад гэр бүлийнхнийг нь дуудаагүй юм. Ямар ул мөрөө нууж байгааг бид таашгүй. Энэхүү хэвлэлийн хуралд оролцох байсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг цагдаагийн байгууллага дуудаж, нууцын гэрээ байгуулсан. Ирэх боломжтой хэдхэн хүн ирлээ” гэв. 

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир хэлэхдээ “19-ны орой талийгаачтай бид ярьсан зүйлээ ил болгохоос өөр аргагүй нөхцөл үүслээ. Г.Батбаяр сүүлийн найман жил Хархайнтолгой төсөл дээр үндэсний нэг талын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Энэ цаг үед түүнд бүх төрлийн дарамт шахалт ирсэн. Тэрбээр амиа хорлох хэмжээний хүн биш. Охиныг нийгэм бүхэлдээ харлуулж нүдэж байхад ч тэр гудайгаагүй. Зоригтой зогссон эр юм шүү” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *