Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Жадамбаагийн Энхбаяртай ярилцлаа.
-Цаг үе, нийгмийн шаардлагаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах цаг нь болсон-
-Сонгууль ойртож байгаа болоод ч тэр үү, эсхүл улс орны амьдрал ахуй үнэхээр тааруухан байгаа юм уу, сүүлийн үед үндэсний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд янз бүрийн таамаг гарах боллоо. Үндэсний аюулгүй байдал гэдэг маш ойлгомжтой юм шиг хэрнээ ард нь нээж болохгүй зүйлс ч их байх шиг. Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэдгийг маш ойлгомжтойгоор хэлж өгөхгүй юу?
-Маш энгийн, хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад, Үндэсний аюулгүй байдал гэж тухайн улсын оршин тогтнохуйн язгуур эрх ашиг, аливаа аюул заналаас найдвартай хамгаалагдсан байхыг хэлнэ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэж томьёолсон байгаа. Төөрч будилаад байх зүйл байхгүй.
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг уншиж байсан. Гэхдээ уг үзэл баримтлалыг шинэчлэх шаардлагатай гэж яригдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг ихээхэн чухалчилж төслийг нь боловсруулсан гэж дуулсан. Энэ ажлыг удирдан зохион байгуулсан хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Аливаа улс өөрийн гэсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай. Түүндээ тулгуурласан төрийн гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа нь тууштай байж оршин тогтнодог юм.
Ер нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг нь өмнө хэлсэнчлэн үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын тулд төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогц буюу Монгол төрийн бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо улс төр, эрх зүйн суурь баримт бичиг.
Уг үзэл баримтлалын суурь нь үндэсний язгуур эрх ашгийг маш оновчтой тодорхойлоход оршиж байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасан байгаа.
Цаг үе, нийгмийн шаардлагаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах цаг нь болсон тул Төрийн тэргүүн үүнд анхаарч ажиллаж байна.
-Тодорхойлолтын хувьд ойлгомжтой байна. Үндэсний язгуур эрх ашиг гэдэгт улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой, түүний дотор хаалттай хязгаартай, магадгүй төрийн хар хайрцагны гэж ярьдаг бодлогод хамаарах зүйлүүдийг авч үздэг байх. Энэ талаар тодруулан ярьж өгөхгүй юу?
-Юуны өмнө Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний язгуур эрх ашигт хамаарах учиртай. Энэ нь хэн бүхэнд тайлбарлалтгүй ойлгогдох байх гэж бодож байна.
Хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газар нутгийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдал байх ёстой. Монголчууд төрт ёсоо дээдэлж ирсэн олон зууны турш газрыг улсын үндэс гэдэг байсны утга учир үүнд л байгаа юм. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй л дээ.
Түүнчлэн хувь хүний эрх чөлөөтэй, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрал болон хүний эрх баталгаатай хангагдсан байх нь маш чухал. Ийм сэтгэлзүй байхгүй бол бид үндэсний аюулгүй байдлаа хангаж, тусгаар улс байж чадахгүй. Тиймээс хэзээ хэзээнээс илүү ойлгож, ухаарах цаг болж байна.
-Монгол үндэстний эв нэгдэл, эх оронч үзэл удаа дараагийн аюулаас аварч ирснийг бид мартаж болохгүй-
-Монгол монголоороо байх, хөндөж болохгүй язгуур эрх ашиг юу байх вэ. Сошиалын их солиорол дунд бид үнэт зүйл, язгуур эрх ашгаа ч огоорох болсон санагддаг л даа…
-Эх орны агаар мандал, ус, газар шороо, түүний хэвлий, амьтан, ургамал бүгд Монголын ард түмний баялаг, өв хөрөнгө. Үндсэн хуульдаа ч бид заагаад өгчихсөн. Эдгээрийг эзэмших Монгол Улсын иргэн хүний эрх баталгаатай байх нь манай нэг гол язгуур эрх ашиг байх болно гэж бодож байна.
Монголын ард түмэн хэдэн зуун дамжин энэ газар нутагт бүтээж үлдээсэн эд өлгийн баялаг, оюуны сан, үндэсний өвөрмөц ахуй, хэл, соёл, үндэсний технологи язгуур эрх ашиг юм. Үүнийгээ үл тоож эхэлсэн цагаас бид Монгол Улс, монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ алдах аюултай.
Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал ч язгуур эрх ашгийн нэг яах аргагүй мөн. Алдаа, оноотой бидний хамтдаа туулсан өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шинэчлэлтээр үүнийхээ үнэ цэнийг бид бие, сэтгэлээрээ ойлгосон болохоор нэмж нурших шаардлагагүй гэж бодож байна.
-Сүүлийн үед нийгмийг талцуулсан, хагалан бутаргасан үйл явдлууд өрнөх боллоо. Гадна талаас ч нөлөөлөх нөлөөлөл их болсон талаар учир мэдэх хүмүүс ярих болсон байна. Эх оронч нэрээр ард түмнээ талцуулсан хүмүүс ч олон болж. Жинхэнэ эх оронч эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Бид анхаарвал зохих ямар асуудлууд байна вэ?
-Монгол үндэстний эв нэгдэл, эх оронч үзэл нь үндэсний язгуур эрх ашгийн нэг чухал зүйл гэдэг нь гарцаагүй. Өнгөрсөн түүхээ харахад монголчуудыг энэ хоёр үзэл л удаа дараагийн аюулаас аварч ирснийг бид мартаж болохгүй.
Хүн амын удмын сан, эрүүл мэнд нь өнөөгийн нөхцөлд тулгамдсан маш чухал зүйл болчхоод байна. Бид үүнийг хамгаалсан төрийн мэргэн бодлоготой байж л монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ хадгалж үлдэх болно.
Олон улсын энх тайван байдал, хөрш хоёр болон бусад оронтой найрамдалт, найрсаг харилцаатай байх нь өнөө үед юу юунаас чухал үндэсний язгуур эрх ашиг болж байгааг хаа хаанаа бид санаж явах хэрэгтэй байна.
-Та сая “Үндэсний язгуур ашиг сонирхол”, “Үндэсний язгуур эрх ашиг” гээд хоёр янзын нэр томъёо хэрэглэчих шиг боллоо. Энэ хоёр нэг ижил зүйлийг нэрлээд байна уу, эсвэл ялгаа байна уу?
-Та маш гярхай ажигласан байна шүү. 1994 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “үндэсний язгуур эрх ашиг” гэх томьёоллоор орсон байдаг. Харин 2010 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “үндэсний язгуур ашиг сонирхол” гэж туссан байгаа. Тэгэхээр “язгуур ашиг сонирхол” нь яах аргагүй өнөөдрийн албан ёсны нэр томьёо гэж ойлгож болно. Гэтэл бид өдөр тутмын яриандаа үүнийг тэр бүр хэлж эвлэхгүй байгаа нь мэдрэгдэж байна уу.
-Нээрээ, тийм байна…
-“Үндэсний эрх ашиг” гэхээр цаанаа л нэг наалдацтай буугаад байгаа юм шүү дээ. Өрнө дахины олон үндэстний хэлээр латин гаралтай “интерес”, “interest” гэх нэг л үгээр илэрхийлдэг ухагдахуун монгол хэлээр хоорондоо арай ялгаатай хоёр ойлголт болж буудаг. “Хувийн ашиг сонирхол” ч гэдэг юм уу, “их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил” гэх мэтээр. Ямар нэгэн зүйлийг олж авах гэсэн санаархлыг илэрхийлсэн байдалтай, сөрөгдүү ч гэмээр утгыг тээж байх шиг.
Харин “улс үндэстний эрх ашиг” гэхээр цаанаасаа заяагдмал, яг л хүний түгээмэл эрхтэй адил, хэн ч үгүйсгэх ёсгүй, булааж авах ёсгүй, тийм оролдлого гарвал тас цохиж, хамгаалах ёстой үнэт зүйлийг хэлж байгаагаар сэтгэлд бууж байдаг. Тиймээс үзэл баримтлалыг тодотгон шинэчлэхдээ энэ жижиг мэт ялгааг ч анзаарах ёстой гэсэн итгэл үнэмшлийн үүднээс хандсан.
-Монгол Улсад одоогоор цэргийн заналхийлэл байхгүй боловч цэргийн аюул оршсоор байна-
-Таныг ааваар тань бодсон ч өөрөөр тань бодсон ч батлан хамгаалах салбараас салгаж ойлгох аргагүй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг хэр байна вэ?
-Үндэсний аюулгүй байдал гэдэг нь дотроо цэргийн аюулгүй байдлыг заавал агуулж байдаг. Тухайн улсын эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийгдэхгүй болон бусдын явуулах дайн, зэвсэгт мөргөлдөөнд татагдан орохгүй, түшиц газар нь болохгүй байх нь олон улсын харилцаа, өөрийнх нь төр, нийгмийн үйл ажиллагаагаар үндсэндээ баталгаажсан тийм нөхцөлийг цэргийн аюулгүй байдал гэж үздэг.
Ийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг батлан хамгаалах бодлого гэж нэрлэдэг. Тиймээс төрийн хууль тогтоомжоор баталгаажсан батлан хамгаалах бодлогыг цэргийн салбарт хэрэгжүүлэх буюу дайныг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандах, ямар зэвсэгт хүчинтэй байх, түүнийгээ ямар үед яаж ашиглах талаар баримтлах төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогцыг төрийн цэргийн номлол гэдэг юм.
-Энэ асуудалд хүмүүс янз бүрээр л ханддаг бололтой байгаа юм. Шулуухан асуухад өнөө үед манайд учрах цэргийн аюул гэж байна уу?
-Монгол Улсад учирч болзошгүй цэргийн аюул занал өнөө үед байхгүй гэж ярьж нотолж байгаа хүмүүс мэр сэр бий. Тэгвэл, цэргийн шинжлэх ухаанд цэргийн аюул, цэргийн заналхийлэл гэсэн хоёр нэр томьёо хэрэглэгддэгийн мөн чанарыг ойлгох учиртай юм.
“Цэргийн аюул” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг дайн түрэмгийлэл хийгдэж болзошгүй буюу түүний дайнд өртөх, татагдан орох зэрэг өргөн хүрээтэй нөхцөлийг тодорхойлсон ерөнхий ойлголт л доо. Энд аль нэг улсыг болзошгүй дайсан гэж тодотгодоггүй онцлогтой.
Харин “Цэргийн заналхийлэл” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийж болзошгүй нь тодорхой болсон бодит этгээдийн бодлого, үйл ажиллагааны тухай ярихад хэрэглэгддэг нэр томьёо юм.
-Байхгүй гэж бодож болохгүй юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Монгол Улсад одоогоор цэргийн заналхийлэл байхгүй боловч цэргийн аюул оршсоор байна гэж үзэж болох юм. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд “Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гээд заачихсан байгаа. Үндсэн хуульдаа зүгээр ч нэг заачихсан юм биш шүү дээ.
Ер нь зэр зэвсгийн асар их нөөц хуримтлагдсан, ямар ч улс орон зэвсэгт хүчнийг улс төрийн зорилгоор ашиглах үзэл, бодлоосоо бүрмөсөн татгалзаагүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ зэвсэглээр хөөцөлдөх явдал улам бүр газар авсаар байгаа өнөө үед цэргийн аюулд өртөхгүй нь баталгаатай болсон улс, үндэстэн гэж дэлхий дээр байхгүй.
-Одоо шууд өнөөгийн байдлын тухай ярилцвал яасан юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал маш төвөгтэй байна гэдгийг ярих болсон. Үнэхээр хүүхдийн зулай мэт тийм эмзэг байгаа юм уу. Учир, шалтгаан нь юу вэ. Мэдээж гадна, дотнын олон хүчин зүйлээс хамаарах байх?
-Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн хойд Ази болон Төв Азид улс төр, эдийн засгийн нөлөөллийн дахин хуваарилалт явагдаж байна. Үүний улмаас том гүрнүүдийн гео улс төр, гео эдийн засаг болон гео стратегийн ашиг сонирхол өөр хоорондоо хүчтэй зөрчилдөн, олон туйлт ертөнц бодитой болж байгаа нь эдгээр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болсон. Энэ их өөрчлөлт биднийг тойрон өнгөрөхгүй нь тодорхой. Тэр ч байтугай Монгол Улс үүнд нэлээд гүнзгий татагдан орж болзошгүй байна.
Манай орны хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах гэсэн бие даасан эрмэлзэл, стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байршил, ашигт малтмалын асар их баялаг, нүүдлийн ахуй соёл болон онгон уудам байгаль орчин зэрэг нь дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг улам бүр хүчтэй татах болсон нь нууц биш. Бидний оршин сууж буй газар нутаг маань тэдний геополитикийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирах магадлал хүчтэй мэдрэгдэж эхэллээ.
Үүний зэрэгцээ манай улсад дотоодын үүдэл сэдэл бүхий олон шинэ эрсдэл сорилт тулгарах болж, зарим нь лавшрах хандлагатай байна. Улс төрийн нөхцөл байдал хурцадмал хэвээр, нийгмийн хэсэг бүлэг хоорондын зөрчил сөргөлдөөн үргэлжилсээр байна. Эдийн засгийн тэнцвэртэй хөгжил төдийлөн хангагдаж чадахгүй, сайн засаглал бий болгох ажил удаашралтай байна. Авлига, шударга бус явдал, хуулийг үл тоомсорлох үйлдэл газар авч, ард түмний нэлээд хэсгийн амьдралын түвшин сайжрахгүй байгаа зэргээс улбаалан нийгэмд тогтворгүй, хуваагдмал байдал бий болох нөхцөл ажиглагдаж байна.
Монгол Улсын аюулгүй байдал хөрш орнуудтайгаа салшгүй холбоотой билээ. Хөрш орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд албан тушаалтнууд болох ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзаж, аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцов.
-Манай улс гео стратегийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирч байгаа нь бодит зүйл-
-Энэ бүхний цаад учир нь юу юм бол?
-Монгол Улс Ази, Европын соёл иргэншил, дэлхийн гурван том шашны уулзвар, төр, нийгмийн өөр тогтолцоот улс орнуудын зах нийлсэн заагт оршдог. Орос болон Европоос Ази руу, Хятадаас Орос болон Европ руу дамжих их замын дунд байдаг нь Евроазийн уужим том нутаг дэвсгэрийн төвд орших манай орны гео стратегийн чухал байршил болдог. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг эртнээс татаж ирсэн.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эзэлж байгаа геополитикийн орон зай дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг хүчтэй татаж эхэлсэн. Манай улс тэдгээрийн гео стратегийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирч байгаа нь нэгэнт бодит зүйл болжээ.
-Шалтгаан нь?
-Маш товчхон хэлье. Нэгдүгээрт, өөр тогтолцоо, өөр улс төрийн дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хавчигдан оршиж байгаа ч ардчиллыг хөгжүүлэх талаараа социализмын дараах орнуудад, ялангуяа Азийн улсуудад үлгэр жишээ болж байгаатай холбоотой.
Хоёрдугаарт, дэлхий нийтийн хувьд тогтворгүй байдлын нэг үндэс болоод байгаа лалын ертөнцтэй хил залгаа оршдогтой мөн холбогдотой.
Гуравдугаарт, Өөр хоорондоо болон АНУ тэргүүтэй барууны орнуудтай ноцтой зөрчил, сөргөлдөөнтэй хоёр том улсын дунд оршиж байна.
Дөрөвдүгээр, нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмалын асар том ордууддаа бусад оронтой хамтран ашиглаж эхэлсэнтэй холбоотой зүйлс бий.
Монгол Улс хоёр их хөрш, АНУ болон гуравдагч бусад улс оронтой олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гэсэн ч их гүрнүүдийн зүгээс Монгол Улсад улс төрийн нөлөөллийнхөө давамгай байдлыг бий болгох, эдийн засгийн тодорхой салбаруудыг хараандаа оруулах, улсын хөгжлийг зөвхөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн экспортод түшиглэсэн, олон улсын зах зээлээс хэт хамааралтай байдал руу хөтлөхийг оролдох болсон. Эцсийн дүндээ өөрсдийн геополитикийн харааны орон байлгах гэсэн хандлага сүүлийн жилүүдэд хүчтэй ажиглагдаж эхэллээ.
-Та амаргүй л зүйл ярьж байна. Үүнд гарц гэж байх уу?
-Хамгийн түгшээж байгаа зүйл бол харьцангуй тайван амгалан байсан 30 жил ард хоцорчээ гэдгийг бид ойлгох ёстой. Дэлхий ертөнц тайван амгалан мөчлөг, хямрал, сөргөлдөөнт мөчлөгийг ээлжлэн туулж ирсэн. Хүний нийгмийн түүхэн зүй тогтол гэж хэлчихэд бараг хилсдэхгүй байх. Тайван цагт улс орнууд хөгжил дэвшлийнхээ зорилтуудыг нэн тэргүүнд тавьж, бодлогынхоо цөм болгодог. “Улс орны гадаад бодлого бол дотоод бодлогынх нь үргэлжлэл байдаг” гэсэн хэлц үгийг та сонссон байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийнхөө эрх ашигт захируулж гадаад бодлогоо хэрэгжүүлдэг гэсэн үг.
Тэгвэл аюул, эрсдэл бодитой өсөн нэмэгдэж буй цаг үед “дотоод нөхцөл байдал бол гадаад орчны шууд тусгал” гэдэг үг үйлчилнэ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх буюу үндэстнээрээ, нийт нийгмээрээ, төр, ард түмэн хамтран аливаа эрсдэлийг бууруулах, аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх, сөрж бэхжих тийм чадавхыг цогцлоохын төлөө чармайх цаг ирсэн байна. Гадаад орчноос үүдэлтэй шок буюу цочроог тэсэж гарах улс төрийн, эрх зүйн, иргэний нийгмийн, оюун санааны, эдийн засгийн, мэдлэг мэдээллийн цогц чадавх гэсэн үг. Үүнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэлийн нэг томоохон агуулга оршиж байгааг мөн нэмж дурдъя.
Өөр олон зүйл ярьж болно. Гэхдээ энэ удаадаа ингээд өндөрлөе. Нэлээд ч ярилцлаа. “Үндэсний үнэт зүйлс болон язгуур эрх ашгаа хадгалан хамгаалах суудлыг үе үеийн хаад ноёд, төрийн жолоодогч нар үндэсний ухаантнуудынхаа хүрээнд, ард иргэдийнхээ чин хүсэл эрмэлзэлд тулгуурлан тусгайлан бодож боловсруулан, үүнийхээ цөм үндсийг “хар хайрцгийн бодлого” хэмээн нэрийдэж, хамгийн чандаар хадгалан хамгаалж, эрхэмлэн баримталж, үйл ажиллагаандаа тууштай мөрдлөг болгон, дараагийн залгамжлагчдаа өвлүүлэн үлдээж ирсэн нь Монгол төрийн эрхэмсэг уламжлал юм. Үүнийгээ л дагах ёстой гэж хэлмээр байна.
-За, Танд маш их баярлалаа. Та бид хоёр энэ удаа үндэсний аюулгүй байдлын үндсэн асуудлын талаар ярилцлаа. Дараа таны хөндөөд орхисон аюулгүй байдлын гадаад орчин, батлан хамгаалах салбарын талаар илүү тодорхой ярилцмаар байна. Болно биз дээ.
-Бололгүй яах вэ. Баярлалаа.