Биржийн арилжаа: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 3 мянган тонн зэсийг 19 тэрбум төгрөгөөр худалдлаа

0

Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжих эхлэл тавигдсан. Энэ хүрээнд 2023 оноос нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн.

Харин өнгөрсөн долоо хоногт, 2024 оны 73 дугаар тогтоолоор энэхүү арилжаанд зэсийн баяжмал нэмэгдсэн нь сайн мэдээ болов.

Тодруулбал, одоогоос найм хоногийн өмнө Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүлэх цан цохиж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  3,000 тонн баяжмалыг арилжааллаа.

3,000 тонн зэсийн баяжмал 19.6 тэрбум төгрөгт хүрч, биржээр арилжаалагджээ

Манай улсаас биржээр арилжаалж буй түүхий эдүүдийн мэдээлэл, арилжааны явц, үр дүнг эндээс харах боломжтой. Үүнд нүүрс, төмөр, жонш, зэс багтаж буй.

Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны эл цахим системд дуудлага, нийлүүлэлтийн процесс, өмнөх арилжаануудын түүх зэрэг бүх мэдээлэл багтжээ.

Зэсийн баяжмалын хамгийн анхны биржийн арилжааны мэдээллийг ч тус платформоос нээлттэй харах боломжтой аж.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт анхлан цан цохисноор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2,718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаалжээ. Ингэхдээ хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн үнэ дууджээ.

Ингэхэд нийт үнийн дүн 5,821,493.94 ам.долларт хүрч, амжилттай арилжаалагдсан байна.

Өөрөөр хэлбэл, нэг метр тонн тутмыг нь монгол мөнгөөр 7.2 сая төгрөгөөр үнэлж, нийт 19.6 тэрбумаар худалдсан гэсэн үг. Харин “Эрдэнэт үйлдвэр” өмнө нь зэсээ ямар үнээр, хэдийд хэрхэн арилждаг байсныг мэдэх боломжгүй.

Цаашид “Оюу толгой” ХХК-ийн зэсийн баяжмалыг ч ийм маягаар, биржээр арилжаална гэдгийг албаны хүмүүс онцолсон.

Дараагийн арилжааг тавдугаар сарын сүүлээр зохион байгуулна

Зэсийн баяжмалыг биржээр ийнхүү анх удаа амжилттай арилжив. Дөрөвдүгээр сарын 29-нд болсон энэхүү арилжаанаас хойш дахин зэсийн баяжмал биржээр зарагдаагүй байгааг дээрх платформоос харж болно.

Харин ЭТТ ХК-ийн нүүрс болон Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэргийн түүхий эдийн арилжаа идэвхтэй явагдаж байна.

Харин дараагийн арилжаа хэзээ болох, цаашид хэрхэн тогтмолжих зэрэг мэдээллүүд тодорхой болоогүй аж.

Энэ тухай Монголын хөрөнгийн биржээс тодруулахад “Одоогоор тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна. Хэрэв арилжааны тов нь тодорхой болсон бол сайтад зар мэдээлэл байрших учиртай. Ойрын хэд хоног буюу энэ сарын 17-ныг хүртэл зэс арилжиx зар ирээгүй” гэв.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тодруулахад “Одоогоор тодорхой болоогүй байгаа ч тавдугаар сарын сүүлээр гэж тооцоолж байна. Биржээр хоёр дахь арилжаа хийх хүсэлтээ УУХҮЯ руу өгнө. Харин УУХҮЯ Монголын хөрөнгийн бирж рүү уламжилна. Үүний дараа хөрөнгийн бирж хүлээж аваад, тодорхой болгох учиртай” гэлээ.

Зэсийг биржээр арилжаалах нь хэнд ашигтай вэ

Засгийн газраас Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хуулийг удаан хугацаан боловсруулж, улмаар холбогдох хуулийг өнгөрөгч онд УИХ-аар хэлэлцэн баталсан юм.

Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого улсын төсөв орлого болж ороод байна.

Үүнээс гадна хамгийн чухал нь, “Биржээр уул уурхайн түүхий эд ялангуяа зэсийг арилжаалснаар хэн нэг дарга, эрх мэдэлтний мэдэл, халаасанд орлого төвлөрүүлэхээс сэргийлж чадсан. Өөрөөр хэлбэл өмнө нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг хэрхэн, аль компанид, яаж зарахыг үе үеийн том дарга нар л шийдэж ирсэн. Өөр хэнд ч эрх мэдэл байгаагүй. Харин биржээр арилжаалж эхэлснээр энэ байдал өөрчлөгдөж, дарга нар оролцох боломжгүй болж байгаа” гэж эдийн засагч Б.Лхагважав хэллээ.

Бүр тодруулбал, уул уурхайн түүхий эдийг хэнд, хэзээ, ямар үнээр борлуулж буй нь олон нийтэд нээлттэй бөгөөд өрсөлдөөний зах зээлд тулгуурлаж байгаагаараа давуу талтай. Тодорхойгүй явж ирсэн ханш зээлд бодитой тогтож, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болох, өрсөлдөх чадвар сайжрахын зэрэгцээ экспортын арилжаанд тавигдах олон нийтийн хараа хяналт нэмэгдэх чухал ач холбогдолтойг эдийн засагчид онцолж байна.

Зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхэлсэнтэй холбогдуулж хэн юу хэлэв-

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан

Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг 2024 оны 134 дүгээр тогтоолоор үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн.  Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, бусад улсын зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана.

УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга

Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу  зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал нэмэгдсэн нь 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудын нэг болж буй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *