МИАТ-ийн хоолыг нийлүүлэх тендерийн маргаанд “ялагдсан” Т.Хандсүрэнгийн “Нүхт тур” компани давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялагджээ

0

МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн “Нүхт тур” ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан “Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялагдаж, улмаар шүүхэд хандсан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд “Нүхт тур” компани нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр /2024.05.07/ хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Тодруулбал, “Нүхттур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, МИАТ ТӨХК, МИАТ ТӨХК-ийн Зорчигчдын хоол /Катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 08-ны өдрийн 212 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг өчигдөр /2024.05.07/ Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн байна. 

Шүүхээс ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Товчхондоо МИАТ-ийн хоолыг нийлүүлэх тендерийн маргаанд Т.Хандсүрэнгийн “Нүхт тур” компанийг сонгон шалгаруулаагүй нь хууль зөрчөөгүй гэж хоёр шатны шүүх үзлээ. 

Эргэн сануулахад, МИАТ компани 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нүхт тур” ХХК-тай “МИАТ ХК-ийн Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ”, мөн тус өдрийн маргааш /2009.07.24/ нь “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэгчийг байгуулж, “Зорчигчийн хоол” буюу катерингийн үйлчилгээгээ тус компанид шилжүүлээд 15 орчим жил буюу 2024 оны нэгдүгээр сар /2024.01/-ыг хүргэсэн байдаг. Харин “МИАТ” ТӨХК-аас хуулийн дагуу 2023 оны аравдугаар сар /2023.10/-д “Зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тухай 9,5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарлаж, улмаар тус тендерт “Нүхт тур” ХХК шалгараагүй байдаг. Тиймээс тухайн компани нь дээрх тендертэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг юм. 

Эх сурвалж: Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *