Г.Майцэцэг: ХҮН шиг амьдрахыг хүссэн учраас ХҮН намыг сонгосон…

0

“Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа.

Та саяхан ХҮН намд гишүүнээр элссэн. Яагаад тус намыг сонгон, элсэх болов гэдгээс яриагаа эхлэе?

Би эх орондоо хүн шиг амьдрахыг хүссэн учраас ХҮН намыг сонгосон. Маш товчхоноор тайлбарлавал ийм байна.

Бусад улстөрийн намуудаас үзэл баримтлал нь юугаараа ялгаатай гэж үзэж энэ сонголтыг хийсэн бэ?

Өнгөрсөн хугацаанд Монголын ард түмэн МАН, АН гэдэг хоёр намд итгэл үнэмшлээ өгч ирсэн. Өнөөдөр харин тэд өөрчлөгддөггүй юм бол бид өөрчлөгдье. Гуравдагч хүчин өөрчлөлтийг хийе. Ийм шалтгаан ч байна.

МАН сүүлийн 8 жил эрх барилаа. Бидний амьдралд юу өөрчлөгдсөн юм бэ? 2008 онд Монголдоо ирээд, 2009 оноос эхлэн масс үйлдвэрлэл дээр хүний нутагт сурч мэдсэн бүхнээ эх орныхоо хөгжил, дэвшилд зориулья гээд зүтгэсэн. Тэр үед ярьж байсан зүйлийг өнөөдөр ч ярьсаар л байна. Юу ч өөрчлөгдөөгүй.

Үйлдвэрлэл хөгжихөд ганц Г.Майцэцэг би, эсвэл нэг аж ахуйн нэгж сайн байхаас илүүтэйгээр бодлого хамгийн чухал байдаг юм байна. Энэ бодлогыг тухайн эрх барьж байгаа нам гаргадаг. Нам бол бүхэл бүтэн бодлого тодорхойлж байдаг институц шүү дээ. Тийм ч учраас ХҮН намыг сонгосон. ХҮН нам хэзээ ч попордоггүй. Бодит үнэнийг ярьдаг. Гэтэл өмнө нь бидний итгэл хүлээлгэж байсан намууд дандаа худлаа амлаж, хуурдаг. Татвар нэмэхгүй, бодлогоор дэмжинэ л гэсэн. Амьдрал дээр аль нь хэрэгжсэн юм бэ? иргэн бүр улстөржиж, улстөрийг сонирхмоор байна. Учир нь улстөрчдийн гаргасан шийдвэр бидний амьдралд шууд нөлөөлж байна. Уг нь бидний төлөөлөл байх ёстой шүү дээ. Гэтэл намууд нь хог шиг учраас хүмүүс ч хог шиг амьдарч байна. Би хүн шиг амьдрахыг хүссэн. Тийм учраас ХҮН намыг сонгосон.

Таны хувьд үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан туршлагатай, бизнес эрхлэгч хүн. Монголын эдийн засагт нэн түрүүнд ямар бодлого, шийдэл дутагдаж байна вэ?

Аливаа улстөрийн намын үндсэн зарчим гэж байгаа. ХҮН намын зарчим бол хүний эрхийг, тэр дундаа баялаг бүтээх эрх чөлөөг олгоно гэж заасан. Монгол Улс ардчилсан гэх мөртлөө бизнесийн салбарт ардчилсан байж чадахгүй байна. Төр өөрөө бизнес хийж байна. Төр нь бизнес эрхлэгч болчихоор бид яах юм бэ? Төртэй өрсөлдөөд дийлж чадахгүй шүү дээ.Төрийн байгууллагууд оёдлын тоног төхөөрөмж, материал авна гэдэг тендер зарлаж байна. Цэрэг, цагдаагийн хувцас, төрийн өмчит компаниудын ажилчдын хувцсыг төр өөрөө үйлдвэрлэж байна.

Ардчилсан улсад бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжиж, тэдэнд захиалга өгдөг. Жишээлбэл, Польш улс цагдаагийн хувцас үйлдвэрлэгч хувийн аж ахуйн нэгжтэй 5-10 жилийн тогтвортой гэрээ хийдэг. Ингэхээр нөгөө аж ахуйн нэгж нь хүний нөөц, тоног төхөөрөмж дээрээ зоригтойгоор хөрөнгө оруулалт хийнэ. Бүх юм маш ойлгомжтой байдаг.

Ингээд бодохоор л бид социалист нийгэмд амьдраад байна уу? Ардчилсан оронд амьдраад байна уу? Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа хамгийн энгийн жишээ энэ байна. Ковидын үед “Эксклюзив” компани халдвар хамгааллын хувцас үйлдвэрлэж байсан. Гэтэл тэр үед энэ төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөөд, материалд нь 15,5 хувийн татвар ногдуулчихаж байгаа юм. Энэ бол шулуухан хэлэхэд Монголд үйлдвэрлэл битгий явуул гэж байгаа бодлого. Ингэхээр миний өрсөлдөх чадвар 15,5 хувиар байхгүй болж байгаа юм. Ингээд төр зарласан тендертээ хамгийн хямдыг нь авна гээд заачихдаг.

Төр нь хууль, журмаараа бидэнд боломж олгохгүйгээр, гадны ЖДҮ-ийг дэмжээд байна.

Би Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн үйлдвэрлэл хариуцсан орон тооны бус зөвлөх. Энэ хүн ЖДҮ-г хөгжүүлж, миний туршлагыг ашиглая гээд зөвлөхөөрөө сонгосон байх. Гэтэл ЖДҮДС-ийн хөрөнгө нь маш сонин зүйлд зарцуулагддаг. Тэнд ажиллаж байгаа залуучуудын ч буруу биш. Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэгчдэд 40 мянган хүүхдийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэх боломж олдсон. Гэтэл нөгөө өрхийн үйлдвэрлэгчдэд түүхий эд, материал хэрэг болно. Гэтэл түүнийгээ авах мөнгө нь байхгүй. ЖДҮДС-нд байгаа хөрөнгөөс зохих журмын дагуу гаргуулаад, эргэн төлүүлье гэхээр болохгүй гэдэг. Хэрэв ийм зүйлд зарцуулах юм бол би АТГ-т шалгуулах асуудал үүснэ гэж хэлсэн. Яагаад гэхээр ЖДҮДС-ийн хөрөнгө үзэсгэлэн, сургалт, сошиал контент, брошур, хэвлэл, сэтгүүл зэрэг зүйлд зарцуулагдах ёстой гээд цаанаас нь заагаад өгчихсөн байна. Энэ бол бодит дэмжлэг биш шүү дээ.

Мэдээж хэрэг төрийн албан хаагчдыг бүгдийг нь харлуулж болохгүй. Тэнд маш сайн мэдлэгтэй, сэтгэлтэй залуус байна. Бодлого гаргаж байгаа нам, институцид асуудал байна. Ийм учраас аль намыг сонгох, ямар нам эрх барих гэдэг үнэхээр чухал асуудал мөн юм. Өнөөдөр хэн нэгнийг мууллаа гээд өнгөрсөн зүйл өөрчлөгдөхгүй.

Алдагдсан боломж хэзээ ч эргэж ирэхгүй. Тийм учраас урагшаа л харж, тэд өөрчлөгдөхгүй юм бол бид өөрчлөгдье. Сүүлийн үед улстөрийн намуудыг нэлээд судаллаа. Өөрийнхөө сонголтод улам л их, бат итгэлтэй болж байна. ХҮН намыг сонгосондоо баяртай байна. Одоохондоо ХҮН намын бодлого хүмүүст ойлгогдохгүй, таалагдахгүй байж болно. Гэхдээ гаргасан шийдэл, шийдвэр нь 5 жил, 10 жилийн дараа, 20 жилийн дараа та болон таны үр хүүхдүүдийн хүн шиг амьдрах боломжийг олгож чадах оюунлаг, тоон дээр суурилсан, судалгаатай юм шүү. Ийм учраас би “ХҮН СҮРЭГ”-т нэгдсэндээ маш их баяртай байгаа. 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явж байгаа. Энэ сонгуульдаа хүн бүр идэвхтэй оролцоосой. Энэ удаагийн парламентад олон намын олон залуучууд орж ирэх боломжийг олгоход ХҮН намын гишүүдийн идэвхи, зүтгэл маш их байсан. Учир нь өнөөдрийн 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой болгох ажлыг ХҮН намын залуус хийсэн. Хэдийгээр ХҮН намд элсээд удаагүй ч Монголын ардчиллын төлөө зүрх нь цохилж яваа маш том залуусын нэгдэл юм байна гэдгийг би сайн мэдэрч чадсан.

МАН сүүлийн найман жил тасралтгүй засгийн эрх барилаа. Энэ найман жилийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Шүүмжилж болно, доромжилж болохгүй гэдэг зарчим бий. Өнгөрсөн цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй. Масс үйлвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг итгэл үнэмшил бидэнтэй хамт үхдэг гэдгийг би өөрийн хувийн амьдрал дээр харлаа. Гэр бүлийн хүнтэйгээ хамт масс үйлдвэрлэл үнэхээр болчих байх, хөгжих байх гээд их явсан.

Бидний хувьд ЖДҮ-г дэмждэг л бол ямар ч нам байсан хамаагүй гэдэг. Үүндээ итгэсэн. Итгэсээр байгаад үхдэг юм байна. Тийм учраас бид маш яаралтай өөрчлөгдөх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Алдагдсан боломж дээр гомдоллох ёстой бол өөрсдөдөө л гомдох ёстой.

Ардчилсан орны хувьд сонгуулиар л дүн тавих боломжтой шүү дээ. Сүүлийн найман жил таны хувьд харамсалтай санагдаж байгаа бол өөрчлөлтийг өөрөөсөө эхэл. Өнгөрсөн хугацаанд хийсэн сонголтоо л өөрчилчих. Хэдийгээр түүхийг бид шүүхгүй ч өнгөрсөн хугацаанд маш их боломж байсан. Мөнгөөр үнэлж болох хэдий ч цаг хугацаа хэзээ ч дахиж олдохгүй. Тийм учраас өнгөрсөнтэйгээ зууралдахгүйгээр, бусдыг харлуулж, доромжлох хэрэггүй. Асуудал юунд байгааг бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Даргын танил, мөнгөтэй баян хүний хүүхэд байснаар амьдрал сайхан, жирийн иргэн чадвартай байсан ч боловсролын зээлийн санд хамрагдаж чаддаггүй байх нь харамсалтай биз дээ? Энэ нийгмийг л өөрчилье. Тийм учраас иргэн бүр улстөржих ёстой. Улстөржинө гэдэг нь бусдыг харлуулж муулах, аль нэг намд орох биш. Сонгуульдаа л идэвхтэй оролцоорой.

Залуучууд өөрсдийгөө ямар их хүчтэйг ойлгохгүй байх шиг байна. Санал өгөөд яах ч юм билээ, өөрчилж чадах биш гэж ярьдаг болж. Гэтэл нэг хүний хүч ч оломгүй далай шүү. Өөрийгөө битгий бас, бүү шантар.

Та нарыг ийм нийгэмд амьдруулж байгаа нь ахмадуудын, бидний буруу. Тийм учраас бид хичээж байна. Алдаагаа засах гэж оролдож байна. Өмнө нь хийсэн буруу сонголтоо засаад, хүн шиг амьдарья. 3,4 сая иргэн бүгд нэгэндээ хайртай байх ёстой. Монгол хүний эрх ашиг л яригдах ёстой. Тийм учраас мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөөд, дундаас нь иргэд зөв сонголтоо хийсэн цагт Монгол улсын хөгжил ойрхон байна. Монголчууд оюундаг, юмыг наана цаанатай бодож чаддаг ард түмэн. 2024 оны сонгуульд маш их итгэж байна. Энэ удаагийн сонгуулиар хүнийг сонгохоос гадна намыг давхар сонгоно. 126 гишүүн сонгох түүхэн цаг үед хүн бүрийн сонголт чухал үүрэгтэй гэж бодож байна.

Та УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үү? намдаа хүсэлтээ өгсөн үү?

Намын үзэл баримтлал нь зөв бол би заавал УИХ-ын гишүүн болох шаардлагагүй. Өөрийнхөө чадах зүйл буюу масс үйлдвэрлэл дээр маш их онол, туршлагатай учраас энэ тал дээр ХҮН намын гишүүддээ туслаад, надад манай нам тэр ажлыг хийх боломжийг олгох юм байна гэсэн үүднээс заавал УИХ-д нэр дэвших амбиц байхгүй. Гэхдээ намайг нэр дэвш гэвэл нээлттэй байгаа. Би хувь хүн биш, ХҮН намын гишүүн Г.Майцэцэг болсон шүү дээ. Нэгэнт ХҮН намтай хувь заяагаа холбочихсон учраас намын зүгээс итгэл хүлээлгэвэл хамтарч ажиллахад бэлэн. Угаасаа ч тэгэх гэж намд элссэн.

УИХ-ын 2024 оны сонгуульд урьдчилсан байдлаар 1000 гаран хүн нэр дэвших магадлалтай байна. Энэ дундаас яг ямар шалгуураар иргэд сонголтоо хийвэл зөв болох бол?

Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс богино хугацаанд өөрийгөө таниулах гэж оролддог. Үүнийг хараад УИХ-ын гишүүн болох гэж танигдах биш, өмнө хийсэн ажлаараа танигдах ёстой юм болов уу гэж бодож байсан. “Буян” Жагаа, “Эксклюзив” Маяа гэдэг шиг. Би 2009 оноос эхлэн хөнгөн үйлдвэрлэл, ЖДҮ, масс үйлдвэрлэлд тэдний дуу хоолой болоод явж байгаа. УИХ-ын гишүүн болох гэж энэ ажлыг хийгээгүй шүү дээ. Нийгэмд хүн сайнаар, эсвэл муугаар танигдаж болно.

Монгол Улс уг нь 1 том тойрог байх ёстой юм. УИХ-ын гишүүн нэг тойрог төлөөлөхөөс илүү Монгол улсын 3,4 сая иргэний хувь заяаг шийдвэрлэж, хууль баталдаг хүмүүс. Тэгэхээр Монголдоо танигдсан хүн л УИХ-ын гишүүн болох ёстой.

Тухайн салбартаа хийсэн ажилтай, бусдад танигдсан хүмүүсийг л сонгох ёстой юм болов уу? Хамгийн түрүүнд хүнээ сонгох ёстой. Хүний цаана намын бодлого явж байх ёстой. МАН, АН-ыг өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг амьдрал дээрээ харчихсан. Энэ удаагийн сонгуулиар шинэ намууд орж ирэх боломж гарсан. Тийм учраас намуудын мөрийн хөтөлбөрийг нь уншиж, ярьж байгаа зүйлийг нь сонсож тунгаагаад сонголтоо хийх ёстой байх гэж бодож байна.

Аль намыг сонгохоос шалтгаалан үнэмлэхүй сонгогдсон намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой болно. Хүнээ, намаа аль алийг нь харах нь чухал. Тухайн хүний юу хийж бүтээсэн бэ гэдэг чухал. Зөвхөн хүн хараад сонголтоо хийчихдэг, нам нь новш бол хэцүү шүү дээ. Хувь хүний биш намын бодлогоор л шийдэж, олонхийн саналаар бүх зүйл явах ёстой.

Тийм учраас нам их чухал. Энэ намыг сонгосноор миний амьдралд юу өөрчлөгдөх вэ? гэдгийг хараарай. Танд үнэгүй зүйл л амлаад байгаа бол худлаа шүү. Төрд мөнгө огт байдаггүй. Тэр мөнгийг бизнес эрхлэгчид л бүрдүүлдэг. Бизнес ашигтай байх тусам татвар их төвлөрнө. Өнөөдөр Монголд татвараа ашгаас биш, орлогоос аваад байгаа нь асуудал үүсгэж байна. Орлого бүхэн ашиг биш шүү дээ. Ийм учраас л шударга биш байна. Татварын бодлого дээр зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. НӨАТ нь төсвийн орлогын 70-80 хувийг бүрдүүлж байгаа нь маш том гажуудал. Бизнес эрхэлж байгаа бүх хүнд НӨАТ зүрхэнд нь шар ус хуруулж байна. Бүгд НӨАТ-ын өртэй болчихсон байна. Үүнээс болоод хүмүүс бизнес хийхээс татгалзаж байна. Хэрэв бүгд бизнес хийхгүй болчихвол хэн нөгөө төсвийг бүрдүүлэх вэ? Төсөв бүрдүүлж байгаа хүмүүс буюу үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчдэд боломжийг нь олгох нам, эвслийг сонгоорой гэж уриалах байна даа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *