Танилц: “Парис 2024” олимпын эрхээ авсан 16 тамирчин
“Парис 2024” зуны олимпод одоогийн байдлаар манай улсаас 16 тамирчин оролцохоор эрхээ аваад байна.
Мөн чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, 3Х3 сагсан бөмбөг, байт харваа, буудлагын тамирчид илүү олон олимпын эрх хүртэх байх. Харин жүдочид олимпын эрхийн оноогоо цуглуулж байгаа.
1.ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал эрх аваад байгаа. Тэрбээр “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ, 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж “Парис 2024” олимпын эрхийг хүртсэн.
2. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, “Хасу мега старс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа олимпын эрх хүртсэн. Тэрбээр “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, “Парис 2024” олимпын наадамд барилдах эрх хүртсэн.
3.Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон олимпын эрх авсан. Тэрбээр “Бишкек-2024” чөлөөт бөхийн олимпын эрх олгох Азийн тэмцээний 62 кг-ын жинд барилдаж “Парис 2024” олимпын наадамд барилдах эрхтэй болсон. МУГТ П.Орхон хоёо дахь олимпын наадамдаа оролцох гэж байна.
4.Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ олимпын эрх олгох Азийн бүсийн “Бишкек-2024” тэмцээний 86 кг-ын жинд барилдаж, “Парис 2024” олимпын наадамд барилдах эрхийг авсан.
5. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл олимпын эрх хүртсэн. Тэрбээр “Парис 2024” олимп олгох Азийн бүсийн “Бишкек-2024” тэмцээний 125 кг-ын олимпын эрх хүртсэн.
6. Боксын үндэсний шигшээ баг Онцгой байдлын Ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны тамирчин, дэлхийн цомын аварга, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн олимпын эрхээ авсан байгаа. Тэрбээо “Ханжуо-2023” 19 дэх удаагийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медаль хүртэж “Парис-2024” олимпын эрхээ авсан.
7. Байт харвааны үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн тивийн аварга, Азийн наадмын аварга ОУХМ Баатархуягийн Отгонболд олимпын эрх хүртсэн байгаа. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн наадмаас алтан медаль, хүртэж олимпын эрхийг хүртсэн.
8. Испанийн мэргэжлийн дугуйн “Уорлд тур” уралдаанд “Бургос Би Эйч” (Burgos BH) болон Тайландын “Теренгану” багт уралдаж буй ОУХМ Сайнбаярын Жамбалжамц олимпын эрхээ аваад байгаа. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпын наадамд уралдах эрхийг авсан.
9. Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү олимпын эрхээ аваад байгаа. Тэрбээр Индонези Улсын Жакарта хотод 2024 онд болсон буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 м-ийн дасгалд хүрэл медаль авч, олимпын эрх хүртсэн.
10. Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Н.Баяраа Ази тивийн аваргын урт бууны 50 метрийн гурван байрлалаас өрсөлдөж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан.
11. Буудлага спортын ОУХМ Оюунбатын Есүгэн “Баку-2023” буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урт бууны 50 м-ийн дасгалын гурван байрлалд IX байр эзэлсэн амжилт гаргаж, “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхийг хүртсэн.
12. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Галбадрахын Хишигсайхан “Токио-2024” марафон VIII байрт шалгарч, “Парис 2024” олимпын эрхийг авсан.
13. Марафон гүйлтийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа “Сөүл-2024” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд VII байрт шалгарч “Парис 2024” олимпын эрхийг хүртсэн.
14. Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э. Даваанасан олимпын эрхээ хүртсэн. Тэрбээр шийдвэрлэх барилдаанд Болгарын Яневт ялагдсан. Харин олимпын эрх авах үгүйгээ шийдэх барилдаанд Францын бөх Паулин Дениз Лекарпентиерыг 7:4-ийн харьцаатай ялж олимпын эрхээ авсан.
15. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан “Парис-2024” олимпын Монголын багийн 15, Монголын чөлөөт бөхчүүдийн зургаа дахь эрхийг авч чадсан.
16. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальт Т.Тулга тус тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд олимпын эрхийг хүртлээ.