Ц.Элбэгдоржийн үед Л.Гантөмөрийн ах Л.Гансүх АЛТНЫ 3 ЛИЦЕНЗИЙГ худалдаж, хууль бусаар ашиг олсон уу
Системийн хувьд хамгийн том сөрөг хүчинд тооцогдох АН-ын албан ёсны дарга Л.Гантөмөрийн ах Л.Гансүх нь уул уурхайн хэд хэдэн лицензийг хууль зөрчиж, хувийн ашиг сонирхлын дагуу бусдад өндөр үнээр зарсан байж болзошгүй мэдээллийг багцлан хүргэж байна. Энэ үед АМГ-ын даргаар Д.Батхуяг, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байв.
Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Д.Батхуягийг АМГ-ын даргаар “томилсон” гэдэг. Хожим нь Д.Батхуяг ял сонсож, 2012 оны сүүлээр албан тушаалаа өгсөн юм.
Энэ зурвас хугацаанд Л.Гантөмөрийн ах Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” компанийн эзэмшдэг байсан хоёр лиценз зарагдсан байгаа юм. Тухайн ордуудын нэгийг төрийн зардлаар хайгуул хийж, илрүүлж байжээ.
Алтны лицензүүд Л.Гансүхийн компани дээр 2003-2004 онд анх шилжжээ
Гадаадын хөрөнгө оруулалттай “Монжап интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Л.Гансүх ажилладаг. Тус компани 2006-2014 оны хооронд 13 хүний л нийгмийн даатгал төлсөн. Харин 2014 оноос идэвхгүй хэлбэрт шилжжээ. Л.Гансүхээс гадна Япон улсын найман иргэн тус компанид хувьцаа эзэмшдэг аж.
Тус компанид “Тосонгийн гол”, “Ар тамсаг-1-2-2” хэмээх алтны ордын хоёр лиценз 2003-2004 онд шилжиж байв.
Тодруулбал,
- “Тосонгийн гол” 2003.12.18-ны өдөр
- “Ар тамсаг-1-2-2” 2004.12.08-ны өдөр тус тус Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” компанид өргөдлийн дагуу шилжсэн.
Үүнээс өмнө дээрх ордууд хоёулаа “Монгол-Алт” ХХК дээр бүртгэлтэй байв. Эх сурвалжийн мэдээллээр, 1998 оны хавьцаа анх төрөөс “Монгол-Алт” ХХК-д шилжсэн байдаг аж.
“Монгол-Алт” нь олон нийтийн мэддэг МАК биш бөгөөд өдгөө Мөнхтөрийн Цолмон Гүйцэтгэх захиралтай.
АМГ-ын дарга Д.Батхуягийн үед Л.Гансүх лицензүүдээ бусдад шилжүүлжээ
Харин 2009 оноос эхлэн “Монжап интернэйшнл” ХХК нь тус лицензүүдээ бусад ААН-д үе шаттай шилжүүлсэн байгаа юм.
Тухайлбал,
- “Тосонгийн гол” 2010.03.25-ны өдөр “Ньюхаппи” компанид
- “Ар тамсаг-1-2-2” 2012.01.13-ны өдөр “Өгөөжбаян хангай” компанид тус тус шилжжээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, АМГ-ын даргаар Д.Батхуяг ажиллаж эхэлснээс хойш “Монжап интернэйшнл” лицензүүдээ бусдад шилжүүлжээ. Ингэхдээ их хэмжээний мөнгөөр худалдаж, хууль бусаар ашиг орлого олсон байж болзошгүй гэгддэг.
“Өгөөжбаян хангай” ХХК-ийн хамаарал бүхий хүн “Ар тамсаг-1-2-2” орд оршдог Бүрэгхангай сумын ИТХ-ын гишүүн
“Ар тамсаг-1-2-2” лицензийг шилжүүлж авсан “Өгөөжбаян хангай” компани ашиг сонирхлын зөрчилтэй мэт харагддаг.
Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Догсомын Энхтайван ажиллаж байна. Мөн Догсом овогтой өөр хэд хэдэн хувьцаа эзэмшигч бий.
“Ар тамсаг-1-2-2” орд нь өөрөө Булган аймгийн Бүрэгхангай суманд байрладаг. Харин Д.Догсомын бэр гэх Мягмарсүрэнгийн Сэржмядаг нь Бүрэгхангай сумын ИТХ-ийн гишүүн аж.
“Тосонгийн гол” дахин өөр компанид шилжсэн үү
Харин “Тосонгийн гол” ордын лиценз “Монжап интернэйшнл”-ээс “Ньюхаппи” ХХК руу шилжсэн ч, өдгөө АМГТГ-ын нээлттэй мэдээллийн санд өөр байна.
Угтаа Opendatalab сайтаас харвал, “Ньюхаппи” компани дээр MV-000178 кодтой “Тосонгийн гол” лиценз бүртгэлтэй харагдаж байна. Opendatalab нь төрийн албан сайт биш бөгөөд зарим хуучин мэдээлэл шинэчлэгдэж амжаагүй байдаг.
Харин АМГТГ-ын нээлттэй санд дээрх кодтой лиценз алга. Гэвч “Тосонгийн гол” нэртэй ч MV-014920 (өөр) кодтой лиценз байх бөгөөд “Сутайцэнд” ХХК дээр бүртгэлтэй аж.
Улмаар лицензийн код яагаад өөрчлөгдсөн, “Сутайцэнд” ХХК руу хэзээ шилжсэн нь анхаарал татав.
Харин “Монжап интернэйшнл”-ээс анх шилжүүлж авсан “Ньюхаппи” ХХК нь Удвалын Тулгаболд захиралтай. Харин түүний ээж Батдоржийн Удвал нь Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын гишүүн аж.
“Тосонгийн гол” орд нь Төв аймгийн Заамар сумын нутагт оршдог юм.
“Өгөөжбаян хангай”-н өөр нэг ордыг ч өмнө нь Л.Гансүх эзэмшиж байжээ
Түүнчлэн, АМГТГ-ын нээлттэй сангаас “Өгөөжбаян хангай”, “Ньюхаппи” компаниуд дээрх бусад лицензийг шүүж үзлээ.
Ингэхэд,
- “Өгөөжбаян хангай” дээр “Цоохор морьт”
- “Ньюхаппи” дээр “Бор толгой” тус тус бүртгэлтэй байна.
Үүнээс анхаарал татах нь:
- “Цоохор морьт” өмнө нь мөн Л.Гантөмөрийн ах Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” компанид, 2011.12.23-ны өдөр бүртгэгдэж байж.
- Харин “Бор толгой” нь “Тосонгийн гол”-ын адил Төв аймгийн Заамар суманд оршдог. Тэгэхээр “Ньюхаппи” ХХК “Тосонгийн гол”-ыг эзэмшдэг байсан гэх мэдээллийг үүгээр баталж болж байна.
Нэгтгээд харвал, Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” ХХК-ийн
- “Тосонгийн гол”
- “Ар тамсаг-1-2-2”
- “Цоохор морьт” гэсэн нийт гурван лиценз нь 2010-2012 оны хооронд бусдад шилжжээ.
“Монжап интернэйшнл” анх эдгээр лицензийг хэрхэн авсан нь тодорхойгүй. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Д.Батхуягийг АМГ-ын даргаар ажиллаж байх үед, өндөр үнээр худалдаж, хууль бусаар ашиг орлого олсон байж болзошгүй үндэслэл хуулийн байгууллагын анхааралд өртдөг гэх мэдээлэл бий юм.
Д.Батхуягийг 2012 онд баривчилж байв. Түүний дараа АТГ-аас мэдээлэл өгөхдөө “2009, 2010 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн” гэж мэдэгдэж байлаа. Түүнд 6.6 жилийн ял оноож, дараа нь хөнгөлсөн. Энэ хэрэг нь дээрх мэдээллүүдтэй хамааралгүйг ташрамд дурдъя.
Тэрбээр 2009.02.18-нд АМГ-ын даргаар томилогдож, 2012.05.02-нд албан тушаалаас буусан.
Харин түүнийг лоббидон томилуулсан гэгддэг Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болж, 2013 онд дахин сонгогдсон юм.
Эх сурвалж: eguur.mn