Уулчид бүгд 10-аас дээш жилийн туршлагатай бөгөөд олимпын тугийг, МУ-ын төрийн далбааны хамт Эверестийн оргилд мандуулахыг зорьж байжээ

0

“Хүннү хайкинг” клубт харьяалалтай уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо мордсон билээ.

Гэвч авиралтыг явцад тус багын ахлагч Д.Отгонхүүгийн биеийн байдал муудаж, аяллаа дундаас нь зогсоосон. Улмаар өчигдрийн байдлаар /2024.05.15/ үндсэн отогтоо ирээд байгаа гэх мэдээллийг Шерпа нар монгол дахь уулчдад ирүүлээд байгаа аж. Харин уулчин 31 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 53 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тус оргилын 4-р баазаас гараад, 8000 мянган метрийн өндөр сураггүй болоод гурван өдөр болж байна. Тэднийг хайхаар “8K Expeditions” компанийн туршлагатай хоёр хөтөч хөдөлсөн бөгөөд “монгол уулчдыг Даваа гарагийн өглөө оргил руу авирч байхыг харсан” гэх мэдээлэл байна. Бид энэ талаарх мэдээ, мэдээллийг гаднын эх сурвалжаас эш татан шуурхай хүргэж байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Уулын спортоор 10-аад жил хичээллэсэн дээрх уулчид болон энэхүү авиралтын талаар дурдвал,

Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар уулын спортын сонирхогчоос мэргэжлийн тамирчин болж, 10-аас дээш жил ууланд авирсан туршлагатай. Ингэхдээ монгол орны ихэнх өндөр уулсын оргилд авирч, европын ноён оргилуудад мөрөө үлдээж, монголынхоо тугийг мандуулж байсан билээ. Улмаар энэ удаад хүчил төрөгчгүй дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болж, нэг жилийн турш бэлтгэл хийжээ.

Тэд аяллынхаа өмнө хэвлэлүүдэд ярихдаа:

Д.Отгонхүү

  • Бид хүчилтөрөгч багатай буюу 25-30 хувийн хүчилтөрөгчтэй орчинд авиралт хийнэ. Манай багийн онцлог хүчилтөрөгчгүй авирах. Мөн хөтөч болон шерпагийн тусламжгүй зөвхөн багаараа авирна. Гэхдээ хамгаалалтын олсыг нь ашиглана гэж төлөвлөж байгаа.

Л.Пүрэвсүрэн

  • Монгол хүнд нэг гоё чанар байдаг. Хөдөө өссөн болоод ч тэр үү багаасаа л уул хадаар гүйж сурсан байдаг. Хамгийн наад зах нь л ус аа авч, түлээгээ хагалж өссөн нь өнөөдрийн бидэнд маш их бэлтгэл болдог байсан юм болов уу гэж боддог. Авиралтаа хийгээд буцаж буугаад эх орондоо ирсний дараа “энэ жинхэнэ авиралт боллоо” гэж тэмдэглэнэ.

Мөн дээрх уулчид Эверестэд авирч буй уулчдыг 96 орчим хувь нь хүчилтөрөгч ашиглаж байсан гэх баримттай мэдээллийг мэдэж байсан ч “хүчилтөрөгчгүй авиралт хийх нь эрсдэлтэй гэхээс илүү бидний хувьд томоохон сорилт байх болно” хэмээн онцолж байв. Мөн уулчид олимпын тугийг, Монгол Улсын төрийн далбааны хамт Эверестийн оргилд мандуулахыг зорьж байсан юм.

Түүнчлэн энэхүү авиралтын багын ахлагч Спортын мастер уулчин Д.Отгонхүүг Эверестэд гарах мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, монголын “Би Ти Эф” ХХК авиралтын үндсэн зардлыг ивээн тэтгэжээ. Мөн тус багын уулчин Л.Пүрэвсүрэнд дэмжлэг үзүүлж, урам зориг өгөх үүднээс зарим иргэд донэйшн илгээж байжээ.

Ийнхүү тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр монголоос дэлхийн ноён оргил руу хүлгийн жолоо залсан юм. Харин үүнээс хойш тус авиралтын талаар өөрсдийн сошиал хуудаснаа дараах мэдээллийг нийтэлсэн юм.

Уулчин Д.Отгонхүү өөрийн сошиал хуудаснаа хамгийн сүүлд, тавдугаар сарын 5-ны өдөр /2024.05.05/ Гималайн нурууны дунд 3875 метрийн өндөрт байрлах “Tengboche” хийдэд хүрч, монгол дээл өмсөн “Монгол хүн байна даа” хэмээн нийтэлсэн байдаг. Харин уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар аяллаа эхлүүлснээс хойш өөрсдийн сошиал хуудаст тодорхой мэдээлэл нийтлээгүй байгаа юм.

Мөн дөрөвдүгээр сарын 20-н орчимд гималайн уулсын нэгэн оргилд дээрх багын гишүүд бусад монгол уулчдыг хамт амжилттай оргилдож, цааш үндсэн байгаараа явсан аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *