Сэлэнгэ аймагт болох “Музейн өдөр”-т оролцохоор явж байсан иргэд осолдож хоёр нь амиа алдаж, гурав нь хүнд гэмтжээ
Өнгөрсөн бямба гарагт буюу тавдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын замд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн гурван хүний биеийн байдал хүнд, аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тодруулбал, жил бүрийн тавдугаар сарын 18 -ны өдрийг “Дэлхийн музейн өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
хотод болох арга хэмжээнд орон нутгаас оролцох гэж замд гарсан иргэд ийнхүү зам тээврийн осолд орсон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Мөн дээрх
харамсалтай хэргийн улмаас “Музейн өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймагт зохиогдох гэж байсан бүх арга хэмжээ цуцлагдсан байна.
Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, хурдаа тохируулж, архи согтууруулах ундаа
хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.