Б.ТУЛГА: АЛТАНБУЛАГ БООМТОД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН 19, АЧАА ТЭЭВРИЙН 18, ИЖ БҮРЭН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, 6000 М.КВ НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА

0

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгаас боомтуудын бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.

-Боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэх  бодлогын хүрээнд ямар бүтээн байгуулалтууд хийж байна вэ?

-Засгийн газраас “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл болох Боомтын сэргэлтийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж буй. Тухайлбал, Замын-Үүд боомтын барилга угсралт болон зорчигч тээврийн цогцолборын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ачаа тээврийн хэсгийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна. Гашуун сухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн нэг, дөрөвдүгээр хэсгийг өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 23-нд ашиглалтад орууллаа. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард дуусгаж, Улсын комисс хүлээн авсан. Цагааннуур, Булган, Хавирга боомтод Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр боомтын барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ. Төслүүдийн хүрээнд одоо байгаа боомтын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх юм. Мөн 13 боомтын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Дэлгэрүүлбэл, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийх зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг энэ онд ашиглалтад өгнө.  Боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажил бүрэн дууссанаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэх ба өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин өснө. УИХ, Засгийн газраас баталсан бүсчилсэн хөгжлийн бодлого нь боомт руу хөрөнгө оруулалтыг татаж, боомтоор дамжуулан худалдааг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тиймээс Монгол Улс боомтын статусаа тодорхой болгох, цаашлаад бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт, суурин хотын эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар боомт дагасан хотыг бий болгоход онцгойлон анхаарч байна. Тодруулбал, хүн амын хэтийн төлөвийг тооцож боомтын төлөвлөлтийг хийж, ирээдүйн боомт дагасан хот бий болгохтой уялдуулан бүтээн байгуулалтын зураг төслийг хийж, гүйцэтгэсэнд дээрх төслийн ач холбогдол оршиж байна. Тухайлбал төлөвлөлтийн хугацаанд Алтанбулаг сумын хүн ам 19 мянга орчим болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

-Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулжээ.  Ямар боломжийг нээж өгч байгаа вэ?

-Боршоо боомтын зорчигч, суудлын болон ачааны автомашины нэвтрэх хүчин чадал зургаа дахин нэмэгдэж, өдөртөө 1500 хүн, 1000 автомашин зорчих боломж бүрдсэн.  Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн. Боршоо нь ОХУ-тай хиллэдэг, авто замын боомт юм. Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулах ажлыг удахгүй эхлүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *