Аудитын орон тоог 130 албан хаагчаар нэмэгдүүлэх шаардлага байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.24/ хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулга хийв. Төрийн аудитын байгууллага жилд дунджаар 4900 орчим аудит гүйцэтгэдэг бөгөөд эдгээрт давхардсан тоогоор 12 мянган байгууллага хамрагддаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасан цаглаврын дагуу санхүүгийн аудитад зарцуулж буй хугацааг сүүлийн 3 жилийн дунджаар үзэхэд нэг санхүүгийн аудитад 2.2 хүн өдөрт зарцуулж байгаа нь хэт богино хугацаа бөгөөд энэ нь аудитын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Мөн хүний нөөцийн дутмаг байдлаас шалтгаалж цаг хугацаандаа аудит хийгдэхгүй, аудитын эрсдэл өндөр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар жилд дунджаар 90-130 автомашины байгууламж, гүүр, зам, засварын ажлууд болон концессын 2-3 ажилд аудит хийж, дүгнэлт өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна гэв.
Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн зэрэг аудит хийхийн зэрэгцээ гүйцэтгэлийн аудитад зайлшгүй мэргэшсэн инженер, төсөв санхүүгийн тусгайлсан мэргэжилтэн, хүний нөөц, олон улсын чанартай гэрээ хэлцэл, төсөл, хөтөлбөрт ажиллах олон улсын эрх зүйн шинжээч шаардлагатай байдаг тул Төрийн аудитын тухай хуулийн дагуу зөвлөх шинжээч авч ажиллуулдаг. Төсвийн тухай хуулийн цаглаварт хугацааны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийхэд орон нутаг дахь төрийн аудитын байгууллага 10-12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь тухайн орон нутагт аудит хийхэд хүндрэлтэй байгаа аж. Тиймээс төрийн аудитын байгууллагын орон тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд орон тооны дээд хязгаарыг 130 албан хаагчаар нэмэгдүүлэх саналыг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн юм байна. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Аудитын байгууллагын орон тоог нэмэх асуудал нь яаралтай хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш тул дараагийн Засгийн газар бүрэлдэн, төсөв тодотгох үеэр ярилцах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв. Улмаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.