“Өрх толгойлсон ээжийг 30-40 саяын орлоготой гэж тооцсон

0

Хүүхдийн мөнгийг олгохдоо иргэдийн орлогыг буруу тооцсон талаар ээжүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.01.23/ мэдээлэл хийлээ.


Ээжүүдийн төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн халамжийн яаманд шаардлага хүргүүллээ. Тэд “Манайхыг 30-40 сая төгрөгийн өрхийн орлоготой гэж тооцоолсон. Нийт 10 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг. Би оюутан хүү, бага насны охинтойгоо амьдардаг өрх толгойлсон ээж. Тэгээд миний амьдралыг мэдэх хороо, нийгмийн даатгал дээрээ очтол “Та 10 сая төгрөгийн татвар төлөх боломжгүй юм байна” гэсэн. Би ганцаараа гурван хүүхдээ тэжээж, их дээд сургуульд суралцуулж, үнэнч шударгаар амьдарч байхад халамжаас хасч байгаа нь шударга бус. Миний амьдралыг таньдаг мэддэг хүмүүс мэднэ. Би маш их гомдолтой, бухимдалтай байна” гэдгийг хэлж байв.

“МАНАЙ ӨРХИЙН ОРЛОГО МИНИЙ САРЫН ЦАЛИН, БАГА ХҮҮХДИЙН МААНЬ ТЭТГЭМЖ”

Чингэлтэй дүүргийн иргэн Я.Баяраагаас хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй талаар тодрууллаа. 

-Танайх хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадсан уу. Хамрагдаж чадаагүй бол ямар шалтгааны улмаас хасагдсан бэ?

-Би хорооны халамжийн мэргэжилтэн дээрээ очсон чинь дүүргийн нийгмийн даатгал, татварын хэлтэст очоорой гэсэн. Тэгээд мэдээллээ очоод шалгуулахаар танайх 30-40 сая төгрөгийн орлогогүй, 10 сая төгрөгийн татвар төлөх хэмжээний өрх биш байна гэсэн. Хамгийн сүүлд нийгмийн даатгал төлсөн хуулбар, цалингийн тодорхойлолтоо аваад халамж дээрээ очиж, зөрүүтэй мэдээллээ арилгаарай гэсэн.

Гэтэл төв халамжийн газар нь “Та И-Монголиа системд дахин хүсэлт гаргаж, бүртгүүлээрэй. Бид мэдэхгүй” гэдэг хариултыг өгч буй. Тэгж тэгж явсны эцэст хүүхдийн мөнгөндөө ч хамрагдаж чадсангүй. Би төрд маш их гомдолтой байна.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх гурван хүүхэдтэй. Би өрх толгойлсон ээж. Том охин маань их сургуулиа энэ жил төгсч, тусдаа амьдарч байгаа. Дунд хүү маань оюутан, бага хүүхэд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Сая хичээл сургууль амрахаар нь бага хүүхдээ өдөр өнжүүлэхэд явуулсан. Оюутан хүүгээ амрахаар нь дадлагыг нь хийлгэхгүй дүүг нь харуулж байна.

Манай өрхийн орлого миний сарын цалин, бага хүүхдийн маань тэтгэмж. Хүүхдийн мөнгө өрхийн амьдралд их нэмэртэй. Би мөнгийг нь хадгалж чадахгүй хоол хүнс, нүүрс түлээгээ авна гээд амьдралдаа хэрэглэдэг.

-Машин, байртай юу?

-Гэр хороололд амьдардаг. Машин байхгүй. Би өнөөдөр ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаа болохоор хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна. Өнөөдөр хүүхдээ мэргэжил сургуультай болгох гэж шударгаар хөдөлмөрлөж явна. Эсвэл ганц бага насны хүүхэдтэй болохоор боломжийн амьдралтай гэж тооцоод байгаа юм уу. Надад хүмүүсийн хэлээд байгаа ипотекийн зургаа, найман хувийн байр нь ч алга. Байртай болох юмсан гэж мөрөөдөөд ч чадахгүй явна.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн М.Цэцэгбадам:

-Манайх ам бүл гурвуулаа. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Манай өрхийн мэдээлэл И-Халамж сайтад дөрвүүлээ, И-Монголиа системээр шалгахаар манай ам бүл дээр ээж, төрсөн дүү маань бүртгэлтэй болчихсон байсан. Тэгсэн үл хөдлөх хөрөнгө дээрээ гурван машин бүртгэлтэй болчихсон. Мэдээллээ заслаа гэсэн чинь бүр дөрвөн машинтай болгочихсон. Өрхийн орлого тооцож байгаа бол өрхийн зээлийг яагаад тооцоолж болоогүй юм бэ. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг төрийн албан хаагч.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *