Монголд мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулна

0

2014-2019 онд Сатрепс хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Монгол улсын мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулиуд хамтын ажиллагаагаа дахин эхлүүллээ.

Тэд адууны аж ахуй, адууны тоо толгойгоор давамгайлдаг, мөн хил орчмын экспортын бүс нутаг, адууны нийлүүлгийн өвчний халдварлалт ихтэй 4 аймгийг сонгон “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” төслийг 2025 -2029 оны хооронд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Шинжлэх ухаан, технологийн газраас санхүүжүүлэх юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төсөл хэрэгжүүлэх багийн төлөөллийг 2024 оны 05-р сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Сонгосон 4 аймагт нийлүүлгийн өвчнийг бүрэн эрүүлжүүлэх, адууны үржил селекцийн ажилд зохиомол хээлтүүлэг зэрэг сонгомол үржүүлгийн орчин үеийн аргуудыг нутагшуулан,

  • адууны нийлүүлгийн өвчний оношилгоо,
  • хяналтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар дээрх аймгуудын адуун сүргийг өвчнөөс эрүүл бүс болгох,
  • суурин болон хагас суурин эрүүл адууны аж ахуйнуудыг дэмжин экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд төсөл чиглэх ажээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь манай улсын голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжин ажилладаг. Тус байгууллагын “Тогтвортой хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа Сатрепс хөтөлбөр нь” нь дэлхийн олон оронд хэрэгждэг бөгөөд манай улсын Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй 2 дахь төсөл нь юм.

Сатрепс хөтөлбөрийг өөрийн улсад хэрэгжүүлэх хүсэлтэй дэлхийн 100 гаруй улс жил бүр салбар бүрийн төслөө ирүүлдэг гэнэ. Энэ онд мал аж ахуйн салбарт ирсэн 22 төслөөс Мал эмнэлгийн хүрээлэнгийн төсөл шалгарч чаджээ. Энэ удаагийн төслийг хамтран хэрэгжүүлэх Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулиуд 1997 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Төслийн хүрээнд хоёр талын судлаачид эн тэнцүү судалгаа хийж үр дүнгээ хуваалцах юм.

Төслийн үр дүнд адууны өвчлөл, түүний дотор адууны нийлүүлгийн өвчний халдварын байдлыг тогтоож адууны эрүүл мэндийг хамгаалах болон үржлийн ажилд биоинженерчлэлийн аргыг нутагшуулан халдварт өвчний хяналтын тогтолцоо, генетикийн нөөцийн менежементийг боловсронгуй болгох замаар Монгол улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж Монгол улсын засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.

Төслийн Япон талын удирдагчаар Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Инуе Нобору, менежерээр Япон улсын Обихирогийн Их сургууль Эгэл биетэн судлалын үндэсний төвийн профессор Ёкояама Наоаки, Монголын талын удирдагчаар Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, зохицуулагчаар малын их эмч Ph.d Б.Баттөр, малын их эмч Ph.d др Ц.Мөнхтуул нар ажиллах юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *