Ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ
Зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироон ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 21-ний өдрийн 23.54 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт “Эрэгтэй хүн зам дээр хэвтэж байна” гэх дуудлага ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход замын нэгдүгээр эгнээнд, ухаангүй хүн хэвтэж байжээ. Алба хаагчид нийслэлийн Түргэн тусламжийн газарт дуудлага өгч үзүүлэхэд түргэний эмч зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэл гэж урьдчилан мэдэгдсэнээр Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тавдугаар сарын 22-ны 00:16 цагт ирж хойшлуулаагүй ажиллагааг явуулсан байна.
Шалгалтын явцад 50 настай, эрэгтэй Ц-г, 23 настай, эрэгтэй нь Т нь автомашинаар дайрч, дээгүүр нь гарч, хэргийн газрыг орхиж явсан нь тогтоогдсон байна. Хохирогч нь амь насаа алджээ.
Дээрх газар нь хяналтын камергүй байсан бөгөөд орой болсон учир хэргийг харсан хөндлөнгийн гэрч, нотлох баримт бүрэн бүрдүүлэх боломжгүй байв. Ийнхүү алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтсан хэргийг богино хугацаанд илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.