Шинжээчид: Алт, мөнгө, зэсийн үнэ үргэлжлэн өсч, түүхэн дээд хэмжээнд хүрнэ
Алтны үнэ дээд цэгтээ хүрч, даваа гарагт спот алтны үнэ нэг унц нь 2449.89 ам.долларт хүрлээ.Мөн мөнгөний ханш өнгөрсөн долоо хоногийн эхээр зэсийн адил олон жилийн дээд цэгтээ хүрсэн. Шинжээчид ирэх 12 сарын хугацаанд дээрх гурван металлын үнэ үргэлжлэн өсөхийг онцоллоо. Үнэт болон үйлдвэрийн металлын өсөлтөд юу нөлөөлөх вэ Алт одоогоор 2351.3 ам.доллароор арилжаалагдаж байна. Ам.долларын ханш дахин суларч, АНУ-ын төрийн сангийн өгөөж буурсантай холбоотойгоор шар металлын үнэ өсөх эрчээ хадгалсаар байгаа талаар ANZ саяхан гаргасан тэмдэглэлдээ дурджээ.”2024 оны нэгдүгээр улиралд Хятадын алтны эрэлт огцом өссөн нь үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн” гэж ANZ-ийн стратегичид бичжээ. Хятад улс 2023 онд Энэтхэгийг гүйцэж, дэлхийн хамгийн том алтан эдлэл худалдан авагч болж, одоогийн байдлаар гулдмайн эрэлт тэргүүлж байна.Мөн Хятадын хэрэглэгчид алт худалдан авалтаараа тэргүүлж, өнгөрсөн онд 603 тонн алтны үнэт эдлэл худалдан авсан нь 2022 онтой харьцуулахад 10 хувиар өссөн байна гэж Дэлхийн алтны зөвлөл мэдээлжээ. Хятадын үнэт эдлэлийн эрэлт энэ жил өндөр түвшинд буюу 2023 онтой харьцуулахад бүр ч өндөр байх төлөвтэй байгаа аж. UBS-ийн стратегичид өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ есдүгээр сарын эцэс гэхэд унц алтны ханш 2500 ам.доллар, оны эцэс гэхэд 2600 ам.долларт хүрнэ гэж таамаглалаа. UBS-ийн үнэт металлын стратегич Жони Тэвэс даваа гарагт CNBC-ийн “Street Signs Asia” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Бид алтны шинэ дээд амжилт үргэлжилнэ гэж бодож байна” хэмээжээ.Алтны “ үеэл” мөнгө яах вэҮнэт металлын судалгааны зөвлөх “Metals Focus” компанийн захирал Никос Кавалис CNBC-д өгсөн ярилцлагадаа “Мөнгө бүр ч илүү сонирхолтой байна. Алтыг гүйцэж түрүүлж чадсан” гэжээ. Зах зээл илүү тогтворжиж, алтны ханш өсөх хандлагатай байх тусам хөрөнгө оруулагчдын ихэнх нь мөнгө рүү шилжиж байгаа аж. Өнгөрсөн лхагва гарагт мөнгө унц нь 31 ам.доллароос дээшлэн арав гаруй жилийн дээд хэмжээнд хүрэв. Одоогоор нэг унц нь 31.6 ам.доллароор арилжаалагдаж байна.Зэс “авирч”, дараа нь “мөлхөв”Өнгөрсөн мягмар гарагт зэсийн үнэ ч мөн адил гялалзаж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд буурсан. Одоогоор нэг тонн нь 10,256 ам.доллараар арилжаалагдаж байна. Томоохон үйлдвэрлэгч Англо Американ компани зардлаа бууруулахыг эрмэлзэж байгаа тул 2024, 2025 онд зэсийн үйлдвэрлэлээ бууруулна гэж мэдэгджээ. “Ирэх 12-18 сарын хугацаанд зэсийн үнэ 12 мянган ам. доллар, 15 мянган тонн хүрэх замдаа байгаа гэдэгт бид итгэлтэй хэвээр байна” гэж Citi-ийн стратегичид таамаглаж байна.Эх сурвалж: CNBC