Х.Баттулгын сценари, Х.Тэмүүжингийн сенсаци!
Хуулийн хугацаатай уралдан зарласан улс төрийн намуудын дэвшигчдийн альбом олныг талцуулав. Нам намаараа, нам доторх фракц эвслээрээ, дэмждэг, дэмждэггүйгээрээ хуваагдсан хэрүүл хэдэн өдрийн турш үргэлжилж байна. Сонгууль хүртэл олон нийтийн сүлжээ улс төрийн улаан хэрүүлд автах нь ойлгомжтой. Учир нь, “Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно”.
МАН-ын хувьд ялалтын хундагаа тулгах нь холгүй, нөгөө талд АН ялагдлын цагаан тугаа өргөх нь холгүй байна. Нэр дэвшигчдийнх нь альбом тойрсон хэрүүл, маргаан яван, явсаар АН үнэнч дэмжигчдээ хоёр хуваалаа.
Ардчилсан нам хэнтэй байлдаанд орж байгаагаа огтхон ч ойлгоогүй байгаа шинжтэй. Урьдын адил нам нь намынхаа гишүүнийг намнадаг үйл явдал дахин давтагдаж байна. 2020 оны сонгуулиар АН-ынхан С.Эрдэнийнхээ эсрэг ажилласан нь МАН-д үнэмлэхүй ялалт авчирсан. Үнэт зүйлээсээ татгалзсан АН-ын асуудал Монголын ардчилалд хямрал дагуулах хэмжээнд гүнзгийрч байна. Хүнээр бол АН 30 гарсан ч “том болоогүй”, байгууллагаар хэлбэл тэнд компанийн соёл, бүр засаглал алга. Үндсэндээ, АН улс төрийн институци болж төлөвштлөө хаа ч байсан юм байна. Нэр дэвшүүлэгчийнхээ нэрсийг нэг шөнийн дотор хоёр, нэг долоо хоногийн дотор хэд, хэдэн удаа сольсон нам АН-аас өөр байна уу. МАН-ыг бүр орхиё гэхнээ ХҮН болон Н.Номтойбаярын Үндэсний эвслийг хар. Ямар ч байсан АН шиг цус, нустайгаа холилдохгүйгээр нэр дэвшигчдээ зарлачихаж байна.
Даваа гаригт Төрийн ордонд АН-ын “өргөтгөсөн фракц”-ын хийсэн хэвлэлийн хурлын үеэр сөрөг хүчний дарга Л.Гантөмөрийн хэлсэн үг хөвөгч сонгогчдыг намаасаа үргээх үндсийг тавилаа. АТГ-аас нүүрсний гол сэжигтэн гэж зарласан 17 хулгайчийн тэргүүнд заларсан Х.Баттулгыг сонгуулийн тугаа болгон мандуулж болохгүйг уг нь намын даргын хувьд эрхбиш сайн мэдмээр.
Түүний энэ саймшрал Х.Баттулгын дэмжигчдэд зориулагдсан байхыг үгүйсгэхүй. Гэхдээ Монголд Х.Баттулгын фанатууд цөөнгүй байдагчлан Женког эсэргүүцэгчид тэднээс ихдэнэ үү гэхээс бас дутахгүй юм.
ХАДНЫ ДУНД ХАВЧУУЛАГДСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА!
Тавдугаар сарын 20-ны 24:00 цагтай уралдан уншсан АН-ын нэр дэвшигчдийн нэрс шөнө дунд өөрчлөгдсөн нь өнөөдрийн маргааны гол үндэс. Жагсаалтад бичигдсэн нэрс замдаа солигдож, зааланд огт дурдагдаагүй хүн АН-ын альбом дотор орсон нь “хуйвалдааны онол”-ын гол хулгайч нь хэн бэ? гэсэн асуултын тэмдэг үлдээв. Тэр хэрээр Л.Гантөмөрийн урвасан, уймарсан байдал нь АН-д асар сөрөг пиар боллоо.
Нэг талаасаа МАН-ын, нөгөө талаасаа Женко.Баттулгын, бүр хажуугаасаа “Нэг Монгол” болоод “МонДе” фракцийн дунд хавчуулагдсан Л.Гантөмөр эцсийн бүлэгт олон хүнийг мурисны дотор комедиан Д.Амартүвшин, С.Баярцогт, Б.Хурц нар багтаж байгаа юм. Эндээс харахад Л.Гантөмөр Женко.Баттулгатай гар барих гарцаагүй нөхцөлд орсон бололтой. Энэ нь түүнд хожмоо том гай дагуулахыг тооцсон байлгүй.
СЕХ хэдийгээр АН-аас ирүүлсэн 32 дугаар тогтоол бүхий нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хүлээн авсан ч энэ нь бүртгэж авсан гэсэн үг бас биш. Гэхдээ мэдээж АН-гүй сонгууль гэж юу байхав. Ардчилсан улс болж харагдахад АН гэж жийргэвч МАН-д хэрэгтэй.
Жагсаалтын есдүгээрт хүч түрэмгийлэн орсон хуульч Х.Тэмүүжин анх 2012 онд АН-ын жагсаалтын гуравт, Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дараа бичигдэж, “ногоон гэрэл”-ээр парламентын гишүүн болж байсан юм. Тэрбээр ахин жагсаалтын ард нуугдан УИХ-д орж ирэхийн тулд С.Баярцогттой барьцаж, намдаа төдийгүй нийгэмд багагүй маргаан үүсгэсний үр дүнд АН-д Х.Баттулга эрх мэдлээ тулгаж, тунхаглах нь цаг хугацааны асуудал болов. Үүнийг чоно борооноор, Женко дүйвээнээр гэнэ. Х.Тэмүүжингийн тарьсан сенсаци үндсэндээ Женко.Баттулгын тавьсан сценарийн нэг хэсэг нь юм.
Тэр тусмаа хэвлэлийн бага хурал дээр Л.Гантөмөрийн хэлсэн “Х.Баттулга бол ялагдаж үзээгүй Ерөнхийлөгч” гэх бялдуучлал энэ намыг нэг мөсөн ялагдал руу нь түлхсэн. Шатраар бол Л.Гантөмөр гурван нүүдлийн цаадахыг даанч харж чадсангүй.
АЛААГҮЙ БААВГАЙН АРЬСАН ДЭЭРХ ЗОДООН
МАН-д Хэнтийн бүлэглэл бяр хүчээ гайхуулж буй бол АН-д “Увс фракц” гэж дүрэмгүй, “ном”-гүй бүлэглэл гарч ирж байна. АН-ын дарга Л.Гантөмөр өөрөө Увсынх. Тэгвэл АН дахь мөнгөтэй, нөлөөтэй, хамгийн хор, ховтой фракц болох “Нэг Монгол”-ын гол санхүүжүүлэгч “ТЕСО”-гийн эзэн О.Цогтгэрэл мөн Увсынх. Тус фракцийн тэргүүн нь Н.Ганибал агаад С.Одонтуяа, Ш.Адьшаа, Ц.Туваан, Б.Бейсен зэрэг намдаа тэргүүлэх баячууд бүгд “Нэг Монгол”-ынх. Дээр нь тус фракцынхан Женко.Баттулгатай нэн ойр шадарладаг. Ямар сайндаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын даалгавраар С.Эрдэнийг эсэргүүцэн тэд төв талбай дээр өлсгөлөн зарлаж хэвтэх билээ. Энэ нь “Нэг Монгол” фракц Х.Баттулгын үгнээс нэг их гажихгүй гэсэн үг.
Тэдэн дээр “МонДе” фракцын Д.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар нэмэгдсэнээр “Увс фракц” АН-д хүч, нөлөөгөө тэлсээр байгаа. Тиймдээ ч С.Баярцогтын листийг булааж авах нь Х.Тэмүүжинд илүү хялбар бас амархан байсныг үгүйсгэхгүй. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг нь байгалийн хууль хойно. Нөгөө талаар С.Баярцогт, Б.Пүрэвдорж хоёрын дундуур гүйлгэсэн хар муур нь спикерийн суудал байлаа. АН ялна гэж яаж тооцсон юм, ялсан нөхцөлд гэж ямар чөтгөр нь Б.Пүрэвдоржид энэ албан тушаалыг амалсныг мэдэхгүй. Яажч харсан, бодсон ч Б.Пүрэвдоржид спикер болох боловсрол болоод зангараг байхгүй, С.Баярцогтод ийм зорилго байгаагүй. Юу үнэн, энэ үнэн.
Ямар ч байсан АН-ынхан алаагүй баавгайн арьсан дээр хөнжилдөө жийлцэж сууна. Хэрэвзээ энэ байдлаараа баавгай агнавал АН байшингаа шатааж мэдэхээр хүмүүс аж. Энэ сонгуульд АН ялбал албан тушаалын хэрүүл ирэх дөрвөн жил тасрахгүй үргэлжилж магадгүй. Тэгвэл засаглалын тогтворгүй байдал үүсч, Үндсэн хуулийн хямрал руу гулсч мэднэ.. Ийм дүгнэлт тэдний үг-үйлдлээс төрсөн.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар намын гишүүн С.Баярцогтыг хэвлэлийн хурлаар олны өмнө дүүжлэх нь холгүй хуурай агсам тавихдаа “Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой” гэсэн нь хүний үг үү, өөрийнх нь үг үү, мэдэхгүй юм. Хүний үг бол хэн нэгэн хүчин АН-ынхны гараар АН-ыг намнаж байна гэсэн үг. Угаасаа АН-ыг АН-ынхнаар “алуулдаг” гадаад, дотоод хүчин бий. Харин өөрийнх нь үг мөн бол О.Амгаланбаатар яаж бүхэл бүтэн нэг аймаг удирддаг хүн бэ гэсэн асуулт тавигдаж буй юм. Учир нь, С.Баярцогт “Дубайн гэрээ болон Эрдэнэтийн 49 хувьтай ямар ч холбоогүй”-г тус намын гишүүн Ч.Отгочулуу бичсэн байна лээ. АН-ынхны эл үйлдлийг С.Баяр “нялхсын зүүний өвчин эмгэг” гэж тодорхойлсон нь товч агаад онож туссан дүгнэлт байлаа.
ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголын Путин болох мөрөөдөл нь замхарсан Х.Баттулгыг Төрийн ордонд эргэн ирэх замыг зассанаараа Л.Гантөмөр өөрийнхөө хойдохыг уншуулж байгаатай ялгаагүй үйлдэл юм. Хэрэвзээ Х.Баттулга тойрогт ялж, парламентын гишүүн болох аваас жагсаалтын ард нуугдсан Л.Гантөмөрөөс тамгаа өлхөн салгаж авахтайгаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг, одоо яая гэхэв. Эрх мэдлийн төлөө Х.Баттулга ихэд улайрчихсан яваа, У.Хүрэлсүх ч түүний цаашдын улс төрийг зогсоож дийлэхгүйд хүрч мэднэ.
Женко тэрбээр Л.Гантөмөртэй “тосоо гартал тэврэлдсэн” нь С.Баярцогтыг улс төрөөс шахахын тулд юм. Тэр Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёрыг ердөө могойд барьдаг модоо болгосон хэрэг. Тиймээс ч АН-ын нэр дэвшүүлэх үйл явц, өнөөдрийн хэрүүл маргаан Х.Баттулгын зурсан замын зургийн дагуу өрнөж байна.
Х.Баттулгын улс төрийн “comeback” ганц Л.Гантөмөрт халтай юм биш. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын ирээдүйн заналт дайсан нь болно, гарцаагүй. Тамирчин хүний хувьд Х.Баттулга сүүлчийн мэхээ хэзээ хийхээ сайн мэддэг. Сая л гэхэд АН нэр дэвшүүлэгчдээ зарлахтай зэрэгцээд нэрээ Хангайн бүсийн тойрогт шахаж оруулсан. АН-ын дарга Л.Гантөмөр түүнтэй уулзахын тулд Баянголын зочид буудлыг өөрөө зорьдог гэхээр тэр АН-д ямар нөлөөтэй, хүчтэй байгаа нь тодорхой юм.
Сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн доголон нугасны зовлон эхлэх байх. Учир нь, У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа яг дундаа орж буй.
Гурван жилийн өмнө У.Хүрэлсүх Төрийн ордонд Х.Баттулгад гэнэтийн сюрпириз барьж, түүнийг төрхөмд нь буцаан, өөрөө энэ өндөрлөгт хүрч ирсэн. Түүнээс болоод тэд хоорондоо гар зөрүүлсэн гэх яриа улс төрийн хачир болж байлаа. Тиймээс Женко.Баттулга цээжинд нь зэв амтагдуулсан гашуун явдлаа мартаагүй яваа биз. Тээр олон жилийн атаа хорслоо С.Баярцогт дээр хэрхэн хэрэгжүүлж байгаагаас харвал Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гурвын хэн нь ч энэ зовлонг дайрч магадгүй. Магадгүй гэдэг болзошгүй эрсдлээс сэргийлэх сануулга төдий. Эцэст нь тэнэг хүн л дайсандаа буу өгдөг. Тэр тэнэгийн эхнийх нь Л.Гантөмөр. Дараагийнх нь У.Хүрэлсүх болох вий дээ. Монголын төрд Женко.Баттулга орж ирвэл Москвагийн төсөл амжилттай хэрэгжсэн гэсэн үг.